Холбоо барих +976 70112078

Дийзгарын Баттогтох

Эх хэлний олимпиад Идэр мөрөн шигээ эрчтэй байна

Боловсролыг дэмжих “Лхагважав сан”-гийн удирдах зөвлөлийн гишүүн, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, СХУ-ны доктор, профессор Д.Баттогтохтой тус сангийн үйл ажиллагаа болон эх хэлний аймаг /бүс/-ийн олимпиадын тухай, эх хэлбичиг, уран зохиолын боловсролын талаар ярилцлаа.

-Ноднин жилийн хавар бид хоёрын хийсэн “Эгүүрд орших эх хэл-их соёл мину” гэсэн ярилцаанаас хойш бүтэн нэг жил өнгөрчээ. “Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна” гэж ирэх жилийн наадмаа хүсэмжилсэн олны сэтгэлийг татсан нэгэн сайхан шүлэг байдаг бол харин Завханы багш, сурагчид Идэрийн Эх хэлний олимпиад энүүхэнд холгүй байна гэж дуулдаг болсон гэж би сонссон. Завхан аймгийн Идэр сумын эх хэлний олимпиадад оролцогч багш, сурагчид оюун сорих олимпиадаа жилжин хүсэн хүлээж бэлтгэлээ хангадаг, уралдах гэж яардаг, өрсөлддөг болжээ. Энэ нь Идэрийн Эх хэлний уламжлалт уралдаан жил ирэх бүр хүрээгээ тэлж, нэр хүнд нь өсөж, шагнал урамшлын сан нь ч нэмэгдэж байдагтай холбоотой байх. Энэ удаагийн ээлжит эх хэлний олимпиадын онцлог юу болох талаар хоёул яриагаа эхлэх үү?- За тэгье. Завхан аймгийн Идэр сумын ЕБС-ийн монгол хэл- уран зохиолын ахмад багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Лутын Лхагважав багшийн нэрэмжит “Боловсролыг дэмжих Лхагважав сан”-гийн санаачилгаар Идэр сумд Эх хэлбичгийн олимпиадыг энэ жил 11 дахь жилдээ зохион байгуулж байна. Тус санг хөрөнгө санхүүгээр тэтгэж, үйл ажиллагааг нь тогтмолжуулах, өргөжүүлэх талаар Улаанбаатар дахь Шинэ Азиа группийн ерөнхий захирал Л.Төрбаяр ихээхэн хүчин зүтгэл гаргаж, багшийнхаа нэрэмжит эх хэлний олимпиадыг эхлээд сумынхаа сургууль багш, сурагчдын хүрээнд, дараа нь аймгийн хэмжээний олимпиад болгон өргөжүүлснээс хойших 4 дахь удаагийн олимпиад энэ оны 5-р сарын 4-6-ны хооронд Идэр сумд зохиогдох гэж байна. Энэ жилийн олимпиадын онцлог нь зөвхөн Завхан аймгийн багш, сурагчдын хүрээнд хязгаарлагдах бус, баруун бүсийн тухайлбал Говь-Алтай, Хөвсгөл, Ховд аймгийн сургууль багш сурагчид оролцохоор хүсэлт санаачилгаа “Лхагважав сангийн удирдах зөвлөл”-д ирүүлээд байна. Иймээс энэ удаагийн олимпиадын цар хүрээ, оролцогчдын тоо, өрсөлдөөний талбар Идэр их мөрний хөвөөнд багтахгүй шахам өрнөх болохоор эх хэлний олимпиадиа “Баруун бүсийн ЕБС-иудын эх хэлний оюуны их наадам” болгон өргөжүүлэн явуулах гэж байна.-Доктор Баттогтох та Монгол хэл гэсэн тогтсон нэр байхад яагаад эх хэл гэж онцолдог юм бэ?