Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Лхамсүрэнгийн Төрбаяр
Удирдах зөвлөлийн дарга, Сангийн тэргүүн.

Дамдинсүрэнгийн Урианхай

Дэлхийн Урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор, Монголын Философийн холбооны тэргүүлэгч гишүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай 1940 онд Булган аймгийн Уньт суманд төрсөн.


1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит “Улс ардын аж ахуйн дээд сургууль”,
1978 онд М.Горькийн нэрэмжит “Утга зохиолын дээд сургууль”-ийн Дээд курсыг төгссөн.
1979 онд "Халуун зуны сүүдэр" туужаараа МЗЭ-ийн шагнал,
2002 онд “Зүүд ба улаан нулимс” туужаараа шилдэг бүтээлийн “Алтан-Өд” шагнал,
2003 онд “Шөнийн онгоц” шүлгээрээ “Болор цом” наадмын тэргүүн шагнал,
2005 онд “Ауровиндаагь”, “2-1=0” буюу “Харанхуйд харагдахгүй” жүжгүүдээр “Алтан-Өд” шагнал,
2007 онд “Огтлолцохуй” постмодерн шүлгийн түүврээр “Алтан-Өд” шагнал
2013 онд “Цонхоор харсан хүн” абсурд, парадокс жүжгээрээ “Гэгээн муза” академийн дээд шагнал “Гэгээн муза”-г тус тус хүртжээ.

X

Дөнгөтийн Цоодол

Төрийн соёрхолт, ардын уран зохиолч, яруу найрагч

1944 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн. 1976 онд намын дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр,

1983 онд ЗХУ-д Горькийн нэрэмжит Утга Зохиолын Дээд сургуулийн дээд курсыг дүүргэсэн.

1979 онд "Тогоруун цуваа" номоороо МЗЭ-н шагнал,

1996 онд "Нутгийн зургаан өнгө" "Он жил" ном, "Тэнэг", "Харамчийнхан" дуулиараа төрийн шагнал,

1984, 1993, 1997 онуудын “Болор цом”-ын эзэн,

2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол,

2009 онд Ардын уран зохиолч цолыг тус тус хүртжээ.

X

Гомбожавын Мэнд-Ооёо

Дэлхийн Урлаг Соёлын Академийн байнгын гишүүэ, Утга зохиолын доктор, дэлхийн утга зохиолын "Поет лаурет" цол, алтан титэмт яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн

1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төржээ. 1978 онд УБДС төгссөн. Монголын Соёл Яруу найргийн Академийн тэргүүн Г.Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгаал, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг.

1996 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 1998 онд "Алтан овоо", "Утгын болор сүм" номоороо МЗЭ-ийн шагнал,

2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубын шагнал,

2002 онд "Оны шилдэг зохиолч" шагнал авсан.

X

Лутын Лхагважав

Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, ахмад багш Лутын Лхагважав 1942 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн.

Тэрбээр 1965 оноос эхлэн Идэр сумынхаа сургуульд багшилж эхэлснээс хойш Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Ургамал, Булнай, Тосонцэнгэл сумдын сургуулиудад Монгол хэл, Уран зохиолын багш, хичээлийн эрхлэгч зэрэг ажлыг хийж, тасралтгүй 40 гаруй жил багшилсан хөдөөгийн жирийн сэхээтэн, ясны багш, нэртэй сурган хүмүүжүүлэгч билээ.

Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор Д.Баттогтохын хэлсэнчлэн Лхагважав багшийг шашин, соёлыг түгээн дэлгэрүүлэгч, үндэсний өв уламжлал, ёс заншлыг судлан сурталчилагч, хөдөө амьтай, хөдөөх соёлтой, жинхэнэ монгол сурталтай сумын багш, эрдмийн зэрэг цолгүй л болохоос бус, төвд, монгол, тод бичгийн хэлтэй, жинхэнэ эрдэмтэй судлаач, орхимжгүй болохоос овоо зэгсэн номтой лам хүн ч гэж хэлж болно.

Тэрбээр Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди 2004 оны 105-р зарлигтаа жил бүрийн 5-р сарын эхний ням гаригийг Монгол бичгийн баяр болгохоор айлдсан зэргээс улбаалан Идэр сумандаа Монгол хэл, бичгийн олимпиадыг өөрийн нэрэмжит болгон зохион байгуулж эхэлжээ.

2009 оноос түүний шавь нарын үүсгэн байгуулсан Боловсролыг дэмжих “Лхагважав” сан энэхүү олимпиадыг ивээн тэтгэж зохион байгуулах болж, Улаанбаатар хотоос хэл шинжлэлийн эрдэмтэн докторууд, нэрт зохиолч, яруу найрагчдыг урьж оролцуулан эх хэлний гайхамшгийг сурталчлах болсноор цар хүрээ нь тэлж нийт Завхан аймгийн хэмжээний олимпиад болсон төдийгүй Хөвсгөл, Говь-Алтай аймгаас ч багш, сурагчид ирж оролцдог эх хэлний баяр болон өргөжиж байна.

Л.Лхагважав багш 2006 онд Хамба номун хан Я.Жамбалдорж Гэгээнтэний 120 насны сүүдэр тохиосны ойд зориулж “Хамба номунхан Жамбалдорж” хэмээх түүх судалгааны томоохон бүтээл болон 2010 онд өөрийн 1960-аад оноос эхлэн бичсэн шүлэг, найруулал, өгүүллэг, тэмдэглэл, эсээ, нийтлэл зэргээс түүвэрлэн “Үүц нөөц” гэх зэрэг даацтай номууд туурвиж, төвийн сонин хэвлэлд хэд хэдэн анхаарал татахуйц, сонирхолтой нийтлэл хэвлүүлжээ.

