Холбоо барих +976 70112078

Бороохойн Батхүү

Цэцэн сартуулын туульс - Сонгино нутаг мину 1

Цэцэн сартуулын туульс Сонгино нутаг мину

МЗЭ-ын шагналт яруу найрагч Бороохойн Батхүү Өдрийн сонинд “Цэцэн сартуулын туульс Сонгино нутаг мину” гэсэн нийтлэл бичсэн билээ. Үүнийг уншиж амжаагүй хүмүүс байвал эндээс уншина уу.

 

Цэцэн сартуулын туульс

Сонгино нутаг мину

Халх Монголын домогт нутаг Завхан аймгийн Сонгино сум Цэцэн сартуулын сүлд овоог өвөр элгэндээ олон зууны турш онгон хэвээр нь хадгалсан Богд Сонгино Хайрхан уултай билээ. Монгол улсын газрын зурагт Хангай, Булнай нурууны шувтрага, Хан Хөхий нурууны тархин дээр тэмдэглэгдсэн Сонгино Хайрхан уул минь өвөр хормойгоороо Галуутай, Хүнгүйн голыг мяралзуулж ар талдаа мөнхийн харз рашаантай Сонгино Тариатын голыг урсган байдаг энхжингийн нутаг юм.

Хуучнаар бол Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошуу, мөн аймгийн Ачит вангийн хошууг зааглан оршдог Сонгино хайрхан уулаар овоглосон ард түмэн энэ жил сум байгуулдсаны 80 жилийн ойгоо тэмдэглэв. Сонгино Хайрхан уулаа зуун зуун жил шүтэж ирсэн ус нутгийнхан гэвэл Сонгино сумын Тариат багийхан билээ. Энэ бол энэ сумын нэг л баг! Тариат багаас хорьдугаар зууны алдарт хоньчин Цэрэндашийн Намхайнямбуу төрсөн юм. Зууны манлай циркийн жүжигчин Бэгзсүрэнгийн Норовсамбуу мэндэлсэн юм. Монгол улсын анхны ямаачин хөдөлмөрийн баатар Тоймын Жамц хүй цөгөлсөн юм. Хөдөлмөрийн баатар Ламжавын Санжжав Тариат багийн уугуул юм. Их Монгол орныхоо хилийг Хятадын гоминданы довтолгооноос хамгаалж Байтгийн арван баатар хэмээн түүх, дуу, домогт мөнхөрсөн хилчин эрсийн нэг Энхийн Арьхад Сонгино сумын Тариат багийн хүү билээ.

Монгол маркийн сонгодