Холбоо барих +976 70112078

Дашлхүмбийн Галбаатар

“Бөхөн шарын нуруу”-наас “Богд Очирваань” хайрхандаа мөргөв, бид...

...Хаврын шар наран зүүн уулын оройгоос төө цухуйхын алдтай алдарт “Бөхөн шарын нуруу”-ны сүмбэр их овоодын дэргэд бид жолоо татав. Ойр орчмын их уулсын чуулган юутай зохирол төгс, юутай үзэсгэлэн гоо. Тэртээд дүнхийх “Сэвжидхайрхан” уул дүнхийн түүний сэрвээ хярын хотос оноогоор Монгол түмнийг маань даагч Богд Очирваань Отгонтэнгэр их хайрхны их бага хоёр оргил хөх манхан тэнгэрийн хээлэн агчид хос цагаан дэглий дэгдэлхийлэн байх нь уран зураг мэт ээ. Хойд зүгт миний төрсөн нутаг Нөмрөг, Хөдрөг, Баянзүрхийн их уулс хөшилдмой. Зүүншээ хангайн хөглөгөр их уулс үргэлжилнэ. Тээр дор бидний загас жараахай гөхдөн хаяа хөвөөг нь сахин өөдөө сөөргөө гүйж өссөн Монголын минь алдарт мөрдийн нэг, Идэр их мөрөн мөсөн хуяг юугаа тайлж ядах мэт захалсан цас мөсөнг зүсэн харзлан урсмой. Хойдын их мөсөн далайн сөнд Монгол нутгийн идээ ундааны дээд чандмань эрдэний хувь хишгийг хүргэхээр буухиалах мэт. Энэ мөрөн Монголын хамгийн урт урсацтай, дэлхийн хэдхэн том мөрний нэг. Дэлхийд айргийн тавд давхимой. Хаяа бэл, хөндий талаар нялх ногооны униар хөвхөртөж, газар нэлдээ ногоон туяа татжээ. Ирж яваа хавар цагийн хангай нутгийн аялган, уйлган төрх энэ. Гайхалтай сайхан...

“Бөхөн шарын нуруу”-ны тахилга тайлгат овооноо ирэхийн өмнөхөн Идэр сумын уугал Лу.Лхагважав багшийн нэрэмжит “Багш дор мөргөмү” уриан дор “Шинэ Азиа” группийн ерөнхий захирал Л.Төрбаярын ивээл дор болдог олимпиадын нээлт болсон юм. Боловсролыг дэмжих “Лхагважав” сан, Завхан аймгийн Боловсрол, соёлын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар, Идэр сумын Бүрэн дунд сургууль хамтран зохиодог “Эх хэлний олимпиад”-ын 11 дэх удаагийн нээлтийн ажиллагаа тавдугаар сарын дөрөвний тунгалаг өглөө сурагчдын морин хуурын чуулга хөгжимдөж, эрдэмтэн багш нар ном бүтээл бэлэглэн, уулзаагүй удсан багш шавь нар уулзалдаж ёс төгөлдөр боллоо. Холын зочин гийчид ч олон ирж. Жил ирэх тусам хаяагаа тэлсээр...

Эл олимпиад ЕБС-ийн I-XI ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын хичээлийн хөтөлбөрийн агуулгаар явах бөгөөд мөн монгол хэл, уран зохиолын багш нарын мэргэжлийн мэдлэг, онол, арга зүй, ур чадварын уралдаан, X-XI ангийн сурагчдын эссэ бичлэгийн уралдаан, “Хүмүүн бичиг” сонинтой хамтарч бүх багш нар оролцсон Монгол бичгээр зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдаан гурван өдөр үргэлжилсэн юм. Үүний зэрэгцээ багш нарт арга зүйн зөвлөлгөө, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтууд, Монгол хэлний эх судлал, эсээ бичих арга зүй, сонгодог бичгийн хэлний үг хэллэгийг зөв унших, бичих арга зүй, бага ангийн эх хэлний боловсролын стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж, “Хүмүүн бичиг” сонины 20 жилийн ойд зориулсан уншигч, редакцийн уулзалт, сурган хүмүүжүүлэгчидтэй, зохиолч, урлаг соёлын зүтгэлтнүүдийн уулзалтууд сумын клубт тасралтгүй үргэлжилсэн билээ.

