Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Б.Элбэгзаяа: Үлэмжийн зургаан зурвас

Аян замын тэмдэглэл

 

“Үлэмж” нэрийн тухай өмнөтгөн үгүүлэхүй

 

 

 

Эх хэлний боловсрол, соёлыг дээдлэн дэмжигч “Лхагважав” сангийн удирдлагууд ярилцаад, сангийнхаан нэр болоод зорилго үйл ажиллагааг өөрчлөн өргөтгөхөөр болж, сангийн тэргүүн, “Шинэ Азиa” группийн ерөнхий захирал Л.Төрбаяр ах ажилтнуудынхаан дунд шинэ нэр сэтгэж олох уралдаан зарласан юмсанжээ. Уул уралдааныг дүгнэхэд, шинэ тутам ажилд орсон нэгэн бүсгүйн уламжлан мэдүүлсэн “Үлэмж эгшиглэн” хэмээх нэр чихнээ содон туссан байна. Тэгээд саяхь нэрийг сангийн нэр болгон авах нь зүйтэй хэмээн тогтжээ.

 

 

Дараахан нь сангийн Удирдах Зөвлөлийн хурал болж, бид тэнд “Үлэмж эгшиглэн” хэмээх содон нэрийг анх удаа сонссон билээ. Шавь нар нь багшийнхаан ач буяныг дээдэлж, түүнээн алдаршуулахын учирт “Лхагважав сан” гэж анх үүтгэсэн хэрэг. Харин одоо... Ингээд өөрчилчихөөр хөдөөх буурал багш нь гомдохгүй байгаа даа. Сэтгэлийн толтод нь эмзэглэлтэй тусах юм биш биз... Хурал үргэлжилж, сангийнхан дүрмээн баталж байх завсар, бичигч бээр ийнхүү бодол болон суувай. Захирал ахад үүнээн дуулгаваас санаа зовсон шинж мэдрэг үгүй ажээ. Баттогтох доктор дэргэд сууж байсан. Түүнээс “Лхагва” гэдэг чинь монгол хэлээр юу билээ” хэмээвээс тэрбээр, санаандгүй асуултад тулгамдсаных уу тоймтой юм хэлсэнгүй ээ.

 

 

Орой нь гэртээн хариад, толь шүүн нягталваас үнэхээр өдөр тархинд зурсхийсэнчлэн “Лхагва” нь монголоор “Үлэмж” гэсэн үг мөн байлаа. Тийм ээ. Лхагва-Үлэмж, Лхагважав сан-Үлэмж эгшиглэн” сан. Эгшиглэн гэдэг үгэнд басхүү эх хэл соёлын эх, төрөлх хэмээх санаа, бүр нарийвчилбал эгшиг /эх+үсэг/ хэмээх хэлний үндсэн нэгжийн нэр ч агуулагдаж байна. Ийнхүү ерөөлөөр, сангийн нэрэнд багшийнх нь нэр уламжлан үлдэх нь тэр. Энэ тун санамсаргүй атлаан гайхам сайхан таарсан хэрэг байлаа. Мэдэхгүй нэгэнд “Лхагважав сан” нэр усаан юүлж огт өмнөө болгожээ хэмээн сэтгэгдэх боловч үнэндээн бол Лутын Лхагважав багшийн нэрийн бүтэц дэх төвд үг монгол хэлээр “Үлэмж“ болон ялимгүй дүрсээн хувиргасан л хэрэг. Тэр шинэ ажилтан сайн нэрийг, санаандгүйгээр, зөв олж өгчээ. “Үлэмж эгшиглэн” сан үндсэн зорилгоон монгол түмний эх хэлний боловсрол, соёлыг дэлгэрүүлэх, дэмжихэд чиглүүлнэ. Хүмүүний оюунд номун цагаан үйлээр гэрэл бадраана. Өөр бус олз ашиг олох бодохыг онхи огоорму.

 

 

“Үлэмж эгшиглэн” сангийнхны гэгээн зочилгоо

Сангийнхан саяхан уламжлалт, номун гэрэлт, цогт билгүүн аялалдаан гарч, зорьсон хэргээн дүүрэн төгөлдөр бүтээгээд ирлээ. Ер хүлээлт ихтэй гэгээн зочилгоо тэр бүлгээ. Жилийн жилд, зун бүхний түрүүнд ийм нэг сайхан аян биднийг яаруулж, тийм сэтгэл цэлмээсэн оюунт үйлийн зорионд аргамжааны эрч лүгээ адил хамтассаар гурван он солигдож, дөрвөн хаврын яргуй хэнзэлж дээ.