X

Дашлхүмбийн Галбаатар

Профессор Д.Галбаатар 1972-1976 онд Багшийн сургууль төгсөж 1976-1978 онд ЕБС-д бага ангийн багш, 1978-1983 онд МУИС-ийн ХБФ-ыг Монгол хэл, утга зохиол судлаач, багш мэргэжлээр төгсөөд 1983-1988 онд Ховд Их Сургуулийн Монгол хэл уран зохиолын тэнхимд багш,

1987-1988 онд ОХУ-ын Москвагийн Их Сургуулийн Уран зохиолын онолын тэнхимд мэргэжил дээшлүүлэгч,

1989-1991 онд Москвагийн Горькийн нэрэмжит Утга Зохиолын Дээд Сургуулийн Дээд Курст сонсогч, багш,

1991-1992 онд МУИС-ийн Утга зохиолын тэнхимд багш, 1993-1998 онд Монгол Судлалын Хүрээлэн /МСДС/-гийн захирал, 1998-1999 онд Утга зохиолын тэнхимд профессор, сургалт-мэдээллийн “Авай” ТV студийн захирлаар хавсран ажиллаж, 1998-2002 онд Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд урилгын профессор,

2001-2002 оны хичээлийн жилд Японы ГХЯ-ны Дипломатын сургалтын төвд монгол хэлний багш,

2002 оноос хойш үндсэн тэнхимдээ профессороор ажиллаж байна. Профессор Д.Галбаатар “Монголын уран зохиолын шүүмжлэлийн хөгжлийн тойм” /1983/ сэдвээр магистр, “Монгол дуулийн яруу найргийн үүсэл, хөгжил, хувьсал” сэдвээр хэлбичгийн ухааны доктор \1993. Ph.D\, “Монголын уран зохиолын аргын судалгаа” сэдвээр Шинжлэх ухааны доктор \1999. Sc.D\ зэрэг хамгаалж,

1996 онд Эрдмийн Зэрэг, Цол олгох Дээд Зөвлөлийн шийдвэрээр дэд профессор, 2004 онд МУИС-ийн профессор цол хүртсэн юм. 1993-1999 МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, МХСС-ийн Эрдмийн Зөвлөлийн дарга,

2011-2012 оноос МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Профессор Д.Галбаатар монгол уран зохиолыг үндэсний явцуу хүрээнд бус дэлхийн утга зохиолын хөгжлийн явц чиг хандлага, цар хүрээнд, орчин үеийн онолын үзэл, түүхэн хөгжлийн явцтай холбож, шинжлэх ухааны үүднээс судлах, судалгааг ур чадвар, сэтгэлгээ, арга барилын хувьд дэлхийн жишиг түвшинд хүргэх арга зам, уламжлалт монгол уран зохиол, социалист реализм болон реалист бус янз бүрийн аргын үзэл онолын үүднээс үндэсний уран зохиолын түүхэн уламжлалыг нарийвчлан судлаж, онолын шинэ шинэ үзэл баримтлалуудыг дэвшүүлсэн нь уран зохиолын орчин үеийн судалгааны шинэ чиглэлийн онол-арга зүйн үндэс болж, залгамж үеийн эрдэмтэд нарийсган судлахын зэрэгцээ олон арван авъяаслаг зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, монгол судлалын салбарын багш мэргэжилтнийг бэлтгэхэд өөрийн хүч мэдлэгийг зориулж байгаа эрдэмтэн юм.

Д.Галбаатар “Монголын орчин үеийн уран зохиолын түүх”-ийн III боть \1995\, “Монголын өрнөд нутгийн хүн амын аж төрөх ёсны өөрчлөлт” /1989/ “ХХ зууны монгол зохиолчид” /99 боть цуврал/ зэрэг судалгаанд оролцон “Монголын уран зохиолын дээжис” /108 боть цуврал/ зэрэг бүтээлийн редакцийн зөвлөлийн гишүүн, дэлхийн том их сургуулиудад тогтвортой хэрэглэдэг Р.Уэллек, О.Уоррен /АНУ/ нарын “Уран зохиолын онол” /1998, 25хх/ номыг хамтран орчуулж, хэвлүүлсэн нь суралцагчдад онолын гол сурах бичиг болсоор ирэв. Сэндайн Их сургуулийн “Монголын тал нутгийн судалгаа”, “Японы Монгол уран зохиол судлалын нийгэмлэг”-ийн “Монголын уран зохиолын хэрэглэгдэхүүн” төслүүдэд оролцож,

1996-1999 онд Засгийн Газрын дэргэдэх ШУТС-ийн “Монголын уран зохиолын судалгаа” төслийг удирдаж БНХАУ-ын Бээжингий Төвийн Үндэстний Их Сургуультай хамтарсан “ХХ зууны Монгол улс, Өвөрмонголын яруу найргийн түүх” төслийн монгол талын удирдагч, Өвөрмонголын Их сургуулийн профессоруудтай хамтарсан “ХХ зууны Монгол уран зохиолын түүх“ \крилл үсгийн ангид зориулсан түүхийн сурах бичиг\ хамтарсан төслийг удирдаж байна.

