Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Н.Гантулга: Бөхөн шарын тэмдэглэл

Аян замын тэмдэглэл нэгдүгээр хэсэг

Аяны хөсгийг түүчээлэх арал тэнхээ нь гүйцсэн ат уртаас урт цувааны түрүүнд сэвэлзтэл жонжуулсаар ирэх шиг Дөнгөтийн Цоодол най­рагч явуулын машинаас га­найтал буугаад ирэх нь тэр. Ингээд л "Бөхөн шар" ба­гийнхны экипаж бүрдэж бай­гаа хэрэг. Цоодол найрагч хавар намрын пальтотой, тод улаан өнгийн ноолууран ороолт­той, шанхнаасаа буу­ралт­сан уртавтар халимгаа хажуу тийш налуулчихсан, өөрийнх нь хэлдгээр бол "аймаар л юм" бууж ирлээ дээ. Далан насны даваан дээр ирж байгаа гэж хэлэхийн ч арга алга. Царай зүс гэрэлт­чихсэн, маасайтал инээгээд дайралдсан нэгнийг яаж­шуу­хан явуулъя даа байз гэсэн шиг хоёр нүд нь цаанаа л жоготой.

Ардын уран зохиолчийг багийн ахлагч Лхамсүрэнгийн Төрбаяр угтан авч мэндлээд аяны хүлэгтээ дөрөөлөхийг урилаа. Найрагч найрагч­дын­хаа унаанд суув. Бүр тодруулбал, Урианхайнхаа унаанд суулаа. Миний бие тэрхүү хар фордонд мөн багтаж байгаа. Урд талын буюу даргын суудал дээр буурал үст Д.Урианхай най­рагч заларна. Эрэмбээрээ гэдэг шиг л. Дунд суудалд Цоодол найрагч, түүнтэй утга зохиол судлаач доктор, про­фес­сор, Монгол Улсын гавьяат багш Дашлхүмбийн Галбаатар мөр зэрэгцэв. Мөн л эрэмбээрээ шүү дээ. Арын суудалд "Хүмүүн бичиг" сони­ны эрхлэгч, босоо бичгийнхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа өнөө цагийн нэр­тэй нийтлэлчдийн нэг Базар­са­дын Элбэгзаяа. Баян­хон­горын Шинэжинст, Сэгс ца­гаан Богдын хүүтэй би гэдэг хүн халуун бөөрөө ний­лүүлж суугаад хангайн уулсыг зори­лоо. Хаврын сүүл сарыг ха­шиж хангайн тэлэмгэр нуруу Бөхөн шар руугаа тэмүүлсэн бидний цувааг Богд Дүн­жин­гарав хайрхан будантаад л гаргаж өгсөн дөө. Цасан шам­рага тавьсан жигтэйхэн сал­хи­тай өдөр байв. Үймэр­сэн үүлс Богд уулын орой дээр нэвсийлдээд нэг бодлын таа­тай, нөгөө бодлын зэврүүхэн санагдахаар тийм л өглөө­гүүр Идэрийн голоо зорин хөдөлж буй минь энэ ээ.

Цоодол найрагч сурснаа­раа Урианхайгаа л "идэж" байна. Ерөөс замын турш л өнөө муугаа идэж явсан л даа. Хойлог оо, миний өвгөөн гэнэ. Тийн дуудахад нь үсэн буу­рал Урианхай "Өөв өө, миний өвгөөн, яасан бэ" гэнэ. Ардын зохиолчоос "Урианхай най­раг­чийг та "Хойлог оо" л гэх юм. Хойлог шувуутай зүйрлэн ийн авгайлаад байгаа хэрэг үү" гэж асуухад, юун хойлог шувуу байхав. Мэлин хойл­гийг нь л хэлээд байгаа юм гэж шуудхан хариулав. Түүнд нь Урианхай найрагч жиг­тэй­хэн баясалтай, манайхны хэлдгээр тийм нэг кайфтай нь аргагүй инээж сууна. Амьд бурхад гэж эднийг л хэлдэг болов уу.