 

 

Зорьсон үйлийн нэр бас л номтой, багштай, бичиг соёлтой холбоотой. Идэрийн эх хэлний уламжлалт наадам “Багш дур мөргөмү” хэмээх өргөмж нэр, содон сондор титэмтэй. Идэр мөрний эрэг эмжээрээр ангир галуу нургин ганганаж, эмбэрч ус болж гүйцээгүй хаш эрдэнийн мөс цас нь өрөмтөн дарайна. Зуны сар гартал ийнхүү ус мөрний мөс сөхтөж байваас нутгийн малчин ардууд зундаан өрөм зөөхий өтгөн зузаан хураахын нигуур гэж шимлэн бэлгэшээдэг амуй. Уулын голын хөхөмдөг усан зах зайраар нь жир журхийн шуугилж, ааруул хуруудаан арааны шүлсээр амтланхан мэрэх мэт хоног хоногоор өмтөлж холч, аянч усаан ямх ямхаар арвилж урсму. Хаврын сүүл болж луун сар хангирсаж байгаа нь тэр. Бүх юм уламжлалаараан. Шувуу ирэх нь ч, маргааш би медаль авдаг болов уу яадаг бол гэж адгасан багачуудын баясалт шулганаан, цагаахан дэврээнд анир бүхэн дарагдан аярах нь ч, тэгснээн их мөрний шуугил хүүхдүүдийн хөөр хөхилтэй хөгжим нийлүүлэн наадмын уухай болдог ч янзаараан л...

 

 

Үсэн урт, бодлого гүн халиун буурал өвөө өрнө газрын хурдан тэрэгнээс аажуухнаа бууж ирээд өнөөх дэлхийн тэтхэл, аянч мөрний хөх уснаас тэргүүн мэхийн, магнай адислан хүртэх нь ч донжоороон. Зуны сар ч дөхлөө, усны шувуу ч ирлээ. Урианхай, Цоодол, Оюунхүү Батхүү ч мөдхөн бас шуугиад бууна даа... гэж энэ нутгийнхан Идэр мөрнийхөөн хайлан цагаар хэлэлцдэг ч болсон байж мэднэ дэг ээ.

Хоймор нутгийнхны чансаа үлэмж илүү байлаа

Зуны эхэн сарын шинийн нэгний өлзий хутгийн сайн өдрийн өглөө Идэрийн голын зүлгэн дээр эхэлсэн эх хэлний уламжлалт арван хоёрдугаар наадамд өнөө жил Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Увс, Орхон гэсэн таван аймгийн гучин зургаан сургуулийн гучин долоон багийн есөн зуу гаруй хүүхэд, багштайгаан ирж, төрөлх хэлнийхээн эрдэм ухаанаар цэц уралдуулсан юм. Эх хэлний наадмын эхлэл нээлт урьдын адил сүр жавхлантай, сайхан ч болов. Нэг гайхалтай үйл нэмсэн нь, сая мандсан тунгалаг нарны тусгал өөд хандан зогсоод, гэрэл илчийг юуг нь биедээн сацраан, хангайн чаргай нарс мэт хоёр сайхан залуу эрдүү хоолойгоор энэхүү билгүүн наадмыг нээж дуулсан явдал онцгой болой. Сонгодог урлагийн эрдмийн театрын гоцлол дуучин Э. Бумхүү, Б. Баатархүү нар хослон “Миний эх орны өглөө” хэмээх уран бүтээлээр тэнд хуран чуулагчдын чихийг мялааж, мэлмийг баясган, сэтгэлийн нь судсаар өвөрмөц уясал гүйлгэн, дуулаачийн урлагийн гайхалтай агшныг таван мэдрэхүйгээр хүртэх, ёстой л үлэмж эгшиглэнг бэлэглэсэн дээ. Мянган бээрийн тэртээд, эгэл сумын төвд ийнхүү дэлхийн сонгодог соёлын гайхамшгийг авчирч түгээж бүхүй хүмүүст тэд лав үнэн зүрхнээсээн талархсанд эргэлзэх зүйл байхгүй. Оюун билэгт хүмүүний чих сонор ертөнцийн сайн сайхныг сонсож, мэлмий нүд нь мөн тиймийг үзэж харж байхаар хосооор заяагдсан бус уу. Ийм сайхныг хүртэнэ ч гэж санаагүй нь бас үнэн агаад нүдэндээн цогтой, нүүртээн баясалтай хөдөөх багачуудад мардагдахааргүй дурсамж үлдээсэн байж таарна.