Д.Галбаатар “ХХ зуун-Модернизм-Сонгодогууд” /1996/, “ХIХ зууны төгсгөл, ХХ зууны эхэн үеийн Оросын модернизм” /1997/ хоёр дэвтэр бүтээл нь Засгийн Газрын дэргэдэх ШУТС-гийн шилдэг бүтээлийн шагнал, “Уран зохиолын нэр томъёоны тайлбар толь” /Ш хэвлэл.18хх/ МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит шилдэг бүтээлийн тэргүүн шагнал, “Монголын уран зохиолын онол, түүхийн зангилаа асуудлууд” /УБ.36хх/ ганц сэдэвт бүтээлүүд нь 2001, 2002 оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал хүртсэн. Д.Галбаатар 1994-1998, 2002-2007 онд Монгол улсад Хэлбичгийн ухаанаар дэд доктор /Ph.D/, Шинжлэх ухааны доктор /Sc.D/-ийн зэрэг хамгаалуулах зөвлөл, 2002 оноос МУИС-ийн дэргэдэх Хэлбичгийн ухааны доктор /Ph.D/ хамгаалуулах зөвлөлийн гишүүн, ШУА-ийн дэргэдэх Хэлбичгийн Шинжлэх ухааны доктор хамгаалуулах зөвлөл, 2002-2009 онд Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн шагналын хороо, МУИС-ийн МХСС, МУИС, СУИС-ийн эрдмийн зөвлөл, МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн. Профессор Д.Галбаатарын эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх ажлын амжилтыг үнэлж “Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагнал” /2001/, “Боловсролын тэргүүний ажилтан” /2003/, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” /2004/, Монгол Улсын Гавъяат багш /2009/ цол хүртсэн юм.

X

Дийзгарын Баттогтох

Боловсрол:

1975 онд нийслэлийн 28-р сургуулийг дүүргэж, 1975-1979 онд УБДС-ийн монгол хэл - уран зохиолын ангид суралцан, багш мэргэжлээр төгссөн.1995 онд “Монгол бичиг заах аргын уламжлал, шинэчлэл” сэдвээр СХУ-ны дэд докторын зэрэг хамгаалж, 2000 онд УБИС-ийн дэд профессор, 2006 онд профессор цол хүртсэн.

Ажлын туршлага:

1979-1980 онд Завхан аймгийн Сонгино сумын дунд сургуульд багш,

1980-1981 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан,

1981-1985 онд Ховд дахь УБДС-ийн Монгол хэлний тэнхимд багш,

1985-1987 онд УБ хотын Сүхбаатар дүүргийн захиргаанд соёлын асуудал эрхэлсэн зохион зааварлагч,

1987 оноос одоог хүртэл СХУ-ны хүрээлэн (хуучин нэрээр), Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, аргазүйч, ахлах ажилтнаар ажиллаж байна. Бүтээл (тоогоор): Боловсруулсан хууль дүрэм, үзэл баримтлал, сургалтын хөтөлбөр, стандарт 13, нэг сэдэвт зохиол 2, судалгааны төслийн тайлан 9, судалгааны ном 15, ЕБС-ийн сурах бичиг 10, заах аргын зөвлөмж, гарын авлага, толь бичиг, сургалтын материал 18, эрдэм шинжилгээ-заах аргын өгүүлэл 60 гаруй, илтгэл 29, эмхтгэл, дээж бичиг, толь бичиг, ТЭМ тест зэрэг ном 18, эрхэлсэн ном 45, хамтын зохиогчоор 8 номд оролцсоноос гадна удирдаж хамгаалуулсан диплом, магистрын ажил 9, Ph.D диссертацид албан ёсны 5 шүүмж бичсэн, 2 хүний доктор (Ph.D)-ын ажил удирдаж хамгаалуулсан.

Шинжлэх ухаан, Боловсролын хөгжилд оруулсан бусад хувь нэмэр: Монгол хэл шинжлэл (Эрдэм шинжилгээний зохиолын найруулга. 2007, Үгийн ширэнгээр бэдрэхүй. 2009, Үлгэрээс үүдсэн хэлцийн толь” 2011), Уран зохиол судлал (Ойрд монголын аман зохиолын дээж. 1994, Элдэв эсээ. 2009, Эсээ бичих эрдэм 2011, Зуун зүйр үгийн задлал. 2005, 2007), Монгол бичгийн судлал (Монгол бичгийн заах аргын зарим асуудал. 1993, Монгол бичгийн гайхамшиг оршвой. 2001, 2013,), Монгол утга соёлоор (Таван эрдэнийн тэгш сүрэг мину. 2009, Монгол эдийн соёл. 2010, Монгол гэрийн нэрийтгэл, утга соёлын товчоон. 2012), Ардын сурган хүмүүжүүлэх ухаан (Монгол ардын гэрийн сургууль 2002, Уламжлалт сурган хүмүүжлийн лекц. 2006, 2008, Үр хөвгүүнийг сургах ёсон. 2009, Монгол үндэстний хүмүүжүүлэн сургах ухааны хураангуй нэвтэрхий толь, 2013)–аар хэд хэдэн ном бичсэний зэрэгцээ дээрх хичээлүүдийн боловсролын стандарт, хөтөлбөр боловсруулж, зөвлөмж, сурах бичиг, сургалтын материал нэлээдийг зохиосон.

Монгол хэл-уран зохиол-монгол бичиг-ёс заншлын багш нар, Сургуулийн нийгмийн ажилтан, судлаач багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, багш нарт зөвлөн тусалдаг. Түүнчлэн монголын боловсролын түүх, ардын сурган хүмүүжүүлэх ухаан, монгол ёс заншил, ардын аман зохиол, уламжлалт сургалт, ёс зүй, ёс суртахууны боловсролыг өнөөгийн сургууль сургалтанд нэвтрүүлэх талаар санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа судлаач эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч багш болно. 8. Гишүүнчлэл: Боловсрол судлалын шинжлэх ухааны академийн гишүүн, Монголын хэлбичгийн багш нарын холбооны нарийн бичгийн дарга, Монгол хэлний улсын олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүн, Боловсролын хүрээлэн, “Орхон” их сургууль, “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургууль, Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Эх хэлний боловсрол соёлыг дэмжих “Л.Лхагважавын нэрэмжит Үлэмж эгшиглэн сан”-гийн удирдах зөвлөлийн гишүүн.

