Холбоо барих +976 70112078

Гомбожавын Мэнд-Ооёо

Монгол хэл бичгийн сартваахи Шагж

Нэг. Шагж багштай шадарлан ”нөхөрлөсөн” минь

Шагж багш хэмээх хүний нэр “ Шагжийн толь” хэмээх номын нэр бичиг номд хорхойсож эхэлсэн цагаас олонтоо сонсогдох болж билээ. Ямар нэгэн үг үгсийг хэрхэн яаж бичих тухай яриа гарахад Шагжийн толь яаж бичсэн байна вэ? Хэмээн асууцгаана. Бас утга үл ухагдах үг гарч мэтгэлцэхэд мөн л тэрүү номоо маргаан тасална. Гэтэл тэрхүү Шагж хэмээгч нь хэн болох тухай товтой юм эс тааралдана. Түүний намтар тун бүрхэг. Бичгийн хүмүүст илтэд хурдан эс үзүүлэх тэрхүү домог болсон толь бичгийг дуулж мэдсэнээс хойш барааг нь харалгүй явсаар бас ч нэлээд хэдэн жил өнгөрч билээ. Далаад оны сүүлээр сэн. Нэг өдөр хуучин номын дэлгүүр ортол бор ногоон давуун гадартай, Дөрвөн хуруу зузаан номын баруун дээд өнцөгт “135 төгрөг” гэсэн цаас хавчуулсныг хараад ямар ном болоод ийм их үнтэй байгаа юм бол? Гэж бодоод сониучирхан үзвээс “Монгол үсүг-үн дүхим-үн толи бичиг” гэсэн байлаа. Тэр үеийн ханшаар ийм үнэтэй ном бараг үгүй байлаа. Шинжлэх ухааны хүрээлэнгээс 1937онд эрхлэн хэвлүүлжээ. Энэ чинь мөнөөх “ Эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд” болсон Шагжийн толь биш үү? Гэх асуулт толгойд зурсхийн орж ирсэн даруйд зохиогчийн нэрийг хайгаад олсонгүй. Дахин нягтлан эргүүлбээс, эхний хуудсанд нэгэн хуруу дарам газарт үзүүрт зүйлээр сохлон баллаж, зурвас цоолдсонг олж харлаа. Энэ бол зохиогчийн нэр байсан зай мөнөөр барахгүй багцаа бодвол Шагж хэмээх хүний алдрыг эрдэний таван үсгээр бичсэн тэр зай лавтайяа мөн гэдэгт итгээд тэрхүү номыг авч билээ.

Түүнээс хойш энэ номын тусыг өгүүлэвч баршгүй. Алты нь аваад авдры нь хаяна гэгчээр ном нь хэрэгтэй атал эзэн нь нэгэн цагт хэрэггүй болсны ул мөрийг илтгэх тэрхүү цоорхой зөвхөн ганц хуудсанд гарсан төдий зүйл бус нэгэн их бичгийн хүмүүний үйл амьдралыг тасалдуулан марталдуулсанаар хойш үеийхэний нь сэтгэлд онгорхой үлдсэн толбо юм байна даа гэх харуусал гунигийг би тэр номтой цуг тээж явах болсон юм. Хичнээн харуусаад ч тэр хүний зуурдаар хороогдсон амь нас босож ирэхгүй. Харин балран бүдгэрсэн намтар цадигий нь гэрэлтүүлэх хэдэн мөр хэлхэж буян үйлдсэн хэмээн 1989 оны цагаан морь жилд монголын түүх соёлын дурсгал, хэлмэгдсэн баларсныг сэргээн бадруулахын эрч хүч оргилсон цаг дор Шагж багшийн намтар түүхийн эрэлд мордсон юм. Тэр үед “Утга зохиолч, урлаг” сонины эрхлэгчийн алба харшиж байсан зохиолч Ц.Нацагдоржийн дэмжлэгээр НАХЯ-ны архивын эрхлэгч Х.Дүйнхэржав гуайн тусаар Шагж багшийн хилсээр баривчлагдсан байцаагдсан бичиг хэрэгтэй танилцав. Мэдэх таних хүмүүсийн эрэл суралд ч гарлаа.

Хүний нөхрөөр нь шинжихийн ёс буйг санав. Зуу гаруй жилийн өмнө хорвоод ирж, тавь гаруй жилийн өмнө биднийг орхин одсон түүний найз нөхөд эдүүгээ үгүй болжээ. Их зохиолч Д.Нацагдорж, их эрдэмтэн зохиолч Б.Ринчен нарын зэрэг дурсан өгүүлэх учиртай бичгийн нөхөд нь үгүй болжээ. Гэвч их хүмүүс өөрийн эрдэм билэг, ухааны чадлаар тэнцэн нөхөрлөгдөг билээ.