-Үүнд л харин бичгийн найруулга, хэлний утга, үгийн өнгө аяс, онч цэц байгаа юм шүү дээ. Монгол хэл, Орос хэл, Хятад хэл... гэвэл улсын нэрээр нэрлэсэн хэлний ерөнхий нэр, харин төрөлх хэл гэвэл “Родной язык”-ын үгчилсэн орчуулга, унаган хэл гэхэд дүрслэлийн утга, үндэстний хэл гэвэл угсаатны доторх бүлгийн хэл мэт санаа ухагдана. “Эх” гэсэн хоёрхон үсэг, нэгхэн үеэс бүтсэн, эм буюу зөөлөн эгшигтэй энэ үгэнд их учир утга буй. Эх гэх үг нь өөр үгтэй хоршихдоо хорвоод цор ганц заяах хамгийн эрхэм нандин зүйлийг заах ба жишээ нь, эх дэлхий, эх орон, эх нутаг, эх газар, эх эцэг, эх хэл, эх бичиг, эх түүх, эх соёл гэж л хоршин холбогдоно. Иймд эх хэл бол ээжтэй адил, эх оронтой ижил эрхэм гүн утгатай бөгөөд тэгээд ч нэг ойтой, нялх сэвлэгтэйгээсээ хүүхэд эх хэлээ эхийн бүүвэйн уянгат дуунаас анх сонсож сурдаг юм. Ийм учраас би “эх хэл” гэдэг үгийг онцлохдоо төрүүлсэн эх, төрсөн эх оронтойгоо адилшаан үзэж, ээнэгшүүлж, эрхэмшүүлж, ижилсүүлж хэлж байгаа юм.- Эх хэлбичиг гэж манай хэлний эрдэмтэд бичих юм. Хэл, бичиг хоёр мэргэжлийн бус хүний бодохоор хоёр өөр ойлголт шиг, тиймээс салангид бичих нь зөв бус уу? Ер нь хэл, бичиг хоёрын ялгаа салгааны талаар яриач.- Хэл, бичиг хоёрыг зүйрлэвэл шувууны хос далавчийн адил үүрэгтэй, хэрэв нэг даль нь үгүй өрөөсөн далавчтай шувуу нисэж үл чадна. Үүнтэй адил хэл, бичиг хоёр нэг нь нөгөөгөө дэмнэн тэтгэдэг, нэг юмны хоёр тал, гэвч ялааны далавч шиг яг адилтгаж болохгүй, бас эмээлийн хоёр бүүрэг шиг эсрэгцүүлж ч болохгүй. Хэл, бичиг хоёр нь хэл-хэлэхүй шиг харилцан шүтэн барилдсан хэрнээ хоорондоо ялгаатай, эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцлийн хуулиар оршдог хэл судлалын 2 чухал ойлголт юм. Хэл, бичиг хоёрыг өөрөөр бас яриа, бичиг гэж ялган үзэж болно. Ямарваа бичиг үсгээр тэмдэглэсэн хэлийг бичгийн хэл гэх бол хэлэхүйн хэлийг ярианы хэл гэдэг. Яриа бичиг хоёр яг таарна гэж үгүй. Ер хүн бичгээрээ бичдэг, хэлээрээ хэлэлцдэг. Тэгэхдээ бичсэнээрээ уншдаггүй \хэлдэггүй\, ярьдгаараа бичдэггүй. Энэ бол бичиг, хэл хоёрын гол ялгаа. Бичгийн хэлтэй хэл бүхэнд байдаг нийтлэг жам үзэгдэл бол бичгийн хэл, ярианы хэл хоёрын харилцан хамаарал, ялгаа салгааны асуудал болно. Энэхүү холбоо хамаарал нь тухайн үндэстэн угсаатан хэдүй үеэс бичиг үсэгтэй болсон, тэрхүү бичиг нь хэлэндээ хэрхэн зохицож дүрэмжсэн, тухайн ард түмний соёлын хэрэгцээнд хэр удаан, тогтвортой хэрэглэгдэв гэдэгтэй шууд хамааралтай. Тэгвэл манай монгол хэл нь Алтай язгуурын өвөг хэлний бүлэгт багтах эртний хэл бөгөөд тэрхүү хэлийг тэмдэглэгч Монгол бичиг нь мянга хол илүү жилийн түүхтэй, боловсронгуй үсэгзүй, дүрэмтэй, монголын олон аялгуутанд тэгш үйлчлэх үндэсний сонгодог бичиг мөн. Монгол хэлийг монгол бичгээс нь салгах юм уу өөр олон үсэг бичгээр солин орлуулах гэсэн олон оролдлого түүхэнд эс бүтсэн, монгол бичиг олон монгол хэлтэнг нэгтгэдэг бичиг учраас монгол угсаатан тэдгээрийн хэлбичиг түм түмэн жилдээ устсангүй, ууссангүй, “хэл нэгдэлтэй бол бичиг нэгдэлтэй, бичиг нэгдэлтэй бол нийгэм нэгдэлтэй” гэсэн нийгэм хэл шинжлэлийн онол ч үүнийг баталдаг.