X

Бороохойн Батхүү

Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Бороохойн Батхүү 1959 онд Завхан аймгийн Сонгино суманд төрсөн.

НАХЯ-ны хилийн цэргийн “Эх орны манаа”, Завхан аймгийн “Туяа” сонины сурвалжлагч, Монголын радио, “Монголын залуучууд” зэрэг хэвлэл мэдээллийн газарт ажиллаж байсан.

Ерээд оны ихээр дархан хилийн төлөө хөдөлгөөний “Гал голомт” сониныг эрхэлж улмаар уран зохиол, уран сайхны “Гэгээн судар” сониныг санаачилсан. Уран бүтээлээ далаад оноос эхэлж “Нүүдлийн түрүүч”, “Холын хол”, “Гэгээн алс”, “Амьдрал өөрөө”, “Бэртэй болох цаг”, “Ноён шүлэг”, “Хуучин найз” зэрэг шүлэг, өгүүллэг, туужийн номууд бичсэн. Сэтгүүлзүйн төрлөөр олон бүтээл туурвисан. Монголын зохиолчдын эвлэлийн шагналтай.

“Бороо”, “Тэр минь анхны дуу”, “Отгонтэнгэр”, “Уулс аав”, “Идэр их мөрөн”, “Цэрэг ах” зэрэг олон дуу нь нийтийн хүртээл болжээ. Тэрбээр одоо “Эзэн хот Улиастай”, “Миний он жилүүд” романаа туурвиж байна.

X

Ёндонжавын Эрдэнэцэцэг

1952 онд Баянхонгор аймгийн “Галуут” суманд сэхээтний гэр бүлд төрсөн. 1975 онд УБДС-ийн МХУЗ-ын ангийг төгсөж багшийн мэргэжил эзэмшснээс хойш 38 дахь жилдээ ажиллаж байна.

Тэрээр өөрийн мэдлэг боловсрол, ур дүй, авьяас чадвараа байнга дээшлүүлж улс, хот, дүүргээс багш нарын дунд зохиогдох ажил мэргэжил ур чадварын уралдаанд удаа дараа түрүүлж байсан идэвхи санаачлагатай тэргүүний багш юм. Тухайлбал: “Монгол бичиг-93” улсын уралдаанд тэргүүн байр эзэлж “Улсын аварга багш”, 1999 онд “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд мэргэжлийн багш нарын ангилалд тэргүүн байр эзэлж 2 дахь удаагаа “Улсын аварга багш”-аар шалгарсан. 1990 оны “Нийслэлийн тэргүүний багш”, 2003 онд “Нийслэлийн мэргэжлийн аварга багш”, 2004 онд ЧД-ийн “Хөдөлмөрийн аварга”, “Монгол хэл-Уран зохиолын мэргэжлийн аварга”-аар тус тус шалгарч 1990 оноос “Зөвлөх багш”-аар ажиллаж байна.

Сүүлийн 16 жилд бийр болог уран бичлэгийн төрөлд оюутан, сурагчдаа сургаж 6-н удаа хамтарсан үзэсгэлэнгээ гаргажээ. Үүнд:

1.“Монгол бичиг XX зуун” 2001 онд

2.“Монгол бичиг- 20 жил” 2003 онд

3. “Бүтээлч багш” 2006 онд

4. “Боловсрол-80 жил”

5. “Билгийн зул-Монгол бичиг” 2006 онд

6. “Бийрийн бичгийн гайхамшиг” 2008 онд

7. 2009 онд Төрийн ордонд уран бичлэгийн үзэсгэлэнгээ тус тус гаргасан.

Багш Ё.Эрдэнэцэцэгийн сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийг өндрөөр үнэлж 1989 онд “Аргазүйч”, 1991 онд “Боловсролын яамны хүндэт жуух”, 1995 онд “Боловсролын тэргүүний ажилтан”, 2000 онд “Алтан гадас” одонгоор, 2006 онд “Монгол Улсын Гавъяат Багш” цол, тэмдгээр тус тус шагнагджээ.

Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх их үйлст олон жилийн хөдөлмөрөө зориулж, шавь нартаа эцэг өвгөдөөс үе уламжилсан соёлын дээжээс хүртээж хүнлэг, ариун, нандин эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж, эх соёлоо хүндэтгэн дээдлэхэд тасралтгүй 38 жилийн хөдөлмөрөө зориулсан ахмад багш юм.

X

Өлзийбаярын Оюунхүү

Ө.Оюунхүү: 1976 онд төрсөн.
Төгссөн сургууль, мэргэжил: МУИС МХСС, судлаач багш.

Ажилласан байдал:
- 1998-2008: Тэнгэр ДС- багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга
- 2008-2012: МУИС-ийн МХСС-ийн Монгол хэлний тэнхимд хичээлийн туслах ажилтан, хэл зүй, бичгийн хэлний багш
- 2012 оноос ШУТИС-ийн УУИС-д САА

Бүтээл: Ном, сурах бичиг

- Илт өгүүлэх нэрийн толь (2000),
- Монгол бичгийн сурах (2001)
- Төвд хэл бичгийн сурах (2002)
- Төвд ардын үлгэр (төвд-монгол зэрэгцүүлсэн эх) (2003)
- Сургаалын зохиолууд (төвд-монгол зэрэгцүүлсэн эх) (2004)
- Монгол ардын үлгэр (крилл-монгол зэрэгцүүлсэн эх ) (2005)
- Монгол ардын домог (крилл-монгол зэрэгцүүлсэн эх ) (2006)
- Монгол хэлний ойролцоо үгийн толь (2007)
- Гадаад үгийн монгол бичгийн товч толь (2008)
- Монгол хэлний зөв бичгийн дүрмийн товч толь (2009)
- Mongolian tradition at a galance (2010)
- Бодь сэтгэл төгссөн хөх хоолойт Саран хөхөө нэрт шувууны тууж орчлон бүхнийг зүрхэн үгүй хэмээн мэдэгчдийн чихний чимэг хэмээх оршвой (төвд, монгол харьцуулсан судалгаа) (2011)