Багшийг шавиар нь шинжихийн ёс бас бий. Харин шавь нараас нь насан өндөр өтгөс мэр сэр байлаа. Шавь нар нь ямар хүмүүс байв? Лу багш хэмээн олноо алдаршсан их эрдэмтэн, хэл шинжлэгч Шадавын Лувсанвандан, эрдэмтэн зохиолч Хөдөөгийн Пэрлээ... тэд нар цөм хорвоог орхин одсон байлаа. Амьд сэрүүн улс байв уу? Бичиг номынх нь бэхийн мөрийг хатаалүй залгаж аваад эдүгээ 60 гаруй жилийн турш төрлөх монгол хэлээ зааж сургаж байгаа гавъяат багш Д.Чойжилсүрэн, Х.Далхжав нар, ялангуяа манай зохиолч сэтгүүлийн ихэд хүндэтгэдэг соёлт бичгийн хүн Өвгөөдэй хэмээх Ц.Даминсүрэн, олон үеийн хүүхэд багачуудийн унших Цагаан толгойн номыг зохиосон гавьяат багш Б.Цэвэгжав, мөн гавьяат багш Цэрэндулам, насаараа хэвлэлийн ажил хийж нас өндөр болсон хойноо “Өлзийнарангийн өчил” “ Оюунбилгийн ордны ойллогоо” зэрэг нэн сайхан хэл найруулга бүхий ном туурисан Адьяагийн Дашням зэрэг мэргэд тэгэхэд цөм амьд сэрүүн байлаа.

Монгол бичиг үсгийн нэвтэрхий цэцэд болсон эл буурлууд бол Шагж багшийн шавь нар болой. Шавь нартай нь уулзаж, бичиг ном, архив сэлтээс мэр сэр тааралдах зурвас төдий зүйлийг олж мэдсэндээ дулдуйдан тэр үеийн “Утга зохиол, урлаг” сонинд Шагж багшийн тухай анх бичиж хэлмэгдэн үрэгсэдийн элэрч баларсан түүх намтрыг сэргээж, дарагдаж байсан ном бүтээлийг нь хэвлэх, үйл амьдралыг нь судлах, эх орон ард түмнээсээ эхэлвэл зохих гавьяа алдрыг нь гэрэлтүүлэн тэр хүний төгс дүр төрхийг тодруулах тодорхой санал дэвшүүлсэн билээ. Түүнээс хойш долоо, найман жил өнгөрсөн боловч энэ хүний тухай бас л дуугүй байсаар байв. Түүний намтар эн бүрхэг учраас тэр буй заа. Тун саяхан болтол нутаг усныхан нь ч мэдэхгүй байв. Харин 1994 оны Шагжийн “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгийн тайлбар –Чандманийн эрхи” хэмээх алдарт толь бичгийг доктор Д.Цэрэнсодном гуай бид хоёр хэвлэлд бэлтгэж Монголын соёлын сангаас эрхлэн Бээжинд нэн үзэмжтэй сайхан хэвлүүлсэн билээ. Үүнийг бичигч 1989 онд Монголын Зохиолчдын Хороонд мэргэжлийн зохиолчоор ажиллаж байхдаа Шагжийн “Монгол бичиг сурах дөт зам” хэмээх алдарт сурах бичгийг нь Өвгөөдэй Дамдинсүрэн гуай, профессор Т.Дашцэдэн багш нартай элбэн хамжилцаж 5000 хувь хэвлүүлсэн нь одоо олдохгүй болжээ. Монголын Соёлын сан, Монгол бичгийг хөгжүүлэх Олон улсын сан хамтран Шагжийн “Монгол үгсийн дүрмийн толь”-ийг энэ ойд хэвлүүлэх ажлыг эхний хагас жилд багтаан түүний 110 жилийн ойд өөрийн нь бүтээлийн 3 дэвтрээр өөрт нь хөшөө болгосоор чармайлж байгааг дурдсу.

Ийн эрт урьдын ямархан хувь зохиолоор тэр гайхам сайхан хүнтэй эчнээгээр шадарлан “нөхөрлөж” тодоруулан гэрэлтүүлэхийн төлөө долоо, найман жил хөөцөлдөн гүйж яваа билээ? Хэмээн өөрөөсөө асуух өдөр ирэхэд урд болоод хойд насны үйл ерөөл байдаг буй заа хэмээх боддог юм.

Хоёр. Шагж багшийн намтрын хөргийг гаргах оролдлого

Садоо овогтой Баясгалангийн Шагж нь Түшээт хан аймгийн Далай чин ван Ханддоржийн хошууны Тэшиг хантай уулын Хавтгай харуулын нутагт буюу одоогийн булган аймгийн Тэшиг, Хангал сумын зааг нутагт малчин ардын гэр бүлд 1886 онд төржээ. Дайчин вангийн хүрээ, Амарбаясгалант хийд, Гандан хийдэд шавилан сууж, шашны боловсрол олж авчээ. Арваад настайгаасаа Чойрын таван номыг тайлбар сэлттэй нь есөн жил үзээд гэвш болжээ. Хорин хэдэн жил домын дамжаа барьж, гэвш болсоноос хойш Судар бичгийн хүрээлэнд ирэх хүртэлээ арав гаруй жил Чойрын ном үргэжлүүлэн үзэж, шашны гүн ухаан, төвд хэл бичигт нэвтэрч, гавжийн зэрэгт хүрчээ.