"...Будда, Христос, Аллах

Бууж ирээд та нартай уулзатлаа хол оо

Бурхнаас дор гэж биднийг битгий гол оо

Будаг, үнэн хоёрыг ялгуулъя гэвэл

Бусад нь нэмэргүй ээ

Наад хэдэн навсгарыгаа хайрла

Миний муу сайн найз нарыг хайрла"

гэж ардын зохиолч маань аль тэртээ ерээд онд бичсэн нь бий. Бавуугийн Лхагвасүрэн гуай "Боржгины бор тал"-даа хэлсэнчлэн "хө­рөө­ний ир шиг алсын нам­хан..." уулсынх нь оройгоор будантай л байлаа. Уулын энгэр дагуу, судаг жалгын бэлээр адуун сүрэг салхи нөмөрлөөд зогсчихсоныг бо­до­ход үрээнхэн морин дээ­рээс хуу татаад хаячихаар хүчтэй шуурч л байгаа юм байна. Үе үехэн алсын бараа тод­рохуйд, будант үүлс хүг­лийл­дэн аадрын өмнөх бай­дал шиг уулсын оройд нам суучихсан харагдана. Бай­га­лийн ийм л өнгө, ая данд би нэг л дуртай байдаг. Хүүхэд ахуй цагийн дурсамж дур­датгалыг минь энэ байдал зүрхний ховдлоос утсан дэгээ адил гогдоод гоё байдаг юм. Унаа машинд буурал най­рагч­дын яриа хөөрөө зад­гай­раад л байгаа. Ер нь тэгээд зохиолчид явсан га­зар, даа ялангуяа Цоодол найрагчийн явсан газар бүрт инээд хөөр, хөл хөгжөөн тасарна гэж байх­гүй. Бүлээн дулаан уур амьсгал, хүмүүний амьд­ра­лын гэгээн сайхныг намрын борооны үүл шиг тунаруулж явдаг нэгэн билээ. Заалыг бүрэн эзэмдэх шиг олныг нэг л зүг рүү хошууруулж чаддаг ид шид Бүрэнгийн Талын булгаас ундарсан монгол найрагчид байдаг юм аа. Бас л Урианхайгаа явуулж байна.

"Хойлог оо, би чамд яагаад дургүй болсныг чи мэдэх үү" гэлээ. Урд талын суудлаас Урианхай найрагч бараг л бүтэн биеэрээ эргээд харчихсан, сарлагийн саваг шиг сэглийлдсэн буурал үсэнд нь тун чиг зохидог дугуй хар малгайгаа гартаа базаад атгачихсан, өнөө л өрөвч зөөлөн нүдээрээ Цоо­долыгоо ширтлээ. "Яагаав, далан гурван он шүү дээ. Очир бид гурав хойшоо ваго­ноор явсныг чи сайн мэдэж байгаа даа" гэв. Ардын зо­хиолч тийнхүү нэгэн нандин дурсамж сөхөх нь тэр. Далан гурван онд Цоодол, Уриан­хай, Тоомойн Очирхүү гурав Орос руу явж л дээ. Тэгтэл өнөө гуравтай чинь Таш­кен­тын алаг нүдэн охин купенд хамт сууж таарахгүй юу. Ин­гээд замд "юм" болж л дээ. Өнөө охиноо ээлж ээлжээр тэгэхдээ таван минутын хуга­цаа­тай тэврэх санаачилгыг хэн нэг нь гаргасан байна. Монголын гурван найрагч залуугийн хүсэлтийг Таш­кен­тын алаг нүдэн охин эсэр­гүүц­сэнгүй, харин ч дуртай хүлээж авсан шиг байгаа юм. Тэр гурав эхлээд "онхолдтол" нь шүлэг уншиж, сэтгэлийг нь уясгасан нь мэдээж л дээ. Охины буух газар ойртоод ирэхийг мэдсэн учир таван минутын хугацаагаа гурван минут болгон нааш нь татсан гэдэг. Тийн явах үед л Уриан­хай найрагч Цоодолынхоо сэтгэлд жаахан зүйл хавчуул­чих­сан хэрэг. Ухаандаа, охиныг яг буух мөчид Цоодол найрагчийн тэврэх ээлж ир­жээ. Гэвч Урианхай нь түүнд шилжүүлэлгүй гүрийчихэж. Шүүрс алдмаар сайхан алаг нүдэнг шүлэг асгаруулдаг цээжиндээ харамлан харам­лан энхрийлээд наачихаж. Ийм л дурсамж. Галаа багш, Элбэгээ ах бид гурав жолооч (аймгийн арслан Данзангийн Батжаргал)-ийнхоо хамтаар уг дурдатгалыг бүр нэг хөхин баясалтайгаар, шавайгаа ханатал сонслоо.