Бүтээл: Эрдэм шинжилгээний өгүүлэл

- Илт өгүүлэх нэрийн судалгаа, ТДС-ийн Эрдэм шинжилгээний бичиг №2
- “СХТ”-ийн орчуулгын зарим асуудалд, Монгол судлал, 600-607
- “СХН” тууж ба жүжгийн зохиолын харьцуулсан судалгаа., Монгол судлал XXXIV (360) 2012, 283-291
- “СХТ”-ийн түүхийн баримтууд., MONGOLIA: Area and culture studies. Vol 1 (368), 2012, 167х
- СХН дуулалт жүжгийн зохиолын зарим асуудалд., Монгол судлалын чуулган №13 (48) 2012, 183-192х

Эрдмийн ажлын сэдэв

Магистр: Төвд хэлт зурхайн бүтээлийн илт өгүүлэх нэрийн судалгаа
Доктор: Саран хөхөөний туужийн Дай гүүш Агваандампилын орчуулгын хэлний судалгаа

Шагнал

- 1997 он: Япон орныг хэн сайн мэдэх вэ? Уралдааны 2-р байр
- 1998 он: Монгол хэл, бичгийн улсын уралдааны 2-р байр
- 1999 он: УБИС-ийн Оюутны эрдэм шинжилгээний хурлын 3-р байр
- 2000 он: МУИС-ийн Оюутны эрдэм шинжилгээний хурлын 3-р байр
- 2001 он: МУИС-ийн Эх бичиг судлалын бүтээлийн уралдааны 2-р байр
- 2002 он: ТДС-ийн тэргүүний багш
- 2003 он: ТДС-ийн тэргүүний багш
- 2004 он: Хан-Уул дүүргийн тэргүүний багш
- 2005 он: ТДС-ийн “Бүтээлч” багш
- 2008 он: Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан

X

Ойдовын Бадмаадорж

Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны Хамба шавийн буюу Одоогийн Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн нутаг Идэрийн голын “Ухаа эрэг” хэмээх газар 1956 онд Хамба гэгээний бараа бологч гавьж Ойдовын 3-р хүү болон мэндэлсэн. 1964 Идэр сумын бага сургуульд элсэн суралцаад 1971 онд МХЗЭ-ийн илгээлтээр Идэр сумандаа малчин болж 3 жил мал малласан төдийгүй сум, аймгийн аварга малчин болж байсан.

1974 онд Ардын цэргийн албанд татагдан очиж НАХ-Яам жилийн цэрэгт их чадлын радио операторчноор ажиллаж 1977 онд цэргийн албаа хаагаад Тосонцэнгэл сумын холбооны салбарт кабель шугамын техникчээр ажиллаж байгаад 1980 оноос Тээврийн техниккумд суралцаж төгсөөд 1981-1990 оны хооронд Завхан аймгийн тээврийн удирдах газарт авто тээвэр ашиглалтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 1990 оноос бие даан шашин соёлын түүх судалж, уран бүтээл туурвиж байгаа болно.

1987 онд “Хаврын уянга”, 2010 онд “Эртний удам” яруу найраг, 2011 онд “Тарнитай ном”, 2013 онд “Халх монгол оронд анх шашны иш олсон нь” зэрэг бүтээлүүдээ хэвлүүлсэн байна.

2012 онд 1586 онд Энэтхэгийн орноос Автай хааны анх залж ирсэн Бурхан багшийн шарил эрдэнийг сурвалжлан Богд хааны ордон музейгээс олж монгол улсын засгийн газарт 2012.02.16 нд хүлээлгэн өгсөн.

2004 онд Улсын 1-р зэргийн зурхайч
2006 онд Олон улсын зурхай судлалын төвийн гишүүн
2007 онд Монгол зурхай судлалын доктор
2008 онд Зүүн бүсийн Боловсрол судлалын төвийн хүндэт доктор болсон.
Одоо Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны шашин соёлын түүхийн тухай судалгааны ажлыг эрэлхийлэх хийж байгаа бөгөөд эхнэр Оюунгэрэл, 2 хүү, 3 охиныхоо хамтаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5-р багт хувийн мал аж ахуй эрхлэх амьдардаг.

X

Цэдэндоржийн Төвшинтөгс

1967 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн. Тэрбээр:
1975 – 1985 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль,
1987 – 1992 онд СУИС-д суралцаж, дуулаачийн мэргэжил эзэмшсэн,
1996 онд Итали улсын Триест хотод мэргэжил дээшлүүлсэн,
2003 - 2005 онд МУЗГХА Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын менежер,
2005 - 2007 онд СУИС-ийн урлаг судлалын магистр,
2008 онд “Монголжингоо” дээд сургуулийн дэд профессор,
2007 оноос СУИС-ийн докторантур.