- Энэ жилийн эх хэлбичгийн олимпиадын сэдэв, агуулга, удирдамж хөтөлбөр, шагнал урамшил, зохион байгуултанд ямар нэг өөрчлөлт орсон уу?-Бараг үгүй. Харин хэд хэдэн аймаг, сумдын сургуулиас олон багш, сурагчид ирж оролцох тул зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орох нь мэдээж, адаглаад тэдний унааны ирэх буцах шатахууны зардал, байр, хоолны хангамж хүрэлцээ, тав тухтай орчныг бүрдүүлэх гээд хүндрэлтэй, зардалтай зүйл гарна байх. Гэвч тэр бүхнийг одооноос эхлэн Завхан аймгийн БСГ, Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Идэр сумын Засаг даргын Тамгын газар, ЕБС, захирал, эрхлэгч, багш, ажилтан, эцэг эхчүүд, “Лхагважав сан” зэрэг олон байгууллага, хамт олон удирдамж заавар, ажил үүргийнхээ дагуу хувиарлан авч гүйцэтгэх тул нэг их хүндрэл, бэрхшээлгүй явуулах боломжтой.- Эх хэл эвдэрч байгаа тухай болон эх хэлний нийгмийн үүрэг, нэр хүнд унаж, монгол хүн боловч монголоороо зөв цэгцтэй ярьж бичиж чадахгүй, эг маг этгээд хэлтэй болж байгаа нь юутай холбоотой вэ? Ялангуяа хүүхэд, залуучуудын эх хэлний боловсрол дулихан байгааг та мэргэжилтний хувьд юу гэж үзэж байна вэ?- Эх хэл минь эвдэрч, эрлийзэж, эзэнгүйдэж байгаа нь үнэн. Цөөн монголчууд бид өнөөдөр хэт улс төржин намжин талцаад, үндэсний өв уламжлал, оюуны соёл, эх хэлбичгээ хайхрахгүй эзэнгүй орхиж, харь хэлний халуурал, харьжсан сэтгэлгээнд автагдаж байгаа нь эх хэлний нэр хүнд, нийгмийн үүргийг бууруулж байгаа гол шалтгаан болно. Үүнээс гадна Эх хэлний тухай төрийн алсын хараатай цэгцтэй бодлого илт үгүйлэгдэж байна. Бас бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх талаар боловсролын бүх байгууллага, гэгээрэл соёлын газрууд дорвитой ажил зохиохгүй байна. Хэрэгждэггүй, хэрэгжүүлдэггүй Хэлний тухай төрийн хууль 2003 онд УИХ-аас батлагдсан боловч Төрийн хэлний зөвлөл жилд нэг хоёр удаа хурал хийхээс хэтрэхгүй байна. Бүх шатны хэвлэл мэдээллийн байгууллага, цэцэд, сэтгүүлчдийн эх хэлний мэдлэг чадвар туйлын хангалтгүй, зөв бичгийн болон найруулгын алдаатай, монгол бус бүтэцтэй, сэтгэлгээтэй өгүүлбэрээр бичиж сурталчилж байгаа нь олон түмний хэлний боловсролд муугаар нөлөөлж байна. Үүнд албан байгууллага, компаний нэр, хаяг зарлал, чимэглэлийн хэл найруулга ч нөлөөлнө. Эх оронч сэтгэлгээ, үндэсний бахархал, эх хэлээ хайрлан хамгаалах үзэл санааны хүмүүжил суртал хүүхэд залуучуудад хүртээмжтэй хүрэхгүй байна. Монгол хэлийг хамгаалагч дархлаа нь монгол бичиг гэдгийг хуульчлан баталгаажуулах хэрэгтэй, Монгол хэл-уран зохиолын мэргэжлийн нэр хүнд, сургалтын чанар үр дүн ч сайнгүй байгаа \эх хэлээрээ зөв, сайхан, оновчтой, уран яруу ярих, бичих, унших, зохиох хэрэглээний чадварт бус хэлнийзүй, дүрэм заадаг хандлагаас гарах\ зэрэг олон шалтгааныг нэрлэж болно.