...Идэр нутгийн унаган хүү, миний их анд, Монгол Улсын барилгын зөвлөх инженер, яруу найрагч Алтангэрэлийн Мягмаржав бид хоёр ажил төрлийн сиймхийгээр гучаад км давхиж түүний өвөг эцэг Лувсан маарамбын шугуй хэмээх өтөг бууцыг эргэж тойрсон. Мод бургас битүү ургаж онгорчээ. Идэр нутгаас хоёр их хутагтан гэгээд төрсөн нь Ялгасан хутагт, Хамба гэгээн болон хойд дүрүүд юм. Идэр нутгийнхан ерөнхийдөө энэ хоёр их хутагтынхаа шавь харьяаллаараа ялгарах маягтай. Магадгүй миний энэ тэмдэглэлийг уншаад тэрийг нь өмнө, энийг нь хойно нь биччихэж гээд баярлаж, гомдох хүн ч байж мэдэх улс. Бичиг үсэг хийгээд хүний хэл ярианы яаж ч болохгүй нэг сул тал нь яг адил тэнцүү, эрх тэгш баймаар хоёр үг, нэрийг заавал цувруулан бичиж, бас хэлдэгт орших авай. Орон нутаг, дов жалга, хаа сайгүй энэ мэт зүйл зөндөө л дөө. Мань эр Энэтхэгээс тав, цаст Төвдөөс тав, монгол нутгаас сүүлийн зургаан дүр тодорсон Ялгуусан хутагтын хойдын дүрүүдэд зориулж, идэх хоол, унтах нойроо хугаслан зүтгэж хүрээ хийдийнх нь буурь дээр өнгөт чулуун сайхан цогцолбор байгуулсанд нь аянчин гийчин, нутгийн зон олон цугаар сэтгэл дүүрэн баяртай байдаг юм билээ.

Бид Бөхөн шарын нурууны ихэр хоёр сүмбэр овоонд чин сүжгээр сунаж мөргөцгөөсөн. Өндийх бүрд Очирваань хайрхны их бага хоёр цаст цагаан оргил нүдэнд цайвалзан харагдаж амой... Буян хишиг, ээл авралыг нь цугаар гуйцгаасан биз ээ. Хангайн их нуруу тэхий дундаасаа дээш цас мөсөн баринтгаа нээгээгүй тул Их хайрханд хүрч мөргөх боломж байсангүй.

Сэтгэл сэргээсэн нэгэн зүйл бол ихэр хоёр овооны дэргэд уулын том хадыг байгалийн чигээр нь босгоод, бидэнтэй аяны дөрөө нийлж яваа Завхан нутгийн Их найрагч Бэгзийн Явуухулангийн ур чадварыг залгамжилж, нэрийг нь өргөж яваа авьяаст яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн шүлэг, МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын ая дангийн тэмдэглээг хамсган сийлсэн “Бөхөн шарын нуруу” хэмээх олныг омогшуулж, уйлуулж түгсэн сайхан дууг сансрын хүрдэнд үүрд мөнхөд дархалжээ. Бид хоолой, хоолойнхоо хэрээр аялан дуулцгааж байлаа. Бид ч гэж дээ, Монгол даяар дуурсаж байна. Тааруухан дууг хэн дуулах. Бид зам зууртаа эрхэм анд яруу найрагч Бороохойн Батхүүгийн “Идэр их мөрөн” хэмээх “Морин хуур-2010” улсын наадмын шилдэг дууг мөн дуулцгааж явлаа. Ая данг өмнөх олимпиадын үеэр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Бадарчийн Бямбабаяртан Идэр их мөрний хөвөөнд суун оршоожээ. Идэр нутгийнхан энэ дууг сүлд дуулал болгожээ.

Дон Кронерийн “Хойд Монголоор аялсан ину” бүтээлийг монгол хэлнээ буулгасан авьяаслаг нийтлэлч, пэлэн хэлний орчуулагч, “Шинэ Азиа” группийн тамгын газрын дарга Лхамсүрэнгийн Амарбат аяны туршид бидний ая тухыг ханган нийцүүлж явлаа.