Ажлын дадлага туршлага:
1992 – 2007 УДБЭТеатрт гоцлол дуучин,
2006 оноос СУИС-ийн Дуулах ур зүй, уран чадвар, дуурийн тавилын багш,
2006 оноос Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын даргын үүргийг гүйцэтгэж байна.
Мөн түүнчлэн:
- Урлагийн тэнгэр сонины үүсгэн байгуулагч,
- МУЗГХА, Соёл Урлагийн хорооны мэргэжлийн зөвлөлийн гишүүн,
- Монголын Урлагийн ажилтны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,
- Монголын Урлагийн ажилтны холбооны Дууны нийгэмлэгийн тэргүүн,
- Дуурийн хүрээлэнгийн захирлаар өнөөг хүртэл сонгогдон ажиллаж байна.
Гавъяа шагнал:

Ц.Төвшинтөгс нь “Учиртай гурван толгой” дуурийн Улсын II уралдаанд Юндэнгийн дүрээр тэргүүн шагнал, нийтийн дууны “Морин хуур” уралдааны 1992, 1996, 2009 онуудад тэргүүн байр, 1997, 1998, 1999 онуудад дэд байр, “Цагаан лавай” дууны уралдаанд “Сүүдэр цармын цэцэг” дуугаар тэргүүн байр, “Зөвхөн Монголдоо” дуугаар тэргүүн байр, “Хонгорзул” сонины нэрэмжит “Хайрын дууны наадам”-ын тэргүүн байр, Б.Шаравын “Чингис Хаан” дуурийн Чингис Хааны дүрээр 2003 оны Шилдэг уран бүтээлчийн шагналыг тус тус хүртсэн. Түүнчлэн:

1997 онд МУГЖ,
2000 онд Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг,
2009 онд МХЗХолбооны тэргүүн дээд шагнал,
2009 онд Нийслэлийн тэргүүн дээд одон “Хангарьд”,
2009 онд НИТХ, НЗДТГ-ын “370 жилийн ойн медаль”,
2010 онд МУЗН-ийн “Энэрэл” алтан медаль,
2011 онд Хэнтий аймгийн “Хан Хэнтий нутгаа хөгжүүлье – Хүндэт тэмдэг”,
2011 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”,
2011 онд МАН-ын “Тусгаар тогтнол” одон,
2012 оны 01 дүгээр сарын 25-нд Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнуулсан.

X

Тогтохын Сэр-Од

Тогтох овогтой Сэр-Од нь 1975 оны 2-р сарын 26-д Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт мэндэлсэн. 1982- 1990 онд Хөвсгөл аймгийн Ханх сумын 8 жилийн дунд сургууль, 1990- 1994 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийн хөгжмийн салбар, Хөгжмийн багшийн коллежийг багш мэргэжлээр, 1994- 1998 онд Соёл Урлагийн Их Сургуулийн хөгжмийн зохиолч, судлаачийн ангийг Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, хөгжим судлаач Т.Жандал нарын удирдлаган дор, 1999- 2001 онд БНХАУ-ын Шанхай хотын хөгжмийн консерваторын хөгжмийн зохиолчийн ангийг доктор, профессор Ин Мин Ву-ийн удирдлаганд дээд курсээр тус тус төгссөн. 2003- 2011 онд СУИС-ийн магистрантурт суралцаж, хөгжим судлаач, доктор Д.Энхцэцэгийн удирдлаган дор “Монгол төрийн хөгжмийн их найралын түүхэн уламжлал, шинэчлэл” сэдвээр урлаг судлалын ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2012 онд ИЗОУИС-ийн Хүндэт доктор цол хүртсэн. Хөгжмийн багш, судлаач, зохиолч мэргэжилтэй. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.

1993- 1994 онд Нийслэлийн 99 дүгээр цэцэрлэгт, 1995- 1996 онд Нийслэлийн 45-р сургуульд хөгжмийн багш, 1996- 1997 онд СХУ-ы коллежийн хөгжмийн факультетэд хөгжмийн онолын багш, 1997- 1998 онд Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуульд хөгжмийн багш, 1998- 1999 онд СУИС-д хөгжмийн онол, судлалын багш, 2001- 2005 онд ҮДБЭЧ-т хөгжмийн удирдаач, зохиолч, 2001- 2012 онд СУИС-ийн хөгжмийн онолын тэнхмийн багш, Хөгжмийн урлагийн сургуулийн уран сайхны удирдагч зэрэг ажил эрхэлж байсан.

Дуу болон дуулаачид зориулсан 400 орчим, дан хөгжмийн 50 гаруй, тайз дэлгэцийн хөгжмийн 20 орчим бүтээл туурвисан бөгөөд оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын 2 удаагийн тэргүүн шагнал, “Алтан намар” хөгжмийн наадмын 5 удаагийн шагнал, театрын их баяр “Гэгээн муза” наадмын 2 удаагийн тэргүүн шагнал тус тус хүртэж байсан бөгөөд хөдөлмөр, уран бүтээлийг маань төр, засгаас өндөр үнэлж 2005 онд Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, 2007 онд Хөгжмийн Зохиолчдын Холбооны Тэргүүн дээд шагнал, 2010 онд “Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор тус тус шагнасан юм.

X

Базарсадын Элбэгзаяа

Загал тойн овгийн Нигаагийн Базарсадын Элбэгзаяа нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг Эхэн Хавцгайт хэмээх газар төрсөн.

1997 онд МУИС-ийг «Монгол хэл, уран зохиол судлаач-багш» мэргэжлээр дүүргэж, 2003 онд УБИС-д хэл шинжлэлийн ухааны магистр зэрэг хамгаалжээ.

Сэтгүүлчийн гараагаан 1990-ээд онд Баянхонгор аймгийн «Шинэ зам» сонины идэвхтэн-сурвалжлагчаас эхэлж, «Хайран сайхан бөх минь», «Бич сүүлээн шарвадаг, тахиа өрвөлгөөн сэгсэрдэг», «Пунцагийн Сүхбатад арслан цол олгоё», «Даллага», «Эцгээс өвлөх эрдэм», «Бүгчимдэхүйн бүсэд», «Сөг сөг Цагаан богд хийгээд тэмээчин бүсгүйн нутгаар» зэрэг шилдэг нийтлэлүүд, «Бодол хөрвөжих цаг», «Ижийдээн бичсэн захидал», «Өвс мэхийх дорно» уран бүтээлийн ном хэвлүүлжээ.

