Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Н.Гантулга: “Алтан зэгсний ангир” хийгээд Ц.Хулан найрагчийн тухай өгүүлэхүйд

Цоодолын Хулан найрагч яруу найргийн шинэхэн бүтээлээ “Алтан зэгсний ангир” хэмээн нэрийджээ. Тэрээр анхны номоо “Гүнж аялгуу”, дараа нь “Гуниг тайтгарал”, “Торгоны маань хээ” нэртэйгээр хэвлүүлсэн санагдана. Харин өдгөөгөөс таван жилийн өмнө байна уу даа, “Зүгээр л нэг амьдрахсан” хэмээх дурсамж эссэ, тэмдэглэл, дундуур нь шүлэг найргаа эрдэнийн сувд шиг шигтгэсэн нэгэн ном гаргаж утга зохиол, уншигчдынхаа хүрээнд шуугиан тарьж байлаа. “Баабар бид хоёрын ном л хамгийн гүйлгээтэй байгаа гэнэ” гэж даналзаж байсан нь ч бий. Тэгвэл эрхэмсэг бүсгүй найрагчийн наян долоон онд бичсэн “Намрын шөнө” шүлгээс аваад өнөөг хүртэл дуулж цалгиж, омгорхож бардамнаж, бодлогоширч, гуньж тайтгарч ирсэн бүхий л шилдэг бүтээлүүд эл номонд багтжээ. Үндсэндээ, “Алтан зэгсний ангир” бол Хулан найрагчийн яруу найргийнх нь шилдэг чуулган болж танд очиж буй хэрэг.

 

Сүүлийн жилүүдэд тэрээр “Болор цом”-ын тайзан дээр шүлгээ уншихаас илүүтэйгээр шүүгчээр заларч, “Хулангийн үдэш”-дээ харин хот хөдөөгийнхнийг хаврын хаварт цуглуулан, найргаар ангасан сэтгэлийнх нь хужирхайг бага ч болов дэвтээж ирсээн. Түүний омог бардам хийгээд үнэн үгтэй, зүрх сэтгэл рүү шууд л яргаж ордог шүлгүүдийг нь сонсохуйд өөрийн эрхгүй зориг орох шиг болдог. Түүнд л яруу найргийнх нь ид шид, увидас байдаг биз ээ. “Хулангийн үдэш”-ээр яруу найргийнхаа галын дэргэд уншигч түмэндээ хүргэж байсан шүлгүүд нь мөн л энэхүү бүтээлийн чуулганд нь багтсан байна. Дэндэвийн Пүрэвдорж агснаас улбаалаад цэцэн билэгт найрагчдынх нь Хулангаа тодорхойлсон тодорхойлолтууд, халуун дулаан үгс, бичил хөрөг тэмдэглэлүүд, зориулсан шүлгүүд нь өөрийнх нь шүлгүүдийн араас намрын зэлтэй унаганууд адил ирийжээ. “Цоодолын Хулан үндэсний яруу найрагт эрмэг омголон авьяасын эрэггүй урсгалаар дуулиалан орж ирсэн юм. Тэрбээр аниршлыг түйвээн, он цагийн цалгиагаар цахилж уншигчдын сэтгэгдлийг уулга алдуулсан билээ. Хулан шүлэг бүрийдээ өөрийгөө чамлан ирлэж, адган шаналсан тэмүүлэл нь түүний шүлгийн ижилсэлгүй өнгө төрхийн дархлааг буй болгосон гэж санана. Эргэх цагийн өртөөнд эцэг, охин хоёр сайхан найрагчийн номын улаа нэхэх оноол тохиосонд бэлгэшээнэм. Хулан найрагчид эцгийн удамшил, эртний уламжлал сондгой нь үгүй бөгөөд монгол найргийн мянган жилийн эрдэнэсийг шүтэн дээдлэх үндсэрхэл, шинэчлэх эрэлхийлэл нэгэн ай савтай нь ирээдүйн их итгэлийг төрүүлдэг” хэмээн Ардын уран зохиолч Пүрэвдорж агсан бичжээ. Буурал найрагч Урианхайн түүнд зориулсан шүлэг байна. Омголон найрагч Хуланг өвдөхгүй юм шиг, ёстой л нөгөө Алтайн цаад говьдоо зэрэглээ туучин эрх дураараа давхих хулан шиг бодож явсан олон түүнийг эдгэшгүй хүнд өвчтэй урд хөршийг зорьсныг дуулаад сэртэсхийсэн. Яруу найрагт дуртай, Хуланд хайртай бүхэн байгаагаа зориулахыг эрмэлзэж байлаа. Ийм л үед Урианхай найрагч нүдэндээ нулимстай уг шүлгийг бичсэн нь тодорхой.

  “Чамайг бурхан ивээнээ, дүү минь

 (Чачиртын шар ширэнгэнд минь чи нэг очиж, шүлэг зохиож суухыг чинь харсан гэж

Зүүдэнд бурхан хэлнэ лээ...)

Чамайг бурхан ивээнээ, би мэднэ

Чадлаараа, салхич шувуун элин хашгирах шиг

Охин хүнд баймгүй эр дуугаар,

Орчлонгийн чихэнд ч “Монголоосоо урвахгүй” гэж

Шударгахан, хатуухан дуулгасан

Шуурга, аянга шиг үгийг чинь

Гадаад далайн давалгаа шүүрч

Газрын бөмбөрцгийг бүслүүрдсэн байгаа, би итгэнэ

...Зах нь харагдахгүй манан шиг амьдралд

Заримдаа чи тэсэж ядахдаа Ану шиг

Илд шүүрдэг ч байж магад

Замбуулинг багтаадаг жаалхан үнхэлцгээ

Мандарваа мэт дэлгэ¬рэхэд

Манцуйтай хүүхэд үнэгч¬лэх шиг

Инээд алддаг ч байж магад

Эх орон, тийм ээ, эх орон л ингэж

Элс шиг нурдаг нулимстай найрагчийн

Элэг сэтгэлийн далайг цалгиаж

“Түймэр тавьдаг” юм аа

Эх орон... нулимстай эх орон л ингэж

Эс биедээ бурхны адистай найрагчийн

Элэг сэтгэлийн гүнгэрваа доргиож

“Галав юүлүүлдэг” юм аа...” хэмээсэн нь бий. Үнэндээ Урианхай найрагчийн хэлсэнчлэн түүнийг бурхан ивээсэн. Тэрээр Дархан хотын тайзан дээр Эгшиглэнт Янжинлхам бурханыг гардаад, “Болор цом”-ын хошой тэргүүн болж Дөнгөтийн Цоодолынх гэдэг айлд тав дахь цомыг залаад зогсож ахуйдаа “Түргэний орон дээр харийн нутгийн эмнэлгийн босго алхаж байхад манай Сүүеэгийн шүлэг, Баттөмөр ахын аялгуу “Газрын холоос цайвалзсан ганган цагаан гэрүүд байна аа” хэмээх “Миний нутгийн бараа” дууных нь үг аялгуу урсаж орж ирээд хоёр нүдний нулимс сул асгарч байлаа даа” гээд дотогшоогоо мэлмэрүүлж байсныг нь мартдаггүй ээ.

Урианхайн шүлгээс гадна тэмдэглэлгүй өнгөрч боломгүй нэгэн эрхмийн зүйл бас байна. Тэр нь Жүмпэрэлийн Саруулбуян доктор. Саруул ах Хулангийн тухай ийн өгүүлжээ. “Цоодол багш дунд охиндоо Чингэс хааны ухаант хатан Хулангийн нэрийг хайрлав. Цоодолын Хуланг төрөх цагт Чингэс хаан болоод түүний хатдын нэрийг нь ч дуудах хатуу чанд хориотой. Цоодол багштан зохиолч хүний давхар ухаан гаргаж, би охиндоо онгон говийг онгичин давхидаг зэрлэг хулангийн нэрийг өглөө. Охин минь тийм омголон давилуун явах болтугай гэж ерөөгөөд охиныхоо нэрийг тайлбарлан шүлэглэсэн нь бий. Их хааны Хулан хатан ч бай, их говийн хулан хэмээх хатуу туурт зэрлэг илжиг ч бай аль аль нь ер бусын хийморилог. Тэр хоёрын дундаас Хулан өсөж өндийв. Хулан, Хулан нэрэндээ зохисон шиг зохисон юм. Эцгээс хүртээн заяасан нэр гэдэг хүмүүний насан туршийн амьдралыг тэр чигээр нь тодорхойлдог. Хулан өөрийн нэрээ Хулан хатны ч биш, хулан гэдэг зэрлэг адууных биш, Хулан гэдэг оюун санааны гэрэлт од болгосон юм” хэмээн түүний тухай хөрөг тэмдэглэлдээ өгүүлсэн байна. Энэ мэтчилэн Хулан найрагчийн тухай Баруун-Уртынхаа тэнгэр дор багтаж ядан байдаг Ай.Төмөр-Очир, баруун Урианхайн шүлэгч Хөөдөөгийн Эрдэнэбаатар, утга зохиолын нэгэн үеийн андууд болох А.Эрдэнэ-Очир, Х.Чилаажав, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, Б.Галсансүх нар бичжээ. Галсансүх Хулан хоёр нэг хэсэг сонин хэвлэ¬лээр баахан л авалцсан. Гэвч тэд яруу найрагчийн хувьд биенээ хүлээн зөвшөөрч чаддаг найрагчид ажээ. Галсансүх нь Хулангаа “Жинхэнэ яруу найрагч” гэж тодотгосноос нь харж болох юм.

“Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж

Ашгүй бурхан гар таталгүй хайрласан

Амины хэдэн нөхөдтэй билээ би

Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу

Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу

Цэцэн шүлгээр тургиж, сум шиг нисч явахдаа, эсвэл

Цээжинд хүнд оргиод, уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу

Яасныг санамаар байна, хэдхэн найзаа яримаар байна

Яруу найрагчийн зүрх нөхөрлөл хайрын данс юм

Алтан үсгээр бичиж, титэм хийгээд өмсмөөр

Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм аа!

Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр

Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй

Буруудаж зөвдөж, дутаж сагаж амьдарсан ч

Бусад нь яах вэ, анд нөхдөөр л би дутаагүй

Намрын усан бороо яндан дагаад урсахад

Найзынхаа дэргэд дулаацах гэж гэрээсээ би гардаг

Нанчид, бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр

Найзынхаа л гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа...” гэх анд нөхдийн тухай шүлгүүд нь Монголын утга зохиолд уралдааны морьд шиг гарч ирсэн үе үеийн найрагчдын зүрхийг ирлэдэг. Тиймдээ л Хулан үнэтэй байдаг биз ээ. Тэрээр гал цогтой найрагч Очирбатын Дашбалбартай шадарлаж багш шавь, ах дүү, анд нөхдийн барилдлагатай явсан. Түүнийг цаг бусаар одсоны дараа Хулан шиг шүлэг бичиж дүрэлзсэн нь хэн билээ гэж бодогдохоор.

“...Гайхуулах юмгүй унтаа хөх дэлхийг

Гал шаргал навчис хучиж анхны цас дарлаа

Газар шороогоо тэвэрсэн яруу найрагчийн хойноос

Гашуудан зогссон түмэн алгуурхнаар мартлаа

Энгэр заам нь задгай, үс нь ургасан Дашбалбарыг

Ээжийн хонгор хүү, Анимаагаа дуулсан Дашбалбарыг

Эх орноосоо өөр хөрөнгөгүй харц ядуу Дашбалбарыг

Ийн хүлцэнгүй ард түмний догшин сахиус мэт Дашбалбарыг мартлаа

Далайсан илдний торгон ир мэт

Дайчин хурц үгээр нь монгол хэл дутлаа

Дайсан чинь инээж, нөхөд чинь архидаж байна

Дарьгангын тань алтан овооноос сүүлчийн шувуу уйлан буцаж байна

Шүлгээ уншиж, асгартлаа уйлж дээгүүр нь омогтойхон алхаж явсан

Сүнсээ хүртэл юүлж өгсөн газар шороог чинь

Сүүдрээ чирсэн хүн сүгнүүд дахиад л булаалдаж эхэллээ

Хүүдээ хүртэл захисан газар шороо хэнийх юм бэ, Балбар ахаа...” гэж тэр жилийн “Болор цом”-д уншихад Бөхийн өргөөг дүүртэл цугласан олон алга нижигнүүлэн ташиж нүдэндээ нулимстай сонсч байсныг мартамгүй. Ийм л шүлгүүдээр оргилсон “Алтан зэгсний ангир” танд очиж байна. Уг номыг Очирбатын Дашбалбар найрагчтай мөн л ах дүүгийн барилдлагатай явсан Лхамсүрэнгийн Төрбаяр нь ивээжээ. “Шинэ Азиа” групп, “Үлэмж эгшиглэн” сангаасаа эрхлэн гаргасан байна. Ном нээх ёслол өчигдөр орой Явуугийн цэцэрлэгт хүрээлэнд болсон. Утга зохиолын халуун баяр, Хулангийн ямархан гэгээн үдэш болсон нь дамжиггүй ээ. Шаравын Сүрэнжав, Пунцагийн Бадарчаар ахлуулсан ноён оргилууд бүгд цугласан. Ийнхүү Хулан найрагч аавынхаа номын багш, аугаа их Явуугийнхаа цэцэрлэгт нэгэн сайхан бүтээлийн чуулганаа нээлээ.

 

Эх сурвалж: Өдрийн сонин 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №152

 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 203.91.112.198 / - Зочин
Хулан найрагчдаа амжилт хүсье
Зочин / 5.188.211.22 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 134.119.215.169 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 5.188.211.14 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.135 / -
Зочин / 46.229.168.147 / -
Зочин / 46.229.168.137 / -