Холбоо барих +976 70112078

Дийзгарын Баттогтох

Эрдмийн эрдэнэсийн хүүсанг нээгч -Эх хэл минь

Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих "Үлэмж эгшиглэн" сангийн удирдах зөвлөлийн гишүүн, олимпиадын ерөнхий шүүгч, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, СХУ-ны доктор, профессор Д.Баттогтохтой Завхан аймгийн Идэр сумын сургуульд 12 дахь жилдээ болж байгаа Эх хэлний олимпиад, оюуны их наадмын талаар хөөрөлдөв.

-Эрдэмтэн судлаач хүнтэй хөөрөлдөж байгаагийнх эхлээд хоёул номын тухай ярилцъя. Ном гэж таныхаар юу вэ?

НОМ гэж ерийн нэг дэвтэрлэсэн цаас төдийхөн биш, ном бол эрдмийн эрдэнэсийн хүүсанг агуулагч авдар. Тэрхүү эрдмийн эрдэнэсийн авдрыг нээгч түлхүүр нь ЭХ ХЭЛ. Тиймээс "Эх хэл- эрдмийн түлхүүр" гэдэг.

Ном номын дээд нь Богдсын ном бол эрдэм эрдмийн дээд нь эх хэл юм. Харамсалтай нь ном бүхэн Богдсын ном болж чадахгүй, эх хэл маань эрдмийн дээдэд өргөмжлөгдөхгүй байна. Сүүлийнүед номын нэрнээс эхлээд агуулгыг нь гарчиглах төдийд орчуулгын модон мохоо хэлтэй, урт сунжруу, албархаг сүржинүг хэллэгтэй, монгол бус сэтгэлгээ, үгөгүүлбэртэй, уншихад уйтгартай иймэрхүү номын оронцогийг харахад "Гаднаа гяланцаг" |хавтас зураг гоё|, уншихад "Дотроо паланцаг" |агуулга, санаа, хэл найруулга муу| болсон номонцор зүлэгнээс дэлбэрсэн ус мэт элбэгшиж, харин Богдсын номтой дүйх, уншихад урамтай, ухахад гүн, уран сайхан хэл найруулгатай сайн ном алгаар хутгасан ус мэт ховор хомс болжээ.

Монгол ном судрын уламжлалт нэр нь хүртэл шүлэг шиг уран яруу, утга төгс, хэм тэгш хоршоо үгтэй хос уянгат, бэлгэдэл утгатай байдагсан. Тухайлбал: "Зүрхэн толт", "Оюун түлхүүр", "Эрдэнийн сан", "Болор эрхи", “Болор толь”, "Алтан сургаал", "Рашааны дусал", "Билгүүн толь", "Зуун билиг", "Хэлний чимэг", “Огторгуйн маани \нар\, “Цагаан түүх”, “Шар тууж” гм. Гэтэл одоогийн номын нэр уртаас урт сунжруу сувс үгтэй, охроос охор гүехэн утга санаатай, монгол бус харьжсан сэтгэлгээний загвартай, жишээлэхэд, "Ерөнхий боловсролын сургуулийн III-р ангид үзэх Монгол хэлний хичээлээр сурагчдын эзэмшвэл зохих цогц чадамжийг үнэлэх зарим асуудалд" гэсэн номонцорын нэр нь гэхэд л монгол хэлний бүтэц загварыг эвдсэн, орчуулгын оноогүй ормол үг хэллэгт хүүхдийг дасган, аялгуут сайхан монгол хэлэнд бус, айзам эгшиглэнгүй, албархаг сүржин бохир хэлэнд сургахаар байна.