Сэтгүүлзүйн шилдэг уран бүтээлээрээ МСХ-ны «Ган үзэгтэн», «Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан» цол тэмдгээр шагнагдсан. 1997 оноос «Хүмүүн бичиг» сонины эрхлэгчээр ажиллаж байна.

X

Норовын Гантулга

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хөшөөтийн гол, Арцын Улаанхад гэдэг газар 1983 онд төрсөн. Хишиг-Өндөр сумын Ш.Гаадамбын нэрэмжит 10 жилийн сургуулийг 2001 онд, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг 2005 онд төгссөн.

2005 оноос Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны даргаар ажиллаж байна. “Тусгаар тогтнол-2004”, “Алтан Оюухай”, “Аморэ”, “Эх орны цэрэг”, “Эх орон танаа” зэрэг яруу найргийн томоохон уралдаануудын Алтан цом, “Болор цом-2008” наадмын IV байр, “Болор цом- 2010” наадмын III байр, “Болор цом-2013” наадмын тэргүүний байрын шагнал тус тус хүртсэн.

Монголын Соёл, яруу найргийн академийн дээд шагнал болох “Pegasus” цол тэмдэг, Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, Азийн сэтгүүлчдийн холбооны дээд өргөмжлөл, “Ган үзэгтэн” шагнал, “Ардын дууны Адараа минь”, Д.Урианхай “Шагналд тодорхойлохгүй байх нь надад шагнал юм” хөрөг нийтлэлүүдээрээ сэтгүүл зүйн оны шагнал хүртэж байсан.

X

Алтангэрэлийн Мягмаржав

Завхан аймгийн Идэр сумын нутагт 1955 онд төрсөн. МУИС-ийн Политехникийн дээд сургууль, Намын дээд сургууль, Москвагийн улсын их сургууль, Хэвлэлийн хүрээлэнд суралцсан. Барилгын инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Техникийн ухааны магистр, Монгол улсын барилгын зөвлөх инженер.

Мэргэжил, нутаг шүтээн, яруу найргийн арав орчим номын зохиогч, хамтран зохиогч, редактороор ажилласан. Хорин жил сэтгүүлчийн хөдөлмөр эрхлэхдээ “Барилгачин” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Монгол өргөө” сонины эрхлэгч, “Ардын эрх” сонины сурвалжлагч, тоймч, “Өнөөдөр” сонины албаны дарга, орлогч эрхлэгч, Монголын радиогийн мэдээллийн “Хурд” агентлагийн захирлын албыг хашиж, 14 жил барилгын салбарт ажиллахдаа Сайд нарын Зөвлөлийн Барилга, архитектурын комисс, Барилга-архитектур, техник хяналтын улсын хороо, Улсын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт барилгын улсын байцаагч хийсэн.

МЗЭ, МСНЭ-ийн нэрэмжит шагнал, “Ардын эрх” сонин, радиогийн шилдэг бичлэгийн шагналтай. Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, Монгол улсын Аварга барилгачин, Тэргүүний барилгачин, Радио, телевизийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын хүндэт жуух бичиг, ЗТБХБЯ-ны хүндэт жуух бичиг, “Ган үзэгтэн”, Хэвлэлийн эрх чөлөөний одон, “Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Завхан аймгийн болон Идэр сумын хүндэт иргэн.

Монголын барилгын инженерүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн хяналтын зөвлөлийн даргын сонгуультай.

Одоо Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажилладаг.

X

Дарьсүрэнгийн ДарьСүхбаатар

Д.ДарьСүхбаатар 1962 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрж өссөн.

1980 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Улсын тэргүүний 10 жилийн дунд сургуулийг төгсөөд Герман (хуучнаар БНАГУ) улсад Техникийн их сургуульд суралцсан.

1987-1990 онд Политехникийн Дээд Сургууль, Улсын Багшийн Дээд Сургуульд суралцаж физик-математикийн багш мэргэжил эзэмшсэн.

1991 онд Монголын Ардчилсан Чөлөөт Сэтгүүлчдийн Эвлэлийг нөхдийн хамт байгуулсан.

1985 оноос төв, орон нутгийн сонин хэвлэлүүдэд эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилал, шударга ёсны талаар олон арван нийтлэл бичсэнээ “Дорнын хувьсгал”, “Язгуур тэнгэр” нэртэй ном болгон эмхэтгэсэн. Улс төрийн шинжлэх ухааны магистр.

Шүлэг яруу найргийн “Тэнгэр язгуур”, орчуулгын уран бүтээлийн “Сүнс бүхнийг хардаг” ном хэвлүүлсэн. Тус бүтээлүүдээрээ 2012 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртсэн.
1999 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл, Алтан гадас одон
2008 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
2011 онд Сүхбаатарын одонгоор шагнуулсан.

Гишүүнчлэл:

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл, Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах Зөвлөлийн гишүүн
Монголын Олимпийн Боксын Холбоо, Монголын Үндэсний Сурын Холбоо, Монголын Боулингийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн
Нүүдлийн Соёл Иргэншлийн Академийн жинхэнэ гишүүн
2009 оноос Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг-ЗТБХБЯ-ны Газрын харилцаа, Барилга, Геодези, Зураг зүйн Газрын дэд дарга бөгөөд Газрын харилцаа, Хот байгуулалтын Албаны дарга, ОССК-ын дэд захирлаар, 2013 оноос Монгол улсын Засгийн Газрын тохируулагч Агентлаг ОБЕГ-ын дэд даргаар хурандаа цолтой ажиллаж байна.