- Манай олимпиададэсээ бичүүлж шалгаруулдаг уламжлалтай. Эсээ бичлэгийн талаар товч яриач.-Эсээ бол эх зохиохын дээд эрэмбийн эрдэм чадвар юм. Том санааг товч бичихийн сургууль нь эсээ бөгөөд эргэцүүлэмж, дүгнэлт, баримт, нотолгоо, хувь бичигчийн үзэл бодол, төрөгдөл, сэтгэгдэл эсээний чухал тал. Зохион бичлэгийг санаанаас зохиож, үйл явдлын дэсийн дагуу бичдэг бол эсээг эргэцүүлж, баримтаар баталгаажуулж, янз бүрээр зохиомжилж бичдэг, чөлөөт задгай бичлэгийн төрөл гэж ойлгож болно. Өрнөдөд 500 жилийн уламжлалтай \үндэслэгч нь Францын гүн ухаанч, зохиолч Монтени\, манай улсад 20-иодхон жилийн түүхтэй эсээ бичвэрийг Л.Түдэв оройлж, араас нь Д.Урианхай, Д.Батбаяр, О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Л. Гомбожав, Н.Өлзийбат, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс гээд сэтгүүлч зохиолчид эсээ бичвэрт гаршиж байна. Гүн ухааны сэдэв агуулгаар ихэвчлэн сэтгэлгээний богино эсээ бичдэг Д.Урианхай зохиолч, утга зохиолын судлагч шүүмжлэгч, доктор профессор Д.Галбаатар нар манай эх хэлний олимпиадын эсээ уралдааныг шүүн шалгаруулдаг.- Уран зохиол гэж Таныхаар юу вэ? Хүүхэд бүрийг зохиолч болгох, эсвэл боловсролтой уншигч бэлтгэх гэж Уран зохиолын хичээлийг заадаг уу?- Уран зохиол бол нэг талаар хэлний шинжлэлийн ухаантай, нөгөө талаар урлагийн ухаантай холбоотой. Уран зохиолыг биежүүлж бүтээдэг нь хэл, хэлийг төгөлдөржүүлдэг нь уран сайхан үг хэллэг. Өөрөөр хэлбэл уран зохиолын хэл нь уран үг, яруу үгээр сая амилна. Утга зохиолын онолоор уран үг нь уран дүрслэлийн аргаар \адилтгал, зүйрлэл, чимэг, хэтрүүлэл, ёгтлол егөөдөл, тойруулал, зэрэгцүүлэл...гм\, яруу үг нь яруу хэрэглүүрээр \давталт, яруу хандал, яруу анхааруулга...гм\ бүтнэ. Эх хэлний үгийн сангийн нийт үгийг уран ба уран бус, яруу ба яруу бус гэж ялгадаггүй, харин үгийг хэрэглэх хэвчээнд, утгыг хувиргах буюу өөрчлөх, утга шилжүүлэх буюу хийсвэрлэхэд тухайн ерийн үг ер бусын болж амь ордог. Ингэж жирийн үг жир бус, хэв ерийн хэрэг хачин жигтэй явдал болж хувирч өвөрчлөгдөхийг хүүрнэл зохиол, яруу найраг, жүжиг буюу үгийн урлаг хэмээнэ. Үгийг урлагжуулах, яруужуулах, хөглөх, сайхан муухай, сайн муу болгох эрдэм чадвар, увидас шидийг уран зохиолын авьяас чадвар гэж ойлгож болно. Уран зохиол хэдийгээр үгийн урлаг боловч дан