Шинэ тулгар байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнд тэр үеийн сор болсон сэхээтэнүүдийг урхид тэдний дунд Шагж орж, 1923 оны 2 дугаар сарын 1-нээс судрын сан хадгалагчийн ажилд сард 50 лангийн цалинтайгаар ажиллаж болжээ. Тэрээр сүм хийдэд шашны боловсрол олж эрдэм оюунаа шинэ соёлыг хөгжүүлэхэд зориулжээ. ”Шашны миний яс маханд нэвт шингэсэн” гэж хэлдэг байсан тэрбээр Судар бичгийн хүрээлэнд ажилласныхаа дараа жил төвд хэлний орчуулагчийн албан тушаалд ажилласан бололтой. Олон улсын номын санд гар бичмэлээр хадгалагдаж буй Тунган гэгээний зохиосон Тогтсон таалал бүхий ялгал болрын толь хэмээх 14 дэвтэр бүхий буддын гүн ухааны зохиолын орчуулгынхаа бичсэн нь “Тогтсон таалал бүхий уг хийгээд таалах ёсыг номолсон сайн номлол толь” хэмээх үүнийг Монгол Ардын Намын Судар бичгийн хүрээлэнгийн төвд орчуулагчийн хүнд нэрийг хүлээсэн хуврагийн дүрс Шагж хэмээх бээр, арван тавдугаар машинд гарсан модон хулгана жилийн мэргэсэр сарын арван тавнаа төгсгөн орчуулвай гэсэн нь аргын 1924 он байна. Энэ үед орчуулгыг ажлыг тун шаргуу хийж байсан бололтой. Төвдөөс Ра Лозаваагийн намтрыг орчуулсан тухай Б.Ринчен гуай дурсан бичихдээ: “... Цастны орны мэргэдийн зохиолын үг, үсгийн би яаж дураараа хасан халдаж, өөрчлөн эвдэх вэ гэж Шагж гуай сулхан шиг дуугаар дугарч, орчуулгаа хамгаалах санаатай уг эх бичигт нь тийм л үг үсэгтэй юм гэхэд нь Жамьян гуай:

-Төвд ном судрын хэлэнд ч тийм л байдаг юм хойно, унш гэхийг уншин үйлд гэж бичдэг нь төвд номын хэлний ёс. Энэ Ро Лозаваагийн намтрыг уншин үйлд, бид сонсон үйлдсү гэж бид хэлдэггуй шүү дээ. Монгол орчуулгад монгол найруулгаа бодвол сайн юм асан гэхэд нь,

-Хөх хотын Ширээт гүүш Өгүүлэхүйн Арслан Марайвийсэнгэ түүний орчуулсан Милийн бум дуулалд ч гэсэн, яг л эх судрын үгийг даган хөрвүүлсэн зүйл бий дээ гэж Шагжийн шүн татаж хэлэхэд, Их шавийн Лувсан гуай:

- Манай Зуун хүрээнд Ширээт гүүшийн Милийн бум дууллыг тун тусгүй орчуулга гэж шал өмнөөгөөр орчуулж цээжээр хүүрнэн хэлдэг нэг өвгөн бий гэж хажуунаас нь хэлтэл Шагж гуай баахан үл тоомсорлох байдал үзүүлж,

Тэр хэрмэл бадарчин яаж Ширээт гүүшийг гүйцэх вэ дээ гэж дурамжхан дуугарч байсан нь миний санаанд тун тодорхой бөгөөд соньхон санагддаг сан" гэжээ.

Энэ зурвасхан дурсамжаас үзэхэд ямар ч атугай Шагж багш орчуулгын хувьд өөрийн баримталдаг сургуультай, түүндээ тууштай хүн байсан нь харагдаж байна.

Тэрчлэн төвдөөс "Хослон дэлгэрсэн төр шашныг хочлогчдод иш ба зүй зохисоор өгүүлсэн мэргэдийг баясгагч лянхуан цэцэрлэг оршвой" хэмээх номын орчуулга бий бөгөөд Их хүрээний хамба Агваанхайдавын төвдөөр бичсэн "Хонь, ямаа, үхэр гурвын яриа" зэрэг зохиолыг бас монголчилсон гэдэг. Мөн Зая бандидын зохиосон "Өндөр гэгээний намтар"-ын ор­чуулга нь гар бичмэлээр нэлээд тархсан бөгөөд Данжуурын гарчгийг эрдэмт бичгийн хүмүүн Бат-Очир шадарын хамт орчуулан төвд, монголоор сийрүүлэн бичсэн нь одоо Улсын номын сангийн хөмрөгт бий.

"Би төвдөөс нэгэн түмэн уг мэднэ л дээ, тэгээд орчуулахад уг дутаад байх юм гэдэг сэн" гэж Ардын багш Д.Чойжилсүрэн гуай дурсан ярьсан юм. Архивын бичиг хэргээс шүүн үзвэл: "Судар бичгийн хүрээлэнгийн 1925 оны 7 дугаар сарын 16-ны 11 дугаарудаагийнхурлынтогтоолооролонэрдэмтдийгхүндэтгишүүн, жинхэнэ гишүүн, сул гишүүнээр сонгоход Шагж багшийг сул гишүүнээр /одоогийн сурвалжлагч гишүүн/" сонгосон юм байна. Энэ үеэс түүний үйл хэрэг орчуулагчийн ажлын хүрээнээс багш, сурган хүмүүжүүлэгчийн үйлсэд тэлсэн аж.

1927 оноос Оюутны сургуульд монгол хэл бичгийн сургагчийн ажлыг хавсран хийж ахуйдаа эхлэн суралцагчдад зориулж, "Эрдэнийн сангийн түлхүүр" хэмээх сурах бичгийн дүрмийг бичиж хэвлүүлсэн бөгөөд үүнийхээ гүйцэтгэл болгож, "Эрдэнэ мэт үсгийг хялбар эвлүүлж чимэг болгон хэрэглэх амар хөтөлбөр хэмээх оршвой" гэдэг сургаал үгсийг зохиосон байна. Түүнд бичсэн нь: "... Хураасан эдийг хулгайд алдаж болмуй. Сурсан эрдмийг хулгайд үл алдмуй хэмээжүхй. Тиймийн тул хулгайн аюул ирж болох эд хөрөнгийг чөлөөгөөс хасч, хулгайн аюул үл ирэх эрдэмд хичээвээс зохимуй. Чихэр бурам амтлаг боловч хог буртаг лугаа хольцолдвоос хэн хэрэглэмүй. Эрдэм соёл тустай бо­ловч хэдэр догшин лугаа хольцолдвоос хэн хэрэглэмүй хэ­мээжүхүй. Тийм тул эрдмийг сурагчид хэдэр догшин занг шамдан тэвчиж эелдэг занг эрхэмлэвээс зохимуй. Гал хэдий их тустай боловч догшин салхин лугаа нөхөрлөвөөс хөрөнгийг сүйтгэмүй. Эрдэмтэн хэдий их тустай боловч нэн шунахай лугаа нөхөрлөвөөс доройтуулмуй хэмээжүхүй. Тийм тул ховдог шунахай сэтгэлийг насанд цээрлэвээс зохимуй. Зуудаг нохой эзэндээ тустай боловч бусдыг хорлох нь үнэхээр бэрх. Зусарч хүн ихэст тустай боловч доордсыг хөнөөх нь үнэхээр бэрх хэмээжүхүй. Тиймийн тул ураг садан ба нэгэн аймагтан хийгээд баян ихсийг дотнолон бусдыг хөнгөтгөх сэтгэлийг яаран тэвчиж тэгш сэтгэлийг эрхэмлэвээс зохимуй..." гэж нэн сайхан бичжээ.

Өвгөөдэй хэмээх Ц. Дамдинсүрэн гуай надад өгүүлсэн нь: Оюутны сургууль 1928 онд Багшийн сургууль нэртэй болсон юм. Би хөдөөнөөс дөнгөж ирээд байв. 108 сурагчтай, долоо найман багштай, Жамьян гүн, Эрдэнэбат хан, Жамсраны Цэвээн, Авирмэд гүн, Цэвэгжав багш нар байв. Тэдний дунд монгол бичгийн дүрмийн багш нь Шагж гуай бай-лаа. Анх эхлээд харахад нэг их сайхан налгар уужуу тайвуу,талимаарсан харцтай, ов товхон цоохор шарангуй царайтай, элбэгдүү сайхан монгол дээлэн дээр шар дурдан бус ороосон тийм хүнтэй тааралдаад хийд хурээнии нэг том эрдэмтэи лам ч гэмээр юм шиг, нутгийн нэг тохитой хүнтэи ч зүйрлэмээр, аавыгаа ч зүйрлэмээр санагдаж билээ. Хүрэн, хүрэн ягаандуу чисчүү мөн цэмбэн дээл өмсдөг, давхар сарьстай угалзтай хар булигаар монгол гуталтай. Их цэвэрхэн хувцаслана. Багш хүн ер нь ямар янзтай байх ёстой тухай сургана. Архи тамхинд шунаж болохгуй, ер тохитойг эрхэмлэж байх тухай их ярьдаг байв. Эр хүн ер сайн муу юманд их оролцоно. Тиймээс өдрийн тэмдэглэл хөтөлж бай гэдэг. Тэрнийг дагасан улс бий. Би тэр ёсоор арван жил хөтлөсөн тэмдэглэл маань хэлмэгдлийн үед алга болсон доо...

А. Дашням гуай өгүүлсэн нь:

-- Хэвлэлийн хороонд ном хэвлүүлэхээр хааяа орон гаран явахыг нүд үзэн нүүр танилцав. Түүн лүгээ тавтай дайралдсан нэгэн өдөр: Та үсгийн дүрэм зааж надад туслана уу хэмээн чин үнэнхүү санааны угаас хүсэн гуйв. Тэр гуйлтыг Шагж багш дуртайяа хүлээн зөвшөөрч, нэгэн мянга есөн зуун хорин есдүгээр онд өөрөө зохиож машиндан шангийн бор дурдан-гаар хавтасласан "Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол хэлний тайлбар-Чандманийн эрхи" хэмээх толь бичиг дөрвөн дэвтрийхээ тэргүүн дэвтрийг Хэвлэлийн хороон дээр нэгэн Өдөр авчран өгч,

Чи энэ толь бичгийг сайтар судал! Үл мэдэх зүйл гарвал надаас асуугаарай. Бусад дэвтрийг дэс дараалан үзэж танилц! Үсгийн дүрэм үнэхээр мэдэхийг мэрийж байгаа бол би чамд мэдэхийн хэрээр зааж туслана хэмээн хэлсэн билээ.

Би, Шагж багшийн хэлсэн эл үгийг их л бишрэн сүсэлж, таны зааж сургасан бүхнийг болхи оюуны чадал чинээгээр ойлгож мэдэхийг чармайн хичээе хэмээн амлаж, монгол хэл бичгийн Сартваахи хүн Шагж багш лугаа шадар дотно танилцан багш шавийн барилдлагатай болсон юм. Шагж багш дээр дурьдсан толь бичгийн дөрвөн дэвтрээ тэр жил надад сэтгэл харамгуй үзүүлснээс гадна Улсын номын санд буй монгол үг үсгийн дүрэм, өгүүлбэр, найруулга сайн, үгийн баялаг үлэмж "Зүрхэнтольтын тайлбар огторгуйн маань", "Орогсдын ерөөл", "Жин гу чи гуань" /Эрт өдгөөгийн гайхамшигт сайхан үзэгдэл /, "Жн пин мэй". "Жи дянь хуушаан", "Жун дагинын тууж" гэх мэтийн дорно дахин болон дэлхиид дээгүүр нэрд гарсан бичиг зохиолын монгол орчуулгын зарим гоц сонирхолтой бүлэг зүйлийг удаа дараа өөрийн гар дээр ангилан авч надад уншуулан тусласан төдийгүй үг, үсэг, зөв бичих дүрмийг ой тойнд ортол удаа дараа хэлж зааж өгсөн билээ..."

Д.Чойжилсүрэн багш өгүүлсэн нь:

Үг асуу л гэнэ. Монгол үгийн толь цээжинд нь байдаг хүн. Ном их ярина. Ном сурахад хамгийн мэргэн хялбар арга юу вэ? гэвэл өөрөө уншаад цээжлэх, түүнээ бодох. өглөө орой хоёр бодоход зүгээр байдаг юм даа гэж багш ярьдагсан. Дандар аграмбыг их хүндэтгэнэ. "Да багш" л гэнэ. "Тарвачимбо" номыг их уншина.

Өөрийн нь бичсэнээс иш татаж, шавь нарын нь ярианаас цухас тэмдэглэхэд хэдийгээр энэ хүний намтар түүх хэдэн арван жилээр биднээс алслан одсон ч түүний тухай тодорхой дүр төрх бууж буй нь лавтай.

Гурав. Шагж багш бичиг соёлын төлвөх үйлсийн манлайд

Шагж багш монгол бичиг соёлын үйлсийг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд сүүлийн жилүүдийнхээ үйл хэргийг зориулж Жамьян гүн, Бат-Очир шадар, Ж.Цэвээн нарын хамт зүтгэж 1925 онд Цахарын хөвөөт Шар хошууны сүмээс монгол улсад "Данжуур"-ыг залж ирэхэд Жамьян гүн, Хишигдалай нартай хамт явж байжээ.

"Монгол улсын арван наймдугаар он /1928/ арван нэгэн сарын 20. Тус газрын төвд үсгийн орчуулагч Шагж Бээжин, Хөх хот зэргээс авчирсан судрын тоо" гэсэн өөрийн гараар бичсэн тайлан Улсын архивт байна.

Үүнд: "Богд Чингис хааны түүх", "Монгол утгын зүйл хуваасан толь бичиг", Мэргэн гэгээн Лувсандамбийжалцан, Зая бандид Ишбалжир нарын мэргэдийн сүмбэм зэрэг 60 гаруй нэрийн олон зуун боть ном, одон орны зураг зэрэг зүйлийг мөнгөөр худалдан авчирч байжээ.