Урианхай найрагчтай ижил бас л нэг ганган хар фордын урд талын суудалд төрийн соёрхолт яруу най­рагч Цогдоржийн Бавуудорж ханайна. Эх хэлний боловс­рол, соёлыг дэмжих "Үлэмж эгшиглэн" сангийн гүйцэтгэх захирал эл эрхмийн машинд Монголын зохиолчдын эвлэ­лийн Удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шаг­налт яруу найрагч Хайдавын Чилаажав, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од, "Үлэмж эгшиглэн" сангийн зөвлөх, Монголын зохиолчдын эвлэлийн шаг­налт зохиолч Баастын Зол­баяр нарын аваргууд яваа. Уран бүтээлийн идэрхэн ан­дууд тийнхүү нэгэн машинд суудал таарсан нь санам­сар­гүйн тохиол биш юм. "Шинэ Ази" группын ерөн­хийлөгч, "Үлэмж эгшиглэн" сангийн тэргүүн Л.Төрбаяр хэн хэнийг ямар машинд хуваарилах вэ гэдгийг сайтар мэднэ. Нам­рын унага зэлээрээ ижилсдэг шиг сэтгэл сэтгэлээр нь ний­лүүл­нэ дээ. Өнөө "Сэтгэл мэддэг хорвоо" гэдэг шиг л. Бавуу найрагч төрийн соёрх­лын алтан соёмбо энгэртээ гялалзуулаад төрсөн нутаг­таа очиж буй. Аливаа юмны учир тохиол, наад цаад гэдэг сонин байдаг. Төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж эх хэлнийхээ яруу сайхныг ба­хад­сан бүтээлүүдээрээ идэр залуухан насандаа төрдөө үнсүүлсэн тэрээр эх хэлний боловсрол, соёлыг дэмжих сангийн хариуцлагатай ал­быг аваад элгэн түмэндээ, уул усандаа очиж байгаа юм.

Дээр миний бие хэдэн ах нараа уран бүтээлийн андууд гэсэн дээ. Үүнд багахаан тайлбар хийх нь зөв байх. Ухаандаа, Бавуу, Золоо нар дэвэн дэлхийгээр хэрэн тэ­нүү­чилсэн уран бүтээлчид. Яагаав, дэлхийн яруу най­рагч­дын их хуралд жил бүр л яваад байдаггүй юу. Тэгээд Золбаяр сэтгүүлчийн хувьд "Уйтан дорнын талст", "Үлэмж өрнийн титэм", "Давалгаа болорших дайд" хэмээх тан­саг­хан тэмдэглэлүүдээ "Өд­рийн сонин"-доо цув­ралаар нийтлүүлснийг уншигч олон санаж байгаа. "Өдрийн со­нин"-доо гэж тодотгосны учир тэрээр манай сонины бүтээг­дэ­хүүн билээ. Урлаг, спортын албыг даргалж байсан нэгэн. Бавуу, Чилаа хоёр мөн л уран бүтээлийн шадар андууд. Монголын радиод мөр зэрэг­цэн ажиллаж ахуйдаа эх ор­ноо бараг л нар зөв тойрсон байх шүү. Тэрхүү аян замынх нь дурдатгал болсон Дарьган­га, Отгонтэнгэр, Су­тай ханы тэмдэглэлүүд бий. Харин Бавуу, Сэрээ хоёрын уран бүтээлийг бол ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Хэдхээн жилийн өмнө "Бөхөн шарын нуруу" хэмээх аварга дуу хийж "Морин хуур" наадамд магнайлсан. Уг дуу­ны суварга хөшөө долоон хошууны нутаг харагддаг хан­­гайн сунайсан шаргал нуруу Бөхөн шарын тэргүүн дээр гэрэлтэн байдаг. Тэрхүү дуун суварга эл хоёр уран бүтээлчийн хийморь лундааг тэтгэж, авьяас билгийнх нь эх ундарга болдгийг хэн мэдлээ. Хамба гэгээний ариун сүншиг оршиж, халхын заяа түшдэг л биз ээ.