 

 

Хэн түрүүлдэг бол гэсэн гэгээн хүлээлтийн хэен хэн бүхэнд зангидагдчихаад, дүн л бушуухан гараасай хэмээх дуншаа шүүгч биднийг хүртэл эзэмдэх нь нэн ч догдлолтой. Хүн бүр л өөрийгөөн аль хэр амжилт гаргаа бол гэж ийн адгах, өгдгөөн өгчхөөд гараад ирсэн болохоор нэгэн бодлын аз бялхам мөч байдагтай хэн маргана. Хүүхдүүд түрүүчээсээн бүр хүрч ирээд, гаднын хүн орох нь байтугай ойртох ч эрхгүй шахам жаяг зарчим ноёлох шүүгчдийн өрөөний үүд хаалгыг зориглон сөхөөд дүнгээн асуух юм. Шөнө дүллэн хүлээвч тэдний шүлэг нойрын шувууд үүрээн мартаад оддын мандалд нисчихдэг ажээ.“Үлэмж эгшиглэн” сангийн эх хэлний наадмын үнэ цэнийг тодорхой гурван зүйлээр илэрхийлж болох мэт гэж үүнийг бичигч өмнө нь дурдаж байсан билээ. Тэр гурвын нэг нь шагналын сан арвинтайд буй. Өнөө жилийн хувьд гэвээс, монгол хэл бичгийн мэргэжлийн багш нарын уралдааны хөхиүллийн шан харамж хамгийн их буюу түрүүлсэн хүн хорин буман төгрөг хүртэхээр болгосон нь үнэхээрийн “үлэмж” гэхээс өөрөөр хэлж үл болом тоо хэмжээ бүлгээ. Хөвсгөл нутгийн туршлагатай, ахмад багш Д. Доржпагма бээр дээрх шагналын эзнээр тодорч, дуулиан шуугианыг Идэр мөрнийхөөн ус лугаа адил, бас түүний урсгал дагуулж нутгаан зүглэвэй.

Төрийн тэргүүнээн тодруулах сонгуулийн хариуцлагатай ажилд томилогдоод өнөө жил Идэрийн наадамдаан ирж завдаагүй, Бөхөн шарынхаан овоонд ч мөн тэр хүндэт шалтгаанаар залбирч амжаагүй Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Н. Баатар-Очиртон тэргүүлэн Мөрөн хотоос нааш хэдэн бээр давхиж, аварга багшаан, мөн тийм амжилт гаргасан сургууль хамт олноон үзэсгэлэнт Дэлгэрмөрнийхөөн гүүрэн дээр хүндэтгэн тосч угтан авсан тухай сайхан мэдээ эргэх замын үзүүрт чих чимж авай.

Монголчууд бид магнайдаан тоосгүй үлдсэн наадмынхаан хүлэг хүчтэн хоёрыг бүтэн жилээр бахархан хэлэлцдэг бэлгэтэй ард түмээн. Хаанахын, хэн гэдэг багш түрүүлэхийг тэдгээр уралдсан багш нар өөрсдөөн ч мэдэхгүй, тэр ч байтугай хамгийн гол нь шүүгчид ч тэр бүр төсөөлж бардаггүй нь энэхүү зартай наадмын хоёр дахь үнэт, сайхан зүйл нь болдог оо. Жил бүр л наадмын тэргүүн дээд шагнал эзнээн ноён нуруутай олсон тухай таатай мэдээ хөндлөнгөөс сонсож суухад эргэж хэзээ ч нөхөгддөггүй эрүүл мэндийн эм бологч нойр юугаан хасч, өдөр шөнө өнгөрөхийг үл анзааран агч шүүгч биднээ сэтгэл өегшүүлсэн таатай мэдээ болж, алжаал зовнил орхигддог юм.

Улс бүсийн уралдаан наадамд арав илүү жил өөрийгөөн “уяж сойж”, бараг төлөв “Олимпиад” хэмээх овогтой болох шахсан Увс нутгийн багш М. Мягмаржав бээр аман хүзүүдэж, сая төгрөгний эзэн болсон нь Идэрийн наадамд анх удаа оролцсон аймагтаан, өөртөөн, шавь нартаан нэр төрийг давхар бэлэглэсэн хэрэг байлаа. Зөвхөн бай шагналын нь тухайд авч хэлбэл, М.Мягмаржав багш өмнө нь оролцож байсан бүх олимпиад наадмынхаан урамшуулын нийлбэрээс ч үлж давсан мөнгө гардаж авсан болж таарч байна. Аймаг аймгийн дархан аварга багш нар улсын хэмээх сүржин нэртэй ч даржин шагналтай хотын олимпиадаас “дайжиж”, ирэх жилүүдэд Идэртээн нааддаг болж мэдэх нь. Тэгэж гэмээнэ жинхэнэ эх хэл бичгийн улсын үнэмлэхүй аваргууд эндээс төрж цолгорно. Ийнхүү тэд олж эзэмшсэн мэргэжлийнхээн хэргийг сая гаргаж, хийж бүтээсэн хөдөлмөр нь туйлын утгатай болж болох байна.Хоймор нутгийн багш нар, шавь нарынхаан хамт өнөө жил Идэрийн наадмын багийн шагнал-шилжин явах цомыг бас арван буман төгрөг дагуулан хүртсэнийг мэдээлэл болгож шигтгэсү. Мэдээжийн хэрэг, ийм амжилтын эзэн болоход Мөрөн сумын хоёрдугаар дунд сургуулийн багш Д. Доржпагмын түрүүлсэн амжилт нь шийдвэрлэхүйцээр нөлөөлсөн байж таарна.