Шүдэнзний хайрцагны хэмжээтэй цаасан дээр "Ногоон дарь эхийн магтаал" -ыг төвдөөр маш гоёмсог бичсэн нь одоо Улсын номын санд хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг энгийн нүдээр харж уншихад нэн бэрх, өсгөдөг шилээр уншиж болохоор юм. Энэ бүхэн ном соёлыг тэрбээр ихэд эрхэмлэн дээдэлж байсныг гэрчилэх агаад монгол хэл бичгийн үнэхээр маш гарамгай эрдэмтэн болохыг нь хойно батлан өгүүлэхийг хичээсүгэй.

Шагж багш төвдөөс ном орчуулахдаа гарсан үгийн лавлагаа хийх, сургуулиудад монгол хэл бичиг заах, толь хийх зэрэг ажлын явцад монгол үсгийн дүрмийг нэг мөр болгох, хялбар дөхөм сурах дөт зам гаргаж өгөх явдал шаардлагатай болсон хэрэг. "Монгол бичиг хялбар сургах дөт зам оршивой" хэмээн номынхоо оршилд үүний урьд гарсан бөгөөд эдүгээ энд олдож буй монгол үсгийн шалгадаг номлолууд нь: ХXIII зууны үед Лхарамба Данзандагвын зохиосон "Огторгуйн маань" мөн Манжийн сайд Утга үнэн гүнгийн зохиосон "Үзэхүй дор хялбар болгосон бичиг" XIX зууны уед Алшаагийн Лхарамба Агваандандарын зохиосон "Хэлний чимэг", Тогтохтөрийн зохиосон "Оюун билгийн соёрхол", XX зууны үед занги Лхамсүрэнгийн зохиосон "Алтай толь" зэрэг байгааг дурьдаад эдгээр нь уншигч мэдэгчдэд туслахаас биш эхлэн суралцагчдад туслаж чадахгүй юм. Иймд хялбар сургах дөт замыг үүгээрээ анх гаргаж буйгаа дурьдсан бий. Энэхүү "Дөт зам" тухайн үедээ гурван удаа хэвлэгдэж, олон зуун мянган хүнийг бичиг үсгийн замд гаргах дөт зам болсныг өдгөөгийн мэргэд бахдан хэлэлцдэг билээ.

Академич Ц. Дамдинсүрэн бичсэн нь:

Дурьдсан хэлзүйн зохиолуудыг нарийн судалсны үр дунд монгол үгийн дагаврын хууль, жийрэг эгшгиин хуулийг сайн судалж мэдээд хувилагч, хувилгагч үсэг гэдэг монгол хэлзүйн шинэ томьёоллыг гаргаж, монгол үгзүйн бичгүүддээ гаргасан билээ гэжээ.

А.Дашням гуай өгүүлсэн нь:

— Дээр үеийн манж хэлний нэгэн толь бичгийн эцэст монгол бичгийн уг зөв бичихүйд хэрхэн хэрэглэх байдал бараг

мэдэгдэхгүй, балар бүрхэг хагас дутуу тэмдэглэл төдий байсан хэдэн үсгийн учрыг Шагж багш шинжлэн судалж хувилагч 6, хувилгагч 22 үсэг хэмээн нэр өгч,тэдгээр үсэг яахин хувилах, хувилгах байдлыг маш ойлгомжтой бөгөөд тов тодорхой жишээ гарган үзүүлж тогтоосон нь нэгэн ёсондоо хуучин монгол бичгийн зөв бичилтэд нэн чухал нээлт болсон. Ер нь үүгээр л зөв бичнэ. Үүнийг мэдэхгүйгээр монгол бичгээр зөв бичих гэж ч байхгүй дээ.

Д. Чойжилсүрэн багш өгүүлсэн нь:

Шагж багш бол монгол үсгийн дүрмийг онолын үүднээс боловсруулсан хүн гэж би үздэг юм. Бичээчээс бичээч дамжин аман уламжлал, ном шастираар дамжин явж ирснийг нэгтгэн боловсруулж дүрэм болгон эмхэлсэн юм. Шинэ маягаар одоогийн дагахтолийг зохиохдоо бичих дүрмийг хамт гаргасан юм. Энэ бүхий үр дүн нь "Дөт зам" сурах бичиг болж гарсан...

Дээрх хүмүүсийн ярианаас үзэхэд Шагж багшийн "Дөт зам" бол монгол үсгийн олон зуун жилийн уламжлалыг нэгтгэн боловсруулсан нээлтийн шинжтэй бүтээл гэдэгт мэргэд санаа нэг байгаа юм байна. Хураангуйлан хэлбэл өмнөх үеийн бичгийн их хүмүүсийн бүтээлд тулгуурлан Шагжийн зохиосон дүрэм бол монгол үсгийн хамгийн орчин үеийн боловсронгуй бүтээл мөн ажгуу.