ганц үгэнд шүтэхгүй, агуулга хэлбэр, зохиомж хийц, бүтэц байгууламж, холбоц хэлхэц, ая айзам, уран дүр бүтээх, урлан амилуулах, уншигч үзэгч сонсогчийн сэтгэл мэдрэхүйд нөлөөлөх гээд олон зүйл нэгдэн найрсаж байж уран зохиол төрмүй. Уран зохиолыг эртний Энэтхэгийн дуун утгын онолч Дандин “Зохист аялгуу” хэмээн үзсэн нь өдгөө ч онолчдын төдийгүй зохиолчдын саналыг “хулгуулдаг”. Аливаа юмс үзэгдэл, орон цаг, хөдөлгөөн бүхэн зохист харьцаанд орж, зохист байраа олж, утга, дууныг үүсгэж чадваас тэр зүйл даруй “хүний сэтгэлийг хөвсөлзүүлэн татаж чадна”. Би уран зохиолыг урлаг талаас нь илүү ойлгож, хүний яруу сэтгэл, мэдрэмжээс үүсч, хүний дотоод сэтгэлд илүү нөлөөлж, хүнийг сайханжуулж, сайн үйлд хөтөлдөг урлагийн нэг төрөл гэж үздэг.Уран зохиолын хичээлийн эцсийн зорилго бол нийгэмд соёлтой, боловсролтой уншигчийг төрүүлэх явдал бөгөөд сайн уншигч зохиолыг төдийгүй зохиолчийг, бас нийгэм түүхийг, хүмүний амьдралыг давхар “уншдаг”.-Уг олимпиадын үр өгөөжөөс товч дурдахгүй юу?- Түрүүчийн олимпиадын мэргэжлийн багш нарын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Н.Баасанжаргал, эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн С.Жаргалбаяр, А.Номин-Эрдэнэ нар гадаад, дотоодын их дээд сургуульд “Лхагважав” сангийн тэтгэлгээр суралцаж байна. Мөн эсээ бичлэгийн уралдаанд тусгай байр эзэлж байсан авъяаслаг оюутан Э.Пагмаагийн“Бүсгүй цэцэг” нэртэйяруу найргийн хоёрдахь номыг тус сан ивээн тэтгэж хэвлүүлж байна.Цаашид жил бүр эхний гурван байрт шалгарсан сурагчид дараагийн шатны их сургуульдаа сангийн зардлаар суралцах тул энэ олимпиадад хүч оюунаа сорих нь хүүхэд бүрийн хүсэл биз ээ. Энд нэмж хэлэхэд Монголын оюуны шилдгүүдийн ном бүтээлийг Шинэ Азиа групп болон Лхагважав сан ивээн тэтгэж уншигчдын хүртээл болгосныг дурдвал:- Доктор, профессор Д.Галбаатарын “Уран зохиолын нэвтэрхий толь”, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Хүннү туульс”, сэтгүүлч Б.Элбэгзаяагийн “Өвс мэхийх дорно”, яруу найрагч, сэтгүүлч Б. Золбаярын “Бүгээн”, манай нэрт зохиолчдын хамтран бүтээсэн “Дэлхийн мөрөн-Миний Идэр” түүвэр, судлаач Ө.Оюунхүүгийн “Саран хөхөөний тууж” гээд олныг нэрлэж болно. Түүнчлэн улсын хэмжээний утга зохиолын асар том наадам болох “Утгын чимэг” наадмыг ивээн тэтгэснийг монгол хэл, утга зохиолд элэгтэй манай уншигчид мэдэж байгаа бизээ. Зөвхөн эндээс харахад энэ компани, Лхагважав сан ямархуу цар хүрээтэй, өгөөжтэй үйлсийг өгөөж ирснийг харж болохоор байна. Б.Батхүү

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 5.188.211.22 / -
Зочин / 145.239.183.213 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.129 / -
Зочин / 46.229.168.144 / -