Овооноос хоёр тийш сунаж тогтсон, задгай салхитай, уудам тэгш тагт үргэлжлэх бөгөөд тахил тайлгын үеэр энд хэдэн насны хурд давхиулдаг гэнэм. Овоо тахилгын газарт нэгэн эрхэм хүнтэй танилцсан нь Идэр сумын уугал иргэн, өдгөө Хөвсгөл аймгийн Жаргалант суманд суугч Ойдовын Бадмаадоржтон юм. Тэр өнгөрсөн жил сумынхаа багш сурагчдыг олимпиадад сойж ирсэн бол энэ удаад хэд хэдэн сумын багш сурагчдаас бүрдсэн таван багийг Хөвсгөл аймгийнхаа Боловсрол, соёлын газрын даргыг “чихдчихсэн” ирээд хэд хэдэн шагналт байр хүртээд буцав. Ирэх жил Хөвсгөлийнхөн илүү олуулаа ирнэ гэж дарга амласан. О.Бадмаадорж дотроосоо гэрэл гэгээ сацруулсан эгэл нэгэн. Уншлага номтой. Монголд хадгалагдаж байгаа Бурхан багшийн ариун гэгээн лагшингийн эд эс /Богд хааны ордны эрдэнэсийн санд ”Адууны шүд” нэрээр нууцлагдан хадгалагдаж буй/ мөн гэдгийг тайлсан судрыг өдгөө хүртэл хадгалан хамгаалж ирсэн буянтан. Энэ оны эхээр түүнийг БСШУЯ-ны сайд, МУ-ын Ерөнхий сайд нар хүлээн авч, эрдэмтэд, хүрээ хийдийн эрдэмт лам хуврагууд уг сударт шинжээ хийн тогтоосноор “Дэлхийн соёлын хосгүй өв”-д бүртгүүлэхээр хөөцөлдөж буй сурагтай.

Их нурууны овоо тахилгад өргөл даатгал хийх бидний энэ удаагийн бүх ёс ёмбыг тус сумын уугал, монгол хэл уран зохиолын багш Лу.Лхагважав хэмээх шавилхан биетэй бор өвгөн заан залж гүйцээлээ. Нутаг нугадаа төдийгүй улсдаа нэртэй энэ буурал багш өдгөө гавьяаны амралтанд сууж, үр хүүхэд ач гучийн хамт аж төрөх авай. Бидний зорьж ирсэн Баруун бүсийн “Монгол хэлбичгийн олимпиад” энэ багшийн нэрэмжит бөгөөд түүнийг зохион байгуулагч нь биднийг урин удирдаж яваа “Шинэ Азиа” группийн Ерөнхий захирал, авьяаслаг сэтгүүлч Лхамсүрэнгийн Төрбаяр. Хараа холтой, Монголын томоохон бизнэсмэн.

Энэ залуу нутаг орноо хөгжүүлэх, тэр тусмаа өсвөр залуу үеийг хөгжүүлэх... Сонгуульд ханцуй шамлах ихэс ноёд хэдэн ч сонгууль дамнуулан сүрхий санаа тавих дүр эсгэн “харанхуй” аймгийг гэрэлтүүлнэ хэмээн шогшрохоос үл хэтэрнэ. Харин Л.Төрбаяр захирал гэрэл гэгээний гачаалд ороод асан хүн зоноо эрчим хүчний найдвартай эх булагтай болгохоор хичээн зүтгэж яваа нэгэн. Бидний багадаа зурам суйлж, шилбүүр унан уралдаж асан “Хүрэн тал”-ын зүүн хойд сэжүүрт баруун аймгуудын төв зам, хойш Нөмрөг, Тэс, зүүн хойш Хөвсгөл, урагш Тосонцэнгэлийн авто замын уулзвар газар 60 мвт хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг төрийн оролцоотой, гадаадын хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар товлоод ажилдаа оржээ. Биднийг өнгөрсөн жил шав сууриа товлосон газарт очиход хаврын хагд өвс халиурч, шинэ нөгөө дороос нь цухуйсан уужим талд усны хайгуулчид анхныхаа цооногийг гаргачихаад хоёр дахь өрөмдлөгөө хийж байлаа. Бид шүд хага ташсан гүний цэнгэг усаар булхаж, магнай юугаа шавшин ахуйдаа их бүтээн байгуулалт эхлэх цаг хаяанд ирснийг мэдэрч байлаа. Өмнөх жилийн олимпиадад очих замдаа энд станцын шав тавьж асан бол одоо амьдрал, шинэ станцыг тэтгэгч чандмань эрдэнэ-ус оргилжээ. Удахгүй завханчууд өөрийн цахилгаан эрчим хүчтэй болох нь... Юутай сайхан.

Бяцхан халил 1: Би 2004 онд УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт нэр дэвшиж нэг их манаргасан юм. Мөрийн хөтөлбөрт аймгаараа “таг харанхуй” болчихоод байсан нутаг орноо гэрэл цахилгаантай болгох зорилт байсан. 500-600 орос мэргэжилтэн ажиллаж, газар газраас цугларсан 10000 гаруй хүн амтай орон нутгийн хот статустай Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинат 1990-ээд оны өмч хувьчлалаар машин техник бүү хэл эрэг боолт, хашаа хорооны сэг зэм ч үлдэлгүй үрэн таран болж, ойр орчны сумдыг эрчим хүчээр хангаж асан цахилгаан станц нь ч ор мөргүй болж, бусад сумдын дизель моторууд түлш шатахуунаар тасарч асан тэр “харанхуй” цагт мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг хамгийн хялбар аргаар шийдэхээр төлөвлөсөн нь Увсаар орж ирсэн Оросын төлбөрт цахилгаан эрчим хүчний шугамтай холбох. Ямар азаар сонгуульд ялагдаа вэ гэх бодол энэ зуур төрж, худгийн хүйтэн усаар толгой юугаа шавшиж зогсмуй. Хүний юм хэрэглэвэл үнэ хөлсийг төлөх нь ёс. Ая зан эвдэрвэл хааж боох. Хойд үед үлдэгсдийн өрийн данс зузаарсаар байх байж. Харин эрхэм дүү Л.Төрбаяр нутгийн дээс дээр шахам буй Могойн голын уурхайгаас нүүрсээр хангагдах дулааны цахилгаан станц барих ажлаа эхлэхэд ойрхон болжээ. Өөрийн юм өргүй гэдэг.

...Бид хотоос өглөөний нар цухуйх үед гарч, оройн нар хэвийх үед Чулуутын голыг гэтэлгэн, Гичгэний голын адагт орших байгалийн үзэсгэлэнг олж байгуулсан “Бадмаараг” жуулчны баазад хоноглоцгоов. Аян замд залуус хөгжилтэй олон онигоо зохиосноос хамгийн гоё нь “Алтан загасны үлгэр”-ийн зохиомж дээр Ц.Бавуудорж, Л.Төрбаяр, Т.Сэр-Од... тэргүүтний билиг дээр боссон Б.Батхүү найрагчийн тухай онигоо юм. Тэр Гичгэний голын урсгал ширтээд зогсож байх юм гэнэ. Голоос гэнэт алтан загас цухуйн: “Бороохойн Батхүү найрагч ах минь ахиад хүрээд ирэв үү...? Ямар хэргээр ирээв...? Явдал учир юув... Яагаад их гиюүрээв” гэж. Батхүү: “Өглөг буянт алтан загасхан минь. Ө.О докторыг л ор хөнжилтэй нь өгөөч хайрлаач, надад” гэхэд нь алтан загас: “Өө тэгэлгүй яахав. Батхүү ах минь, ахиад гуйх юу байна. Нэрэлхэх юу байхав хэл хэл” гэж. Найрагч: “Бүсгүй хүн авсан би чинь эндээ амьдармаар байхийм. Энэ “Бадмаараг” кемпээ нэмж хайрлаач, надад...” гэхэд, алтан загас: “Ханах цадахаа мэдэхгүй, хүсэл шунал нь дийлдэхгүй хайшаа янзын найрагч вэ...” гээд сүүлээ ганцхан шарваад уснаа шунгажээ. Иймэрхүү наргиан ирэх буцах замын турш үргэлжилж байв.

Өглөөний наран уулын чинадаас урган ахуйд Тариатын хөндийг өгсөж, Хануйг гатлан алдарт Солонготын даваа өгслөө... Газар ногоон туяа татаж, жаахан чийг хаявал ногоо сугсрах цаг дөхжээ. ... Би нутаг зүглэх бүрдээ Хангайн Их нурууны цор ганц хаалга болсон Солонготын буурал давааны овоо тахилга тойрч ахуйдаа сэтгэл нэг л дэгэлзээд ирдэг юм. Овоо отго дээр зогсохуй төрийн шагнал сайшаалаас үүрд татгалзсан өвгөн найрагч Дамдинсүрэнгийн Урианхай абугай цагаан сор суусан их ”сэвлэг” үс юүгээ хярын салхинд задгайлан овоонд идээ ундаан өргөн гороолж, тэрлэг дээлийнх нь хормой хотос салхинаа дэрвэн алсыг ширтэлхийлэх нь их уулс, хөвч хангайн хөгжим аялгуунд зүрх сэтгэл нь хөглөгдөж, эхээс унасан Булган хангайгаа санагалзсан шүлгийн шинэ санаа, мөр бадаг орон гаран, бүрэн баран байх мэт. Ганц хүний нам байгуулж, гүн ухаан бясалгаж явдаг эл бодь найрагч “Шинэ Азиа” группийн Ерөнхий захирлын зөвлөх өндөр тушаалтан. Хааяа нэг хатуу шарз 30 граммаар татна. Учиргүй их уусан юм шиг түүнээсээ таашаал авна. Яриа хөөрөө цайрч яруу найраг, жүжиг, туульсын зохиолын талаар онол ном хөөрөлдөх нь сайхан. Ер нь л манай нутагт олонтаа морилж, ээнэгшиж татагдсан нэгэн. Олимпиадын ахлах ангийн сурагчдын уран сайхны эссэ бичлэгийн шүүгчдийн тэргүүн. Өнө мөнхөд Монгол эх орныхоо зүүн өмнө хязгаарыг сахин суугч Дарьганга нутгийн уянгын нэрт найрагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёотон их уулсын чуулган, сүр жавхлангийн сүрд эс дарагдан, түүнтэй өсөж төрсөн тал хээр нутгийнхаа уянга хөгжмийг томон шаглахыг хүсэх мэт... Тэрээр Говийн тавдугаар догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн тухай “Гэгээнтэн” шинэ романаа саяхан дуусгаж, хэвлүүлэх хариугүй дөхжээ. Нөхөрлөж явахад түшигтэй эл найрагчийн үндэсний соёл, уламжлал, шашин суртахууны талаарх ухаалаг цэгцтэй яриа, ёс намба, дөлгөөн сайхан яриа замын чимэг болж явсан юм. Бид даваанаас хэдхэн “харайгаад” Тосонцэнгэлд орж ирэв. Нутгийн дүү Энхтайваныд цайлаад Идэр сумыг зорилоо...

Эх хэл, уран зохиолын Идэрийн олимпиад сумын төв дээр гурван өдөр үргэлжиж, 500-аад хүүхдийн дуу шуугиан дарж, 100-аад багш нарын мэргэжлийн уралдаан болж дүнгээ гаргасан юм.

...Энэ удаагийн олимпиадын нэг зорилго нь сурагчдад эх хэл, эх хэлээр бүтэгч уран зохиолын мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна тэдний дотроос үгийн урлагийн авъяастан хүүхдүүдийг эрж хайхад байсан бөгөөд эссэ бичлэгийн уралдаанд Завхан, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай дөрвөн аймгийн нийт сурагчдаас Тосонцэнгэлийн ЕБС-ийн 11-р ангийн сурагч Б.Сувд-Эрдэнэ тэргүүлж, Хөвсгөлийн Мөрөн сумын 10-р ангийн сурагч Я.Болортуяа удаалж, гутгаар байрт Завхан Тэсийн сургуулийн 11-р ангийн сурагч Т.Өлзийбаяр шалгарлаа. Олимпиадын хамгийн том шагнал буюу тэргүүн шагнал 1 000 000 төгрөг, хорин цэн мөнгө, нэг цэн алтаар монгол дархны ганц хувь урласан “БАГШ ДОР МӨРГӨМҮ” эрдэнийн тэмдгийг эх хэл, уран зохиолын багш Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын багш О.Сүнжидмаа хүртэж, улсын уралдаанд оролцох эрх, замын зардлыг даасан юм. Дээгүүр давхисан олон багш нэрэмжит шагналуудыг хүртэж билээ. Улсын уралдаанд 2-р байрт шалгарсан нь Идэрийн олимпиадын чансааг илтгэх юм. Мөн бусад уралдаанд эхний гурван байр эзэлсэн багш нар 500 000 мянгаас 200 000 мянган төгрөг, тэргүүлэгч сурагчид 80 000-10 000 төгрөг, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Монгол хэл уран зохиолын багш сурагчдын Улсын олимпиадын дээд шагнал 80 000-10 000-д эргэлддэг нь энэ олимпиадын дэргэд хэтэрхий ядуу юм. Эх хэлний олимпиадад оролцсон багш нарыг хүлээн авсан цайллага дээр бичээч миний “Уран зохиол: онол, түүх, шүүмжлэл” /2012/ нэвтэрхий толь бичгээс 80-ыг оролцогч багш нарт “Шинэ Азиа” группийн ерөнхий захирал гарын бэлэг болгож түгээсэн нь баруун хязгаарт хүргэх аргаа олохгүй явсан надад завшаантай сайхан үйл явдал болсон билээ.

Халил 2: Дээр өгүүлсэн тээр жилийн сонгуулийн үеэр Тосонцэнгэлд нэг жижиг усан цахилгаан станц баригдаж. Аманд ч үгүй, хамарт ч үгүй зуны цагт цагийн хязгаартай жаахан цахилгаан өгдөг гэлцэнэ. Харин ч үүнээс болоод Идэр их мөрний эхээд түрс юүгээ шахдаг загас жараахай өсөж үржихээ больж, барьсан хаалт даланд хашигдан үхэж үрэгдэх, үржил нөөц нь ч зогссоон гэж гэж нутгийнхан хуучилна. Үүнээс хойш Идэрийн тул загас нүдний гэм болж, харин ч “хаалт далан”-гийн дээр үүсгэсэн усан санд загасны аранга гэгдэх хар галуу үүрлэжээ. Нутгийнхан Хүрэн талын дулааны цахилгаан станц ашиглалтад орохоор энэ даланг даруй буулгах нь Идэр их мөрний голдрил хэвийн болж, өнө мөнхөд ус ундаанаа хайрлах болно хэмээн ярьцгааж байлаа.

Уул нь Монгол эх нутагт онгон дагшин хэвээр хадгалагдсан ганц аймаг бол Завхан. Гэтэл Тосонцэнгэлийн урд талын Хашиг, Тээлийн давааны орчим, хойшоо Баянхайрхан сумын нутгаар алт эрдэнэс, нүүрс ухаж төнхөх шуналтнууд ажлаа эхэлсэн, бас эхэлж магадгүй сураг занги ч чихэнд чимэггүй сонстож байлаа.

...Бид Тосонцэнгэлээс Идэр сум руу явах замдаа шинэ Дулааны цахилгаан станц барих газар усны хайгуулынхан дээр очсоноо дээр өгүүлсэн билээ.

Идэр сум орох замд биднээс өмнөхөн ороод өнгөрсөн уст борооны сүүлийг мушгисан хэд гурван дусал шидэлж, сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга тэргүүтэй 10-аад хүн тосож авсан бөгөөд сумын төвөөс доохоно Идэр мөрний хөвөөнд арваад цагаан өргөө эгнүүлэн барьжээ. Тэр бол бидний аж төрөх гэрүүд. Олны хөл хөсөөнөөс ийн тусгаарлажээ. Улаан хөлтрөгтэй том цагаан өргөө бол олимпиадын штаб бөгөөд дараа нь нийт оролцогсдыг хүлээн авах өргөө аж.