Шагжийн 1929 онд зохиосон "Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол хэлний тайлбар толь-Чандманийн эрхи" хэмээх толь бичиг нь түүний монгол хэлбичгийн дүрмийн онолыг боловсруулахад хэрэглэж байсан тулгуур, монголын түүхэнд биеэ дааж гарсан хамгийн анхны тайлбар толь юм. Үүний дараа 1933 онд "Үсгийн дүрмийн товч толь" зохиож, улмаар үүнээ цааш баяжуулсаар мөнөөхөн алдарт "Монгол үсгийн дүрмийн товч толь бичиг" хэмээх хоёр түм долоон мянган үгтэй толь гурван жилийн дотор туурвиж, 1937 оны хавар хэвлүүлсэн юм. Түүний толь бичгүүд зохиогдсон цаг үе бол монголын хэлбичгийн түүхэнд онцгой чухал үеүд байлаа. Мөн үед "Хааны бичсэн 4 зүйлийн үсгээр хавсарсан манж үгийн толь бичиг" хэмээгчийн монгол үгийг сийрүүлэн аваад "Хорин нэгтийн тайлбар толь"-д байгаа үгсийн тайлбарыг хуулж, яльгүй найруулан засаад бусад үгийн тайлбарыг "Хааны бичсэн нэмж тогтоосон манж үгийн толь бичиг" хэмээгчээс орчуулан авч нэгэн иж бүрэн бүтээл болгох ажлыг тэр үеийн их бичгийн мэргэд Бат-Очир шадар, манжич Мишиг хоёр 1921 он хүртэл долоон жил хийсэн агаад нэг түм есен мянга орчим үгтэй эл толь бүгд 36 дэвтэр толь "Гучин зургаатын тайлбар толь" гэж алдаршжээ.

Шагж багш өөрөө нэгэнтээ бичсэнээр 1928 онд Манж-монгол толийг мөн нэгтгэн зохиолцсон юм байна. Эрдэмтэн Шагж улмаар Б.Ринчен, мэргэн хэмээх Гомбожав, Дорж мээрэн, Я.Цэвэл, Ц. Дамдинсүрэн, их зохиолч Д.Нацагдорж нарын хамтаар "Монгол хэлний нэвтэрхий толь" зохиох ажлыг эхлээд 1937 оныг хүртэл 3-4 жил ажиллаж, бас ч нэлээд зүйлийг хийгээд байлаа. Чухамхүү энэ үе бол монгол бичиг, үсэг маань хамгийн боловсронгуй дүрэм журамтай болж, олон мэргэжилтэн эрдэмэн төрөн гарч толь бичгүүд зохиогдон нэг мөр болж эмхэрч цэгцэрснээрээ хөгжлийнхөө хамгийн өндөр төвшинд гарсан жилүүд байлаа.

Дөрөв. Шагж багшийн хэлмэгдлийн жилүүд

1937 оны гамшгийн хар сүүдэр монгол бичиг соёлын гарамгай зүтгэлтэн, толь зүйч, сурган хүмүүжүүлэгч, орчуулагч Шагжийн үйл амьдралыг таслан зогсоосон юм. Гучин долоон оны тэрхүү бараан сүүдэр улам хүүшлэн сунаж, дөчөөд оны босгыг алхахдаа монгол бичгийг бас нөмөрсөн билээ. Зуун зуунаар өртөөлөн улам улмаар сайжруулан явсаар ёстой л алтан үедээ орж, монгол бичгийн дүрмийн тольтой болж, сургах арга зүй боловсрон ард хотлоор амар дот сурах замаа олж, яг л нэг бүрэн эмхэрч цэгцрээд байтал нь түүний хөгжлийг зуурдаар таслан зогсоосон юм.