 

 

Говь-Алтай аймаг монгол хэл бичгийн сургалт, багш нарынхаан амжилтаар улс даяарт данстай билээ. Энэ чансаа Идэрийн эх хэлний наадмаар ч нотлогдсон нь бахархалтай. 2012 онд эл наадамд түрүүлчихээд, хот руу ирж улсын хэл бичгийн олимпиадаас мөнгөн медалийн буухиатай буцсан О. Сүнжидмаа багштан өнөө жил улсын олимпиадаас алтан медалийг нь зүүчихээд Идэртээн хүрч очсон. Харин тэрбээр Идэрийнхээн наадамд, мориор юм бол “гурвалж” айрагдсан нь ганцхан жилийн дотор уг наадамд оролцогчдын хүрээ цараа хэрхэн тэлж, чанар чансаа нь даруй ямархан дээшилснийг тодлоод өгсөн билээ. Тэрбээр луу жилийн наадамд түрүүлсэн биш өөрийнхөөн нэрээр нэрлэгдсэн “Шаргын говийн Сүнжидмаа” хэмээх ардын дууны авааль хань баймаар сайхан дуу төрөхөд хүргэж, дуунд буй бүхүйгээрээн мөнхөрсөн агаад “Үлэмж эгшиглэн” сангийнхны сэтгэл шингэсэн уран бүтээл, хүн бүр мэддэг дуртай дууных нь нэг болжээ. Ийнхүү ардын дуунд алдар нэр нь мөнхөрсөн аварга багш О. Сүнжидмаатай, аргазүйч эрдэмтэн Я. Сэндэрмаатай баян буурал Алтай нутгийнхан эх хэлний ай салбарт үнэхээр л чансаа дээгүүртэйгээн дахин нотолж, багийн амжилтаараан аман хүзүүдээд ганзага арвинтай буцсан билээ.

Андын минь нутаг арцны үнэртэй

Идэрт эх хэлний наадмын салхи “хагарч” байх завсар “Үлэмж эгшиглэн” сангийнхны гэрэлт аялал чинагш хөвөрч, Хангайн нурууны ноёлог оргил Загастайн давааг арлан алгуурхнаа өгсөж авай. Завхан сайхан нутаг найраг билгийн ороон. Явуутай, Бавуутай яруу сэцлэхүйн том цэцэрлэг буюу. Тийм ээ. Анд минь хүй цөглөсөн нутгаан арцны үнэртэй гэж цэцлэн дуулсан байдаг. Бид түүндээн бараа болж, арц агийн ариун анхилтай, шүлэг найргийн онгод шүншигтэй нутагт нь анх удаа хөл тавилаа. Энэхэн насанд цөөхөн л тохиох зам мөр, үл мартагдах аян хамтшил юм аа.Энд бид үлэмж утгатай нэгэн үйлийн үнэн гэрчүүд боллоо. Бавуу анд маань төрдөөн үнсүүлчхээд төрсөн нутагтаан анх удаа хүрч очиж яваа нь энэ. Завхан нутгийнхан найраг шүлгийн билгүүнтнээн хэрхэн дээдлэх, ямархан угтахыг нь нүдээр харав. Тийм гэрэлт зан үйл Загастайн давааны оргил дээрээс шан татаж эхэлсээн. Дээр хөхрөгч тэнгэр цэв цэлмэг. Зартай давааны салхи ариун намуухан агаад ихэмсэг цэмцгэр гэмээр. Аймгийн утга зохиолын нэгдлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Батсайхантан тэргүүлэн төрийн шагналтнаан тосч угтаад, үндэсний хувцастай залуу бүсгүй алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүү мэлтэлзүүлэн баривай. Бавуу анд давааны орой дээр дөрөө мултлуутаан шууд өмнөш алхалж, Загастайн их овоог гурав гороолоод эгэн ирж дээрх хүндлэлийг тосч авлаа. Угтагсад басхүү нутгийнхаан заншлаар өрмөн тосныхоон “холио”-г халуухнаар нь барьж бүхүй нь сэтгэлийнх нь илчний хэм хэмжээс гэмээр байсан.

Төрийн шагналтнаан угтан авах, хүндэтгэх ёслолд оролцогсод Явуугийн гэрэлт хөшөөний өлмий тушаа зогсоцгооно. Хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэхтэй хамт цугаар урагш аажуу алхлан, “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” хэмээх хаяг таниулга бүхүй их яруу найрагчийн цээж баримал хөшөөнд цэцгийн цоморлиг өргөж, тэргүүн мэхийн хүндлэл илэрхийлвэй. Уг хөшөөнд гараан хүргэх нь хүргэж, адис авах нь толгой мэхийж, зарим нь бүр залбирах аяг жаягийг ч үзүүлж байнам. Харин нэгэн хүндэтгэгч бээр, шаламгайлан энгэрийнхээн халааснаас үзгээн авснаан хошуу юуг нь гаргаад баруун гараар барьж, зууны манлай яруу найрагчийн хөшөөний нар таших баруун энгэрт түүнээн хүргэн ёслоод дотогш орлоо.

Завхан нутгийнхан номын сангийнхаан өмнөх талбайд Явуугийнхаан хөшөөг урлан цогцлоожээ. Д. Цоодол абугай найрагчийн хөшөөний нүүр царай үнэнд арай л ойргүй болсныг хэллээ. Төрийн шагналтан анд бээр энэ л номын санд хүүхэд ахудаан олонтаа сууж, үдэш бүрий баруй буутал ном үзээд, хаах цаг нь болоход хөөгдөн туугдан гарч харьж явсан нь нэг биш ажээ. Номын санг өглөө онгойход нь орж, үдэш хаатал нь номд амтархаж, хөөгдөн барин харих хүртэл ээнэгшинэ гэдэг хүүхэд насны нь зүйн доторх бахархал, ирээдүйн нь заяа замналын зөгнөл угтал байж таарна. Бавуу одоо өөрөөн өрөөлийг гийгүүлсэн өвөрмөц нэгэн номун бие, бүхэл цогц “сан өргөө” болж амжжээ.

Завханы номын сан өмнөө Явуугийн хөшөөтэй. Хөшөө нь дэргэдээн басхүү бяцхан цэцэрлэгтэй. Тэр бичил цэцэрлэгийг том төгөл болохыг бэлгэдэж, төгс төгөлдөр хүрээлэнд хүрэг хэмээж анд маань энд мод суулгалаа. Сайхан дурсамж бас суулгасан модтой нь хамт үндэслэнэм билээ. Явуу Ховд хотын цэцэрлэгт мод суулгаж, “Дөрөв” гэж дугаарлаж, шүлэгтээн мөнхөлж байсан түүх буй. Энд хүн бүр түүнийг санасан, жишсэн л байх. Харин Бавуу Явуугаас хойш дөчин таван жилийн дараа төрийн шагналтан болоод эх нутагтаан залагдаж ирэхдээн Явуугийнхаан цэцэрлэгт ийнхүү мод ургууллаа. Хөх манхан тэнгэрийнхээн орноос хөх монголын сод найрагч залгамж үеийнхээн энэ бэлгэшээлт үйлийг халиасан л байлгүй. Ялгаатай нь гэвээс Бавуугийн мод Явуугийнх шиг ямар нэгэн пайз дугаар, содон тэмдэггүй байх ажим.

Дараа нь бид Явуугийн танхимаар орсон. Тэр ер бишийн танхим аймгийн музейн урд булангийн дан өрөөг эзлэн даруухан гэгч нь оршму. Дэлхий дээр суу билэгт яруу найрагчийн гайхуулга үзмэр олон л биз. Харин Явуу найрагчийн тухай ийм музей орь ганц биз гэж санагдсан даа. Тэр нь бидний сая ороод нүднийхээн хужирсааг орхин бүхүй энэ эгэл музей. Музейг улам төгөлдөр болгоход Үндэсний номын сан чадах бүхнээн зориулна гэж Чилаа дарга амлав. Д. Цоодол абугай хэдийнэ түрүүлж морилсон бололтой өрөөний хоймрын ширээнээ тухалжээ. Ширээн дээр Явуугийн бичгийн машин байна. Тэрхүү машин дээр бичиж байсан шүлэг найраг нь ч юм уу бичигтэй хуудас цаас бас хавчуулаастайгаан байдаг байх юм. Бичгийн машины хажууханд Явуугийн алдарт дөрвөн мөнгөн жүнз дийзтэйгээн байнам. Бавуу эднийг ирнэ гэж бэлдсэн үү, аль эсхүл ер байнга тийн байдаг юмсан уу, дийзтэй мөнгөн жүнзний дэргэд бас шилтэй сархад зэхээстэй үзэгдэнэ. “Явуу багш...” гэж нэг хүн замын турш бүхээг нэгсэн, бүлээн анир хөглөн аялахдаан дуулсаар, дурссаар л явсан даа. Энэ өргөөнд түүнээн бүүр ч утга дүүрэн өгүүлж суунам. Шавь нь болсон хувьтай хүнд тэгэхээс ч арга байдаггүй буй заа.