Зүй нь, ялангуяа хүүхдийн эх хэлээ сурах Монгол хэл, Уран зохиол, Унших бичгийн номын хэл найруулга шилдэг сайн, үлгэр жишээ болохуйц байвал зохино. Дээд богдсын ном лугаа сайн номыг сонгож уншсанаар хүүхдийн хэл яриа хөгжиж, үгийн баялаг нэмэгдэн, уран сайхны сэтгэлгээ, авьяас билиг нээгдэхийн сацуу номд дурлан номын үр шимийг хүртэн эрдэмтэй мэргэн эрхэм сайн хүн болж төлөвшинө. БШУЯ-аас боловсролыг хөгжүүлэх бодлогын хүрээнд "Зөв монгол хүн"-ийг багаас нь төлөвшүүлэхийг чухалчлан үзэж, "Ном", "Авьяас" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг зөв зүйтэй ажил гэж би дэмжиж байна. "Зөв монгол хүн" гэж юуны өмнөүндэсний хэл бичиг, өв уламжлал, утга урлаг, зан заншил, эх түүхээрээ бахархдаг, түүнийгээ сурч судалдаг, эх хэл соёлоо эрхэмлэн дээдэлдэг жинхэнэ монгол үзэл суртахуунтай хүнийг хэлнэ. Хүүхдэд дээрх хүмүүжил, боловсролыг хүртээх гол судлах хичээл, үзэх ном бол Монгол хэл, монгол бичиг, уран зохиол болно. Бидний уламжлал болгон жил бүрийн хавар Завхан аймгийн Идэр сумд зохион байгуулдаг Идэрийн эх хэлний олимпиадын зорилго ч үүнд чиглэсээр ирсэн билээ.

-Яам гэснээс, Шинэ Азиа групп жил бүр 50-70 сая төгрөгийн санхүүжилт хийж, олимпиадад оролцогчдын томилолт, унаа, байрны зардал болон шагнал урамшуулалд зарцуулдаг. Улсын ямар ч олимпиад, уралдаанаас илүү өндөр шагналыг түрүүлсэн багш, сурагчдад олгож, эх хэлний эрдэм, монгол утга соёлын боловсролыг ивээн тэтгэж байдгийг БШУЯ, түүний харьяа байгууллага, сургуулиудын удирдлага хэр мэдэж, дэмжин ажиллаж байна вэ? Миний санахаар ийм дэмжлэг хараахан байхгүй байх шиг.

Хэдийгээр “Идэрийн эх хэлний олимпиад” зөвхөн нэг сумд болдог ч гэсэн энэ олимпиадын сураг чимээ, нэр нөлөө олон аймаг, хотын сургууль багш нарт хэдийнээ хүрч, цар хүрээ нь жилээс жилд улам тэлж өргөжиж байна. Өнгөрсөн жилийн олимпиадад Говь-Алтай аймаг бүрэн багаараа оролцож, мэргэжлийн багш нарын уралдаанд тус аймгийн Есөнбулаг сумын II сургуулийн Монгол хэлний багш О.Сүнжидмаа тэргүүлэн шалгарч нэг сая төгрөг, алт, мөнгөөр урласан “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдгийн эзэн болсон юм. Мөн Хөвсгөл, Орхон зэрэг аймгаас хэд хэдэн сургуулийн багш, сурагчид амжилттай оролцлоо. Энэ жилийн олимпиадад нэмж оролцохоор бусад аймгаас ч мэдүүлгээ өгч байгаа. Энэ мэтээр Идэрийн эх хэлний олимпиадад оролцогчдын бүрэлдэхүүн, тоо, чанар улам нэмэгдэн, эрч хүч, сүр дуулиан нь улс орон даяар тархах болов.

Энэ сайхан мэдээ, сайн ажлын үүсгэл өрнөлийг Монгол улсын төр засаг, БШУЯ, холбогдох бусад газрууд анхааралдаа авч байгаа байх. Ялангуяа манай яамны боловсролыг хөгжүүлэх гол бодлогод бидний олимпиадын үүрэг, зорилго, агуулга, ач холбогдол яг таарч тохирч байна. Тухайлбал Идэрийн эх хэлний олимпиад зөвхөн бага, дунд ангийн багш нар, 1-11-р ангийн сурагчдын дунд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд мэдлэг чадвараа сорих уралдаан болоод зогсдоггүй, ахлах ангийн сурагчдын дунд “Эсээ бичлэг”-ийн уралдаан, олимпиадад оролцогчдын дунд “Хүмүүн бичиг” сонинтой хамтран “Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдаан” зэргийг зохион байгуулдаг нь сурагчдын уран сайхны сэтгэлгээ, ургуулан бодох уран авьяасыг нээн хөгжүүлж, эх хэл, үндэсний монгол бичгийн ирээдүйн сайн мэргэжилтнийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой болно. Тус олимпиадын 2009 оны “Эсээ бичлэг”-ийн уралдааны шагналт Энхээгийн Пагмаа МУИС-ийг урлаг судлалын мэргэжлээр энэ жил төгсөх бөгөөд яруу найргийн “Бүсгүй цэцэг” номоо хэвлүүлэхэд нь “Үлэмж эгшиглэн” сан ивээн тэтгэлээ.