Мөөеө аваргын нутаг Эр­дэнэ­сантаар дайраад Бул­ганы Рашаант сум дөнгөж өнгөрөөд түр амсхийв. Ха­заар даран галигуулах "хүлэг морьд"-ынхоо жолоог татас­хий­лээ. "Тэнгэрийн муухай арилдаг"-ийн үлгэрээр морин үүлс тэртээд цавцайх уулсыг эмжээрлээд өмнө зүг рүү шуур­­галан, хаврын сүүл сарын ухаа хонгор нар сүүн туяагаар булхан байв аа. Унаа машинаас буунгуут л агь гангын үнэр хамар цоргиж, дэнж бэлийн цэцэгсийг хор­мойдон хөх ногооны униар татах нь зуны эхэн сарын зураг мөн дөө. Замын ба­руун­тайд Хөгнөхаан уул сүр бараатайхан дүнхийж, өмнө минь хонгортох Элсэн тасар­хайг дагуулан хараачлахуйд Батхаан уулын салхи савир энгэр заамаар шургална. Хөшөөтийн минь гол энүүхэн хойхно цэлэлзэж байгаа даа гэж бодохуйд зэлнээс ал­дуур­­сан унага шиг цахил­чих­маар. Ус нутаг, адуу малаа санасан сэтгэлийн минь ааз­гайг хөдөлгөх гэсэн мэт замын зүүхэн талд хонгор голдуу адуу үүлэн чөлөөний наран дотор идээшлэн шинэхэн тавигдсан азарган үрээ хаа нэгтээ үүрсэхийг нь яана. Түр амсхийж, уул толгодын сэр­вээг харуулдан хэн нэгнээ баахан явуулж, инээдэм нар­гиан дундаа хөдлөх үест на­ран дотор хонгортон бай­сан адуун сүрэг өмнүүр зам хөнд­лөн гарч өвөр зүг рүү ордог байгаа. Хэнзхэн уна­ганууд нь цардмал замаар цүүцэг цүү­цэг гишгэлэн, өнөө муу нялх­хаан туурайгаараа өлмий­дөөд л гарч явлаа. Тэр даруйд нэг л сайхан бодол төрөөд, хийморь лундаа бадраад явчихав. Идэр их мөрөн, Бө­хөн шарын нуруугаа зориход ийм л тэнгэртэй байдаг даа.

Завханы Идэр ургаа уул­сыг нь үзэж, ус мөрнөөс нь амсаад явсан хэн хүнийг соронзон гүр адил татдаг ариун дагшин нутаг юм. Тэр жил Их Явуугийнхаа ерэн насны ойгоор утга зохиолын өнөө цагийн луугаруудтай анх Идэрийн голд очиж, идэр­мэг­хэн түмэнтэй нь золгож билээ. Цагийн цагт мөнгөлөг тэр­гүү­нээ титэмлэн талс­туулж, От­гон­тэнгэртэйгээ орой орой­гоо харалцан бараа бараандаа таширладаг Сэвжидбалбар хайрхан, аршаан бумбат Но­гоон нуурын эрэг дээр хо­ног­лохуйд зургадугаар сарын хорьдоор дөрвөн улирлын өн­гийг нэгэн дор үзүүлсэн. Тэр л цагаас хойш Идэрийн го­лыг зүүдлэх болсон доо, би. Гэвч хувь заяагаар хаврын ха­варт Хангайн нурууны ноё­лог оргил Солонготын давааг давж Идэрийнхээ хөвөөнд нялх ангир шиг очих болсоон. "Ямар­хан хувь заяаны ерөөл буян байдаг юм бол оо" гэж өм­нөх хаврын тэмдэглэлдээ дуун алдсан минь ийм учир­тай.