Явуугийн музейд бид шүлэг найргаас нь дуудаж, дорнын их яруу найрагчийн онгод билгийг даллах үйл мэтгэн, даруухан тасалгааг оюун зулаар бүлээцүүллээ. “Болор цом”-ын шинэхэн эзэн Н. Гантулга дүү богино шүлгээс нь цээжний саналгаар цангинууллаа. Дөрвөн мөнгөн жүнзэнд сархдаас дээжлэн зохих зохих хүмүүст хүртээн соёрхов. Бавуу анд Явуугийн энэ өргөөнд “Нэг их том цагаан заан”-аан уншлаа. Хүүхэд насныхаан яруу дурсамжаас сэтгэл бадран хөөрөхдөөн, тэрбээр мэлмий нь чийгтэж, хоолой нь зангирч зогсвай. Энэ бол баярын, инээмслийн ундарс бөлгөө.

Хүлэг минь-шүлэг минь хурдлан давхи!

Хүлгийн шандас харуулахад холын зай хэрэгтэй

Хүн ардынхаан захиасыг санан санан давхи,

Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй!

Явуу монголын яруу найрагчдын хүрвээс зохих өгсүүр замын өндөрлөгийг ингэж тодорхойлсоон. Бавуу маань энэ адармаат замаар зүрхлэн алхаж, дааж дийлдэшгүй их тэнг түүчээлэн үүрч эхлэв. Удтал хүлээсэн цаг мөч сая иржээ. Завхан нутгийн төдийгүй монгол түмний яруу найргийн ихэс дээдсийн зэрэг зиндаанд залуулж, зорьж замнасан зам мөрийг буухиалж, залгамж залгаа болон үргэлжилж, утга төгөлдөр үйл бүтэхэд ийнхүү хэн хүнгүй баярлаж бахдах эрүүл, монголлог мэдрэмж эрхгүй сэдрэх ажээ. Хайдавын Чилаажав, Баастын Золбаяраараан төлөөлүүлэн монголын их утга зохиол, түүний толгой байгууллага энэ ховор агшныг энд харж, сонсож, мэдэрсэн нь утгын багагүй учиглаатай болсон гэж санана.“Үлэмж эгшиглэн” сангийнхны өлмий тавьсан дараагийн хүндлэлт хамт олон төрийн шагналт зохиолч Ламзавын Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр бүлгээ. Ариун ордны тэргүүнд Л. Ванганы инээмсэглэн буй хөрөг зургийг хүндэтгэлтэй залж, алдар нэрээр нь овоглосон болохоон хаш цагаан гантиг дээр бэхэн хараар дурайлган тодолжээ.

Т.Сэр-Од гавьяатын амилуулсан “Үлэмж эгшиглэн”

Дурдан бүхүй театрт Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн “Үлэмж эгшиглэнт үдэш” хэмээх сонгомол сайхан тоглолт зуны эхэн сарын шинийн нэгний өлзийт өдрийн шөнө дүллэтэл үргэлжиллээ. Найрагч бээр ус нутгийнхандаан барих талархлын бэлэг болгож энэхүү сайхан тоглолтыг нийслэлээс мянган бээрийг туулуулж “Нэг их том цагаан заан”-аараан “нүүлгэн” авчирсан юм. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын залуу гоцлоочид энд мэргэжлийн уран бүтээлээсээн амилуулж, “Болор цом”-ын эзэн Н. Гантулга өөрийн болоод Бавуу найрагчийн шүлгээс уншсан бүхнээн цээжээр урсган, Т. Сэр-Од гавьяат төгөлдөр хуураан эгшиглүүлэн өөрөөн дуулахыг... үзэх азтай агшин хөдөөгийн үзэгчдэд тэр болгон олдоод байх болов уу.

Тоглолтын эзэн тайзнаа уригдаж, эхлээд сэтгэлийн үгээн хэлчихээд “Хөх манхан тэнгэр”-ийг гурван түрлэг дууллаа. Дараа нь залгуулаад “Монголын их амар амгалан”-гаан нэг их сайхан дуудаад өглөө дөө. Найрагч хүн шүлгээн өөрөөн, цээжээрээн сэцэлж өгнө гэдэг уншигч түмэндээн хандаж буй ихийн их хүндэтгэл бөгөөд нүдээр үзэж, чихээрээн сонссон хүний хувьд гэвэл ховорхон хувь тохиол болму. Түүний шүлгийг нь урласан “Бөхөн шарын нуруу” хэмээх аварга дуугаар отголсон энэхүү концертын “Үлэмж эгшиглэн” хэмээх нэрийн утга агуулгын хамгийн төгс, үнэнхүү яруу нь урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т. Сэр-Од андын маань аялгууг нь зохируулсан “Ээж ээ” хэмээх жүжгийн дуун дээр үндсэндээн төвлөрчихсөн билээ л.