Энэ жилийн хувьд “Үлэмж эгшиглэн” сангийн захирлаар томилогдон ажиллаж байгаа төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн нэрэмжит “Үлэмж эгшиглэнт үдэш” уран бүтээлийн цэнгүүнийг Завхан аймгийн төв-Улиастай хотод зохион байгуулах юм.

Мөн Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулгын нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдааныг олимпиадад оролцогч нийт багш, сурагчдын дунд зарлаж, өгөгдсөн сэдвээр шүлэг зохиолгох юм. Шүлгийн уралдаанд тэргүүлсэн найрагч 300000, удаалсан найрагч 200000, гутгаар дэст 100000 төгрөг, тусгай байр 2-ыг шалгаруулж 50000 төгрөг, тус бүр өргөмжлөл, зохиолчдын ном бүтээлийг дагалдуулан урамшуулах юм.

Идэрийн эх хэлбичгийн олимпиадад эрдэмтэн зохиолч, гүн ухаанч Д.Урианхай, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч яруу найрагч Д.Цоодол, дэлхийн яруу найргийн академийн ерөнхийлөгч, СГЗ, яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Д.Галбаатар, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Х.Чилаажав, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Батхүү, А.Мягмаржав, Б.Золбаяр, Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, хөгжмийн зохиолч, УГЗ Т.Сэр-Од, МУГЖ дуучин Ц.Төвшинтөгс гээд урлаг, утга зохиол, соёлын зүтгэлтнүүд оролцож, 4 хоног Улиастай хот болон Идэр сумд оюуны наадам, соёлын томоохон арга хэмжээ болж өрнөх юм. Энэхүү оюуны их наадмын үеэр ирээдүй хойч үеийн багачууд билгүүн номч бичгийн мэргэд, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгчдийн үнэтэй сургаалыг сонсож, уншигч-уран бүтээлчдийн уулзалт зохиох, уран үгийн мастеруудаас зөвлөгөө авах, багш шавийн барилдлага тогтоох завшаан тохиолдож, тэдний үлгэр дууриалаар сурч боловсрох, бүтээл туурвих таатай нөхцөл, олдошгүй боломж бүрдэх юм. Энэ бүхэн Идэрийн оюуны наадмын бэлгэдэл чимэг болж, багш, сурагчдад уран үгийн авьяасаа нээн хөгжүүлж, шүлэг зохиол сонсох, унших, бичих сэдэл ухаарал, мэдрэмжийг буй болгож, гоо сайхны таашаал төрүүлдгээрээ онцгой ач холбогдолтой.

Иймээс энэ жилийн 12 дахь удаагийн олимпиадиас эхлэн мэргэжлийн болон бага ангийн багш нарын тэмцээнд түрүүлсэн багшийг “Яамны хүндэт жуух бичиг”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнах, харин 11-р ангийн сурагчдын олимпиад, мөн Эсээ бичлэг, Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдаанд шалгарсан сурагчдыг Их, дээд сургуулийн мэргэжлийн ангид урамшуулалт хөнгөлттэй элсүүлэх зэрэг дэмжлэг туслалцаа үзүүлнэ байх гэж найдаж байна. Олимпиадыг зохион байгуулж байгаа бид ч БШУЯ болон МУИС, МУБИС-ийн мэргэжлийн сургуулийн удирдлагад хандаж, хүсэлт саналаа тавина гэж бодож байна.

-Энэ удаагийн олимпиадын онцлог, зохион байгуулалтад гарсан өөрчлөлт юу байна?