"Хоёр хангайн нутаг минь хүрэнтэнхэн харагдана

Хошууны олон та нар минь санагдах л янзтай"

гэдэг шиг нэг л мэдэх нь ээ Хархорины "Мөнх тэнгэр"-тээ үдийн зоог барьчихаад Хотонтоор дам­жаад арын хангай руу ороод ирлээ. Бидний хоноглох га­зар Гичгэнийн голын хөвөөн дээр гэрэлтэж байдаг "Бад­маа­раг". Тариат сумын нутаг, сумынх нь төвөөс баруун урдхан байх "Бадмаараг"-ийг "Бөхөн шар" багийнхан "Бат­хүү­гийн кэмп" гэх нь бий. Батхүү гэдэг нь "Цэцэн сар­туу­лын дууч" Бороохойн Батхүү найрагч л даа. Утга зохио­лын наяад оны морьдын нэг тэ­рээр "Шинэ Ази" группын хэв­лэлийн төлөөлөгч гээд лут эрх мэдэлтэй. Хэний ч өөдөөс үгээ хэлнэ. Урианхай, Цоо­дол, Галбаатарыг загнах дар­хан эрх түүнд л бий. Батхүү найрагч Идэрийн голын хө­вөөн дээр тэр нутгийн унага Алтангэрэлийн Мягмар­жа­ваас ч илүү эрх мэдэлтэй, толгой дээгүүр байдаг даа. Харин мань хүний Бадмаараг кэмптэй холбогдсон түүх үнэн­­дээ нигуртай. Тэрээр Гичгэнийн голын хөвөөнд сөхөрч суугаад алтан загас­наас "Оюунхүү докторыг ор хөнжилтэй нь өгөөч" хэмээн гуйсан удаатай. Ийм л яриа хөөрөө "Бадмаараг"-т хоног­лох бүрт улам баяжиж, сүүл­дээ аман зохиол шиг болж байгаа юм. Харин Батхүү найрагч энэ удаа өөрийнхөө кэмпт хоноглож чадаагүй. Төрийн соёрхолт Ц.Бавуу­дор­жийн­хоо нэрэмжит "Цагаан-Үүл" наадмын ерөн­хий шүүгчээр уригдаад нэр­тэй орчуулагч Л.Амар­батын хамт аймгийнхаа Донойн хөн­дийд онгоцоор буусан гэж байгаа. Сайд шиг л очсон нь мэдээж. "Өөрөө төрийн соёр­хол аваад очиж байгаа юм шиг Улиастайн гудмаар мөн чиг хөндлөн алхаж байгаа даа" гэж зохиолч нөхөд нь түүний байр байдлыг нүдээр харсан мэт өгүүлж явлаа. Хоргын тогооны "хайлмаг" чулууд, адуу малын дундуур туучих цувааг түүчээлэн Мэн­дээ захирлын ганган хар жийп "Бадмаараг"-ийн зүг хошуу өлгөлөө. Гичгэнийн гол баринтгаа задалж мөсөн жин­гэл­гүүд нь болортон хөв­нө. Аян замын улс нүүдлийн шувууд шиг дайраад өнгөрдөг Тариатын хэдэн байшин зэрэг­­лээнд дайвалзаж, галт уулсын чулууд шигээ хонх ёнх үзэгднэм.

 

үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 5.188.211.21 / -
Зочин / 5.188.211.24 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 5.188.211.35 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 5.188.211.10 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.146 / -