1937 оны 11 дүгээр сарын 23-нд Дотоод явдлын Яам Шагжийг баривчилж, 1938 оны 7 дүгаар сарын 29-ний өдөр буудан хороожээ. Түмэн олныхоо тусын тулд чин зоригийг барьж нэгэн насаар зүтгэсэн зүтгэлийг нь мушгин гуйвуулж хилс ялд унагана гэж тэрбээр яахин мэдэх билээ. Шагжид гүжир гүтгэлгийн хоосон ял тулгасны дотор ялын төлөвлөгөөнийхоёрдугаар зүйлд "Улс ардын соёл боловсролыг боогдуулахын тулд санаатайгаар зарим зохиолын утгыг бүрхэгдүүлэн ард түмний хувьсгалаар хүмүүжих явдалд саадыг учруулж байсан ба жишээ нь Ардыг гэгээрүүлэх Яаманд үсгийн дүрэм, Товч толь бичгийг зохион өгч хэвлүүлсэн бөгөөд түүний дотроо хувьсгалын утга бүхий шинэ боловсролын нэр томьёог бараг оруулаагүй байсан ба түүнчлэн түүний зохиосон мон­гол цагаан толгой ба аливаа нэгэн зохиолын дотор шинэ бо­ловсролын утга бухий утга зохиол төлөв байдаггүй бөгөөд ерөөс хувьсгалын ёсны шинэ хөгжилд боловсролыг удаа дараа үргэлж доромжилж байсан" гэжээ. Нэгэнт он цагийн шалгуураар утга учраа алдсан тэр гүтгэлгийн үгтэй юу гэж маргах вэ? Гэсэн ч гүжир уг гэдэг хутга мэснээс дутуугуй болохоор Шагж 1965 онд цагаадах хүртэл, туурвисан бүтээлийг нь хэлмэгдүүлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байжээ. Учир юу хэмээвээс: Эрдэмтэн мэргэд, зохиолч сэхээтнүүдийг үй олноор нь хэлмэгдүүлснийхээ дараа тэдний бичсэн, бүтээсэн ном зохиол руу улайран дайрчээ. Эсэргүү нарын номыг устгах, хураах, цаазлан хориглох, нэр усыг сохлох, хайчлах, урах ажлыг удаа дараа хийхэд Шагжийн номууд мөн л өртсөөр байжээ. Ингэж түүний намтар түүхтэй холбоотой зүйлүүд бүдгэрэн, хэвлүүлсэн ном туурвилууд нь нүдний гэм болсон байна. Шагж өөрийн хүсэлтээр эцсийн мэдүүлэг өгөхдөө: "... танай ажилчин ба танай Дотоод Яам нь ганц намайг бус над мэтийн үнэнч ажилчид ба шударгуу ардуудыг өдий төдийгөөр хилсдүүлэн яргалж сурсан нь хэргийн өмнө илэрхий болой. Түүгээр ч ул барам Лхүмбийн зэрэг эсэргүү нарын хэрэг гэгчид холбогдогчдыг бусдаар хилс гэрчлүүлэн цохиулах буюу хэтэрхий зовлонд нэрвэгдүүлэн хэрэг хүлээсэн нэрээр тулган яргалан байсан түүх нь миний ба ард түмний өмнө тодорхой шүү! Одоо надад хэлэх зүйл огт байхгүй, гагц хүсэх минь амархан үхэх. Шорон оронд буюу буудан үхүүлсүгэй. Хэрэв намайг түргэлэхгүй бол би өөрийн бие цогцсыг танай хилсдүүлэх гашуун бэрхээс өөрөө мэдэн ангижруулмой. Одоо байцаагдаж чадахгүй" хэмээн тэр үеийн бузар булайг илчлэн уудалжээ.

Зохиож туурвисан ном бүтээл нь хожим хар салхинд өртсөөр ирсэн ч мөн л эзэн шигээ эрс хатан зоригийг барин бүрмөсөн үрэгдэж усталгүй бидннй үед хүрч ирсэн билээ. Гэвч гамшиг бүрнээ яахин арилах билээ! 1965 онд Шагжийн хэрэг гэгчийг хянан үзэж, цагаатгасан боловч түүнээс хойш ч ном судар нь хэвлэгдсэнгүй. Үүх түүхэнд ч тэрчлэн тэмдэглэгдсэнгүй. 1969 онд хэвлэгдсэн БНМАУ-ын түүхийн дэлгэрэнгүй гурван ботийн нэн шинэ үеийг хамарсан гуравдугаар ботид ардын гэгээрэл боловсролын тухай 1921-1940 оныг хамарч бичихдээ: Сургуулиудад О.Жамьянгийн "Монгол үсгийн цагаан толгой", "Урт өдрийн улиг үгийн бичиг", "Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу", "Оюун түлхүүр" зэргийг хэрэглэж байсан гэж бичсэн боловч тэр үед хамгийн түгээмэл хэрэглэж байсан "Дөт зам" болон монголын соёл боловсролын түүхэн гайхамшигт үзэгдэл болсон "Монгол үсгийн дүрмийн толь бичиг" зэргийг огт дурьдаагүй өнгөрсөн нь мөнөөхөн хар балгийн үргэлжлэл гэхээс өөр юу гэх вэ? Хэлмэгдлийг цагаатгана гэдэг нь зөвхөн тогтоол шийдвэр гаргасан төдий хэрэг бишээ. Тогтоол гарснаар санаа амардаг нь даанч ёстөдий хэрэг.

Өмнөх завхралыг залруулж орхиж гээсэн өв соёлоо сэргээж буй яг өнө үед "Шагжтүв" хэмээн нөхөд нь бахдан дууддаг их эрдэмтэн, орчуулагч, багш, толь зүйч Садоо овогтой Баясгалангийн Шагж агсны гэгээн үйлсийг залж мандуулах тийм цаг чухам ирлээ гэдгийг хэлмээр байна.

Г.Мэнд-Ооёо

Ойролцоо мэдээ

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © Ү

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.148 / -
Зочин / 46.229.168.137 / -
Зочин / 46.229.168.137 / -
Зочин / 46.229.168.139 / -
Зочин / 46.229.168.140 / -