Идэр суманд Завхан аймгийн бүх сургуулийн багш, сурагчдын багууд, мөн Говь-Алтай, Хөвсгөл, Увс, Орхон... аймгаас багууд иржээ. Миний их анд, нэрт зохиолч Пүрэвжавын Баярсайхан агсны маань “Тавиул”, “Хөх туурийн тал”, “Чулуу”, “Хөгшид” өгүүллэгээ тэрлэсэн эл сумын төв сурагч багацуулын дуу баясгалант дуунаар сэрж, хөл хөдөлгөөнд дарагдахын хамтад дэлгүүр хоршоо, худалдаа үйлчилгээ эрхлэгчид завгүй... Энэ үеэр сумын төвийнхөн хөөрхөн орлого олчихно. Төрөө захирал олимпиадыг төрөлх сумын төвдөө зохион байгуулдагийн нэг учир үүнд ч байж мэдэх...

Халил 3: Би нутагтаа ирэх дуртай. Минй төрсөн нутгаас өөрцгүй нутаг. Энэ сумд миний аав Ядамын Дашлхүмбэ 1958-59 онд эмчээр ажиллаж, миний зулайг гишгэж төрсөн удаах дүү Д.Ганхуяг сумын эмнэлэгт төрсөн. Аавын маань найзууд гэх өвгөд бараг үгүй болжээ. Өнгөрсөн жилийн Монгол хэл бичгийн олимпиадаар дүүгийн бэлдэж өгсөн идээ ундааны дээжийг уул усанд нь өргөж нутаг орныг нь баясгасан бол энэ удаа “Бөхөн шарын нуруу”-ны сүмбэр их овоонд өргөсөн.

Тэр сүмбэр овооны дэргэд зогсож байхдаа Солонготын даваан дээр бодож зогссон Хангайн их нурууны ойн тухай нэгэн харуусал дахин сэдэрсэн билээ. 2000 оны эхээр Хангайн нуруунд их түймэр гарч хоёр ч жил нурамлан шатсан билээ. Солонготын даваанаас Идэрийн эх хүртэл туждаа шатсан юм. 2004 оны сонгуулийн үеэр хангайн бүсийн сумдаар явж ахуйдаа шатаж унасан модыг ашиглан амины үнэгүй дүнзэн орон сууц барих, эс дийлбэл бригадууд зохион байгуулж ой цэвэрлэх, түүнийгээ Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг ойн сангүй аймгуудад бэлтгэн нийлүүлэх, худалдах, нөхөн үржүүлгийн газрыг олноор байгуулах тухай ард иргэд, олон ч засаг даргатай уулзаж, бас зарим үржүүлгийн газар шинэсний үр бэлэглэсэн билээ. Гэвч тэр тийм ч ажил хэрэг болоогүй бололтой.

Түймэрт идэгдэж унасан мод хөвдөнд унаад дөрвөөс таван жилд өмхөрч илжирдэг. Хангайн нурууны унанги модод эгээ л их тулаанд эрсдэн унасан цэрэг эрс шиг ундуй сундуй хэвээрээ хэвтээг харахад нүд халтиран сэтгэл нэг л сэмэрмээр... Энэ тухай эрхэм шавь авьяаслаг яруу найрагч “Өдрийн сонин”-ы албаны дарга Булган нутгийн хүү Н.Гантулгадаа хуучилж явлаа. Утга зохиолын мэргэжлийн сургууль төгссөн эл хөвүүний олон сайн нийтлэлийг уншиж, хааяа магтаалаар мялааж, урмаар тэтгэхийн ялдамд үе үе зэмлэх явдал ч гардаг юм. Багш шавийн барилдлагыг эрхэмд боддог Тулгаа маань явдал зуур шүлэг тэрлэж, басхүү намайг тоон уншуулж, Батхүү, Бавуудорж, Сэр-Од мэт онигоочидтой хазаар дарж, очоод бичих нийтлэлээ хааяа нэг зуралхийлэн тэмдэглэж явсан нь миний сайхан дуртгалын санг зузаалсан билээ.