Т. Сэр-Од гавьяатыг тайзнаа зарлуулан гарч ирээд мялаалгын үгээн хэлж байх завсар төгөлдөр хуур нь ч мөн л алгуурхнаа түрэгдэн “заларсан” юм. Тэрбээр:

Цэнхэр үүлс чимээгүй л байхад

Цэцгийн түрүүнд ээж минь л байх юм аа

Зоргоор орчлон аниргүй л байхад

Зовлонгийн эхэнд ээж минь л байх юм аа

Гуутай догшид чимээгүй л байхад

Өрөвдөхийн эхэнд ээж минь л байх юм аа

Цуутай хувилгаад аниргүй л байхад

Аргадахын түрүүнд ээж минь л байх юм аа

Ээж ээ, ээж ээ

Гишгэх газарт тань цэцэг болъё үр чинь

Ээж ээ, ээж ээ

Сүсэглэх зүгт чинь сүү болъё үр чинь

хэмээн элбэрүү, уянгат дууг нь хаан хөгжимд өөрийн тааруулсан ая дангаар эгшиглүүлэн амьдруулахын сац, гайхалтай эвсүүлж зохицонгуй дуулан олны сэтгэлд шингээн нааж, дахин шинээр нээж гаргалаа. Үүнээс сайхан бэлэг гэж уран бүтээлч андад нь өөр юусан билээ. Т. Сэр-Одоос өөр ямархан хүн түүнд ийм бэлэг зэхэж тийш зориуд зорих, улмаар бүтээн барих бол оо. Ийм дууг тийм зэргийн хоолойтой дуучин иймэрхүү эрэмбээр дуулах учиртай хэмээх яруу жор хамгаас түрүүн хөгжмийн урчинд төрж, эгшигт бичээсэнд нь амилж мэдрэгддэг нь нэгэн зүйл гайхамшиг мөнөөс мөн. Хөгжмийн зохиолч гэж хэн болох, сайн шүлэгт эв мод лугаа зохицох ая аялгуу бүтээх, тэдгээрийн нэгдлийг хүмүүний сэтгэл оюуны сэрэл мэдрэмжид хэрхэн амилуулан уяж, уяруулдгийн мөн учрыг энэ үдэш тэнд цуглагсад билигт хөгжмийн зохиолч андаас яруу сайхнаар мэдрэн мэдэж, урлагийн шид увидас гэгч ямархан агуу болохыг бишрэн бахадсаар, алга нижигнүүлэн талархсаар л авай

Богд Очирваань хайрхны угтал үлэмж таалалтай

... Агьт буланд хүн, тэрэг бөөгнөрчээ. Туна, Жаргалант, Ямаатын голынхон Мануустайнхаан наадмын бага үдэд байх мэт төсөөлүүлнэ. Могой жилийн могой сарын шинийн гурваны тэгш өдрийн өглөөний наран Идэр мөрний савд салхин цацрагтай мандсан авч, умар зүг хараа хандуулан, үүр цүүрээр мордуулсан ажнай хүлэгсээн хүлээн дуран сунган суух лугаа адил дээл тэрлэг, бүрх малгайгаар голдуу гоёсон харчуудыг энд түр дөрөө дуугарган хөөрөг зөрүүлэх агшнаа тэнгэр манхайн цэлийж, агаар тогтоод, наран тааламжтайяа ээхүйд хүмүүний сэтгэл ч бас сансар огторгуйг дагав уу гэлтэй аяран тайтгарах мэт болбай.Л. Лхагважав багштан Бөхөн шарын нуруу руу тэмүүлэн буй шавь, дүү олныхоон дунд эрих имрэн тухлаад, Хамба хутагтын хүрээний сүүлчийн буурь бууц, нүүдэл суудлын тухай даруу үгүүлэн, Зуухан чулууны хотос, зуны зунд агь битүү зулах анхилам сайхан энэ торгон зуслангийнхаан тухай дурсамж хүвэрдэх ажгуу.Хамбын овооны тайлга наадмын хурдан морины гарааны зурхай бологч энэ тохойд бид ийнхүү багахан үдлээд Бөхөн шарынхаан зүг цувлаа. Их уулын цээжин дэх овооны мандаа өөд дөтлөх үес урдах тэрэгнүүд цувран зогслоо. Тэдгээрт залрагчид шаламгайлан бууцгааж, тайлгат овоонд ойртсоны угтал болж шингэн мөр үзэх нь үзэж, баруун өмнөд рүү хараа бэлчээн зогсоцгоовой. Монгол түмнээн даасан их шүтээн хайрхан-Богд Очирваань уул яг эндээс “өндийгөөд” эхэлдэг. Хэд хэдэн цаст сүмбэр баруун өмнөдөд газар дэлхий хязгаарлаж, тэнгэр агаар хаяалан цуувайрах агаад нутгийн хүн бус бол, басхүү Бөхөн шарын тэргүүн дээр урьд өмнө хөл тавьж үзээгүй бол чухам аль нь Очирваань Богд вэ гэж таньж эс ялгамаар. Бөхийн шарын нурууны тэнгэр энэ өдөр “Үлэмж эгшиглэн сан”, “Шинэ Ази майнинг” группийнхнийг үнэнхүү сайхнаар таалан угтлаа. Жилийн жил, зун зуны эхэнд, зулан шар яргуйгаан дэлбээлэхлээр энд ийм л байдаг даа.Очирваань уулын бараа сүр үзэмж гоо нь тэнгэр нарны тунгалагтай зохирон үнэхээрийн төгс үзэсгэлэнг урлаж бүхүй нь хүн бүрийн сэтгэлийг хөвсөлзүүлэн татлаа.