Монгол хэл-уран зохиолын мэргэжлийн багш, бага ангийн багш нар, сурагчдын эх хэлбичгийн мэдлэг, чадварыг үнэлэх шалгалтыг бичгээр болон сорилоор авах ба олимпиадын сэдэв, агуулга, боловсруулалт нь урд урд жилийнхээс нэг их өөрчлөгдөхгүй, монгол бичиг, эх судлал, хэлний утга найруулга, хэлцийн тайлбар түлхүү орсон байна. Харин яамнаас үүрэг чиглэл болгосны дагуу энэ жил улсын хэмжээний олимпиадуудад бага ангийн сурагчдыг оролцуулахгүй болсон тул энэ удаагийн Идэрийн эх хэлний олимпиадад сурагчид бус, бага ангийн багш нар оролцоно. Олимпиадыг ивээн тэтгэж, санаачлан зохион байгуулдаг “Үлэмж эгшиглэн” сангаас түрүүлсэн багш, сурагчдад олгох харамж шагналыг урд жилүүдээс нэлээд нэмсэн сайхан мэдээг сонордуулахад таатай байна. Тухайлбал, мэргэжлийн багш нарын олимпиадад тэргүүн байр эзэлсэн багшид 2,000,000 төгрөг, хорин цэн мөнгө, нэг цэн алтаар монгол дархны урласан “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдэг, дэд байрт 1,000,000 төгрөг, гутгаар байрт 500000 төгрөг, тус бүр өргөмжлөл, бага ангийн багш нарын олимпиадад мэргэжлийн онол, аргазүйн мэдлэг чадвараараа шалгарсан нэгдэх дэсийн багшид 1 сая төгрөг, хоёрдахь дэсийн багшид 700000 төгрөг, гутгаар дэсийн багшид 500000 төгрөг, Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичигтний уралдаанд түрүүлсэн багшид 300000 мянган төгрөг..., Эсээ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчийг алтан медаль, 300000... төгрөгөөр тус тус байлахаас гадна мөн олимпиадын зохион байгуулах багийн гишүүд-яруу найрагч, зохиолчид, дуучид, шүүгчдийн бичсэн ном, гарын авлага, толь бичиг, Сиди, DBD цомог зэргийг дурсгал болгон гардуулах, бас олимпиадад оролцсон нийт багш нар, шагнал хүртсэн сурагчдад “Хүмүүн бичиг” сониныг бүтэн жилээр захиалан унших эрх олгох юм.

-Олимпиадад оролцогч багш, сурагчийн мэдэхийг хүсдэг, санаа тавьдаг зүйл нь ямар сэдэв агуулгаар яаж шалгах бол, юу орох бол, хэн юуг шалгах бол гэж бие биеэсээ асууж, таамаглаж сураглаж байдаг юм билээ. Нууц биш бол зарим зүйлийг ялимгүй тодруулж өгнө үү?

Ямарваа шалгалт, тэр дундаа тэргүүний шилдэг багш, сурагчдыг шалгаруулж урамшуулдаг олимпиадын сэдэв, сорилго, асуулт даалгавар “улсын нууцлал”-ын зэрэглэлтэй адил байх учиртай. Дээр би ямар сэдэв, агуулгаар яаж шалгах вэ гэдгийг товч хэлсэн. Харин үүнийгээ ялимгүй тодруулж болох юм. Тухайлбал монгол бичгийн даалгавар, сорилгын ажил бидний энэ олимпиадын шалгалтын сэдэв, агуулгын бараг тал хувийг эзэлдэг уламжлалтай. Учир нь Идэрийн олимпиадын хүндэт эзэн, нэрэмжит хүн бол Лутын Лхагважав гэж аймаг орон нутагтаа монгол бичиг, үүх түүх, өв соёл, ёс заншил, бурхны шашнаа түмэн олонд түгээн сурталчилж, сурвалжлан судалж, сургаж зааж байдаг ахмад сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч багш хүн байдаг юм. Лхагважав багшийн захиж зөвлөснөөр шүүгчид бид сэдвийг Улаанбаатарт боловсруулахдаа монгол бичиг болон хэлний соёл, хэрэглээний агуулгад түлхүү анхаардаг юм. Үүгээрээ монгол хэлбичгийн улсын олимпиадаас онцлог ялгаатай болно. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ч монгол бичгээ дагнан судалж заадаг, монгол бичгээр мэргэжсэн багш, судлаачид байдаг бөгөөд үүнд монгол улсдаа монгол бичгээр хэвлэгддэг цор ганц хэвлэл болох “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, магистр Б.Элбэгзаяа, МУГБ, “Их монгол” дээд сургуулийн профессор Ё.Эрдэнэцэцэг, ШУТИС-ийн сургалтын албаны ажилтан, эх бичиг судлаач докторант Ө.Оюунхүү, бид 4 хүн байна. Мөн шүүгч, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн тэргүүлэх профессор, МУГБ, доктор Д.Галбаатар маань уран зохиолын онол, түүхийн сэдэв, сорил, даалгаврыг боловсруулдаг юм.