X

Баастын Золбаяр

Ховд аймгийн Чандмань сумын уугуул. МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгсч, Удирдлагын академид магистрын зэрэг хамгаалжээ. 2000-2009 онд «Өдрийн сонин»-д албаны дарга, 2009-2011 онд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2011-2012 онд УИХ-ын даргын хэвлэл мэдээлэл, олон нийтийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллажээ.

Уран бүтээлийн «Бүтэн» /2004/, «Бүлээн» /2006/ ,«Бүгээн» /2012/, «Хүмүүн» /2012/ номууд туурвисан. «Бүтэн», «Бүлээн» нь «An Entirety» нэртэйгээр англи хэлнээ орчуулагджээ. 2009 онд «Бүтэн», «Бүлээн» бүтээлүүдээрээ МЗЭ-ийн шагнал, 2012 онд «Бүгээн» номоороо шилдэг бүтээлийн «Алтан өд» шагнал хүртжээ.

X

Лхамсүрэнгийн Амарбат

Сэтгүүлч, орчуулагч Лхамсүрэнгийн Амарбат нь 1974 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн. Тэрээр Идэр сумын 10 жилийн дунд сургууль, улмаар Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийг Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгсчээ.

1996 оноос 2009 онд Монгол улсын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас англи хэлээр эрхлэн гаргадаг “Монгол элч” (the Mongol messenger) сонинд сэтгүүлч, орчуулагчаар тасралтгүй ажилласан. Одоо “Шинэ Азиа” группийн Тамгын газрын захирлаар ажиллаж байна.

X

Бадамдарийн Энх-Амгалан

Б.Энх-амгалан 1965 онд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн. 1973 онд дунд сургуульд элсэн орж улмаар 1983 онд ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн.

1983-1987 онд Гал түймэртэй тэмцэх газар гал сөнөөгчөөр ажиллаж, 1987-1992 онд СУИС-ийг төгссөн.
1995 оноос Нийслэлийн “Дөрвөн уул” радиод нэвтрүүлэгчээр, 1996-2002 хүртэл UBS TV-д ассистент найруулагч, найруулагчаар ажилласан. Улмаар 2002 оноос “Анд энтертайнмент” студийг байгуулан ажиллаж байна. 2011 оноос одоог хүртэл Монголын Шинжлэх Ухааны Баримтат Кино Бүтээгчдийн Нийгэмлэгт удирдах зөвлөлийн гишүүн, найруулагч, зураглаачаар ажиллаж байна.

X

Самданшаравын Нарантуяа

1962 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн. Тэргүүлэх зэргийн багш, Улс төр судлалын магистр.
1978 онд Идэр сумын 8 жилийн дунд сургууль,
1980 онд Тосонцэнгэлийн 10 жил,
1984 онд Ховд дахь УБДС төгссөн.
2009 онд МУИС-ийн Улс төр судлалын магистр хамгаалсан. Тайвань улсад Төрийн захиргааны удирдлага, Швед улсад Нутгийн өөрийн удирдлагын чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
1984-1989 онд Тосонцэнгэл хотын 10 жилийн сургуульд ХЗЭ-ийн хорооны дарга, багш,
1989-1991 онд Баянхайрхан суманд Пионерийн ахлах удирдагч,
1991-1998 онд Отгон суманд хичээлийн эрхлэгч ,
1998-2000 онд Отгон суманд ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга,
2000-2005 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,
2005 оноос аймгийн ЗДТГ-т боловсрол соёлын бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.

Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдсон. 2003 онд Боловсролыг дэмжих “Лхагважав” сан, 2006 онд “Гал голомт “ үндэсний хөдөлгөөний Завхан аймаг дахь салбар, 2006 онд Эмэгтэйчүүд төрийн бус байгууллагуудын “Өрнөх хөгжил” сүлжээ, 2010 онд “Очирваанийн эгшиглэн” Морин хуурын төв зэрэг төрийн бус байгууллагуудыг үүсгэн байгуулж орон нутагт төр- хувийн хэвшил- иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх талаар санаачлагатай ажиллаж байгаа.

МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, Ардын хувьсгалын 80, 90 жил, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Завхан аймгийн Хүндэт тэмдэг, “Боловсролын тэргүүний ажилтан”, Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан байна.

X

Пүрэвжавын Оюунгэрэл

1962 онд Идэр суманд төрсөн.

1978 онд Идэр сумын 8 жилийн сургууль,

1980 онд Тосонцэнгэл 10 жилийн дунд сургууль

1985 онд Ховдын УБДС-ийг Хими-биологийн багш

мэргэжлээр төгссөн. АБТ-ний ажилтан цол тэмдэг, арга зүйч багш, багшийн алдар медаль, эрх чөлөөний одон, ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнагдсан. Монголын багш нарын анхдугаар зөвлөлгөөний төлөөлөгчөөр сонгогдон оролцсон, тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй, одоо дунд ангийн сургалтын менежерээр ажиллаж байна.

X

Банзрагчийн Ренчинсамбуу

1962 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн.

1970-1978 онд Завхан аймгийн Идэр сумын 8 жилийн сургууль,

1970-1983 онд Архангай аймаг дахь БНБС-ийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн.

1984 оноос Идэр сумын бүрэн дунд сургуульд биеийн тамирын багш, бага ангийн багшаар ажиллаж байна. 2009 онд Аймгийн “Тэргүүний дасгалжуулагч” болсон Ахлах багш, Багшийн алдар медаль, “Спортын алдар” медалиар шагнагдсан, заах аргач зэрэгтэй.

2011 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан

2011 онд Волейболын спортын дэд мастер цол тэмдгээр тус тус шагнагдсан.

X

X