Очирваань уулын цагаан үүл

Орчлонд намайгаан дагаж нүүдэг ээ

Мөнхийн ногоон арц нь хүртэл

Мөр замыг минь хучиж ургадаг аа

Очирваань уулын цагаан салхи нь

Орчлонд намайгаан дагаж салхилдаг аа

Сарны цэцэг вансэмбэрүү нь хүртэл

Цээжин дотор солонгорч ургадаг аа

Орчлонд ийм нэг сайхан хангай бий

Сэтгэлд ийм нэг сайхан уул бий

Очирваань минь гээд, Очирваань минь гээд залбирахад

Оюун бодол минь тэнгэрлэг болдгиймаа

гээд нэг мэдэхэд, хэлцсэн юм шиг цугаар дуулж байлаа.Хоёр их гурвалжин уул цувран бараалах агаад өмнөтээх нь Богд Очирваань, хойнох нь Бага Отгон гэж Бавуу анд тодосгому. Түүнийхээр илүү өргөн, далбаатай лугаа адил халиагдах нь их Отгоны ялгараа юм. Үнэхээр ч Бөхөн шар дээрээс Очирваань уул гараг огторгуйн хаан гаруда баруун далавчаан дэлхэн аажуухнаар дэвэн босохоор завдан бүхүй луж луглагар жигүүртний дүртэй ч мэт үзэгдэх нь үнэний доторх хэрэг.

Т. Сэр-Од гавьяат Очирваань уулын зүгт алгаан хавсран, сэтгэл төврөн, хөдөлгөөн хямгадан зогссоор л анам. Галаа багш хажууханд нь сунан тусан, бүтэн бүрэн мөргөх юм аа. Лут. Лхагважавтан их овооны баруун урдтаа зогсоод хэзээ ч эхэлсэн юм гэмээр тангад ном дүвлэн дүнгэнүүлсээр л. Сан солдив болж буй юм биз ээ. Эрдэмтэн Д. Баттогтох эргэл мөргөлөөн аль эртийн цэгцэлчихсэний тэмдэг хэмээлтэй уулын тагийн өвсөн хивсэн дээрээс хөх хомоол хормойлж ээ өндөр ээж мэт бөхөлзөж явнам. Улсын уран барилдаант начин Лувсанрагчаагийн Нямсүрэн, Идэрийн голын төрмөл хүү аймгийн хүчит арслан Данзангийн Батжаргал нар зодог шуудгаан бэлдэн, нутгийнхаан тахилгат овооны тэнгэрээс хэшиг авшиг эгээрэн ёслохуйд, хаашдаан тодорхой үзүүр түрүүний барилдаандаан бэлэн болж харагдана. Төрөө ах, Мэндээ захирал, Бавуу, Золоо анд нар

Үүл нь мөнгөн тамганы дүрстэй

Өвс нь түмэн зулын гэрэлтэй...

Савдаг нь арслан Лхагвынхаан дэвээтэй

Салхи нь соёолон морьдын давхилтай...

зартай дууны шад мөр шаглаастай гэрэлт хөшөөнд сүүн өргөл дэвшүүлнэм.Үйл бүхний зуурт суурь болж Бөхөн шарын нуруу хэмээх сүлдэн тэнгэрлэг дуу Эрдэнэ бандида хутагт Хамба гэгээнтний мэргэн цолыг дууданхан, сүр жавхлантайгаар үлэмж, бүр үлэмжийн сайхан эгшиглэсээр л...

Могой жилийн могой сар, шинийн арван таван, улаан тэргэл өдөр

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.179.11.62 / -
mash saihan bolson shuu
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 5.188.211.21 / -
Зочин / 46.229.168.142 / -
Зочин / 46.229.168.143 / -
Зочин / 37.9.41.52 / -