-Хэдхэн хоногийн өмнө таны “Монгол бичгийн гайхамшиг оршвой” номыг Шинэ Азиа групп ивээн тэтгэж хэвлэлээ. Монгол бичгийн тухай болон энэ номынхоо талаар товч танилцуулна уу?

Ардын дуундаа “Арван номын үсэгтэй дээ хө” гэж дуулдаг, эх хэлээ тэмдэглэх 10 гаруй авианы бичиг зохиож, үе үеийн хэл соёлын хэрэгцээндээ хэрэглэж ирсэн ард түмэн монголоос өөр хаана ч байхгүй. Энэ бол монголчуудын оюунлагийн боловсрол, оюуны чадамжийг илэрхийлэх гайхамшигтай нэг жишээ мөн. Эдгээр 10 бичгийн дундуур монгол бичиг л нэвт сүвлэн гарч, мянга хол илүү жилийн турш тасралтгүй хэрэглэгдэж, оюуны соёлын хамаг үртэй бүхэн эл бичгээр тэмдэглэгдэж ирсэн түүхэн дурсгалт бичиг бөгөөд мянган жилийн өмнөх өвөг элэнц хуланцтайгаа гагцхүү монгол бичгээр уулзан “ярилцаж”, ирээдүйн мянган жилийн дараах хойч үедээ энэ л бичгээ өвлүүлж залгамжлуулах учиртай билээ. Монгол бичиг зөвхөн монголчуудын бичиг байснаар барахгүй олон улсын бичиг болж, даян дэлхийд өвдөг шорооддоггүй бөх шигээ босоогоороо гайхуулж явсан түүхэн цаг үе ч буй. Дэлхийн бүх бичиг үсэг нь зураг буюу дүрс бичиг, үет бичиг, утга бичиг, авианы бичиг гэсэн дөрөвхөн тогтолцоотой бөгөөд манай монгол бичиг энэ дөрвөн бичиг үсгийн тогтолцоог тэнцүү авч, тээж яваа бичиг юм. Олон монгол аймаг, аялгуутныг бичгээрээ нэгтгэж, уналтын хурдаар морины давхиан дунд довтолгон бичиж, олон зүйл үсгийн тиг, хэлбэрээр хичээнгүй, гүйлгэн, татлан, эвхэж, урлаж, сийлж бичих болдог, зөв бичих дүрэм, заах арга нь ихэд боловсронгуй болж хөгжсөн, монгол үгийн гарлыг мөшгөх, монгол хэлний хөгжлийн түүхийг судлахад хэлний амьд бодот гэрч болдог... гээд л монгол бичгийн олон давуу тал, гайхамшигт чанарыг миний бие дээрх номдоо хэл шинжлэлийн ухааны үүднээс судлан бичсэний зэрэгцээ Монгол бичгээ бие даан богино хугацаанд тун дөт дөхөм аргаар хурдан сурах цагаан толгойг зохиосноо ч оруулсан юм. Иймд “Монгол бичгийн гайхамшиг оршвой” ном бол монгол бичиг судлал, сургалт, сурталчилгаа нэг номд нэгдэн гурамсалсан бүтээл болно.

-Сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээе.

“Үг олдож, үхэр холдов” шүү. “Олон үгэнд олзгүй”, “Үгийн цөөн нь, үхрийн олон нь дээр” тул яриагаа ингэсгээд завсарлаж, ашдын билэг хурах аман зөвтэй үгээр өндөрлөе. Хангайн сайхан нурууны салбар уулс, салаа сүеэ бүрээс олон булаг, гол горхи урсан нийлж, Идэр их мөрөнд цутгадгийн адил чинагшид Монголын баруун, төв, зүүн бүсийн аймаг, сумын ЕБС-иудын багш, сурагчид Эх монгол хэлнийхээ мэдлэг, чадвар, авьяас билгээ сорин уралдахаар Идэр их мөрний хөвөөнөө хавар хавартаа нутгаа эгээрэн тэмцэж эгэн ирдэг нүүдлийн шувууд шиг тал талаас хуран цугларч, оюуны их бүтээлийн чуулганаа чуулах болтугай.

Хөөрөлдсөн: Б.Батхүү

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.140 / -