Төгсгөл ...Олимпиад зохион байгуулалт сайтай, маргаан будлиангүй, тал тохой татах, нутагрхах юмгүй гурван өдөр үргэлжилж дүнгээ гаргасныг дээр өгүүлсэн. Багш сурагчид дор бүрнээ сэтгэл хангалуун нутаг буцацгаалаа. Энэ ярвигтай хүнд ачааны хүндийг Боловсрол судлалын доктор, профессор Дийзгарын Баттогтох, Монгол Улсын Гавьяат багш Ё.Эрдэнэцэцэг, Ц.Дашдолгор, “Хүмүүн бичиг” сонины ерөнхий эрхлэгч, босоо бичгийн мэргэжилтэн Л.Элбэгзаяа, МУИС-ийн багш докторант Өлзийбаярын Оюунхүү зэрэг олон жил олимпиад зохион байгуулж сурсан туршлагатай багш нар Бороохойн Батхүүгийн хатуу хяналт дор зарга заалхай, хэл амгүй ном ёсоороо болж өндөрлөсөн юм. Төгсгөлийн цайллага дээр уг олимпиадыг ивээн тэтгэгч Л.Төрбаяр “Энэ олимпиад улсын хэмжээний том олимпиад болно. Энэ жил олон аймаг шинээр оролцлоо. Магадгүй, ирэх жилийн олимпиадын шагналын сан өсөж тэргүүн байр арван саяд хүрэхийг ч үгүйсгэхгүй” гэх үг унагасан нь багш нарын чихэнд чимэгтэй туссан байх. Түүнийг уг арга хэмжээнд оролцсон Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав ч дэмжиж харагдсан.

Олимпиадын дүнгийн хурал мөнөөх улаан халзтай Их цагаан өргөөнд болж, газар газрын эрдэмт багш нар хуран чуулж шагнал урамшууллаа хүртэн, хөөр баярын үеэр Цогдоржийн Бавуудоржийн “Хүннү туульс”, молхи бичигчийн “Уран зохиол: онол, түүх, шүүмжлэл” нэвтэрхий толь бичгийг хол ойроос зорьж ирсэн 60 гаруй эрдэмт багш нарт бэлэглэсэн нь “Шинэ Азиа” группээс хөдөөгийн алслагдсан аймаг сумын монгол хэл уран зохиолын багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлсэн онцгой үйл явдал байлаа. Газар газраас ирсэн багачууд хүүхдүүд:

...Монголоос хальсан Сэлэнгийн

Морийг нь эмээллэж хөгжөөсөн

Хөхүүл цагаан бамбарууш нь

Хөвхөр уснаас нь ундаалсан

Урсгалаа авсан тархин дээр нь

Ухаантнууд чуулсан мөрөн минь

Утайн уулсаас ч өндөр

Отгонтэнгэрийн хадаг минь ээ

Ээ... ээ... ээ...

Идэр их мөрөн мину

Ээлийн гэгээн дуу мину...

хэмээн дуулалдсаар нутаг нутгаа зорилоо. Бид ч бас тэдэнтэй зэрэг нийслэл рүү хүлгийн жолоо залсан. Их хутагтуудын нутаг, ариун дагшин Идэр их мөрний хөвөөнд ирэх жилийн хавар олимпиад болдгоороо болно. Шинэ аймгууд нэгдэн тэлж, дэлхийд холчоороо алдартай Идэр их мөрний хөвөөнд Монгол улсын хэмжээний үндэсний хэлбичгийн нэгэн том олимпиад дахиад болно.

“Баялаг нь болор тунгалаг цагт сэтгэл ч, амьдрал ч болор тунгалаг байх болно. Цаг хугацаа аяндаа нотлоод өгнө гэдэг шүү дээ...” хэмээн Идэр нутгийн унаган хүү, нэрт зохиолч П.Баярсайхан бидэнд гэрээсэлжихүй.

Д.Баттогтох

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 5.188.211.35 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 5.188.211.35 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.142 / -
Зочин / 46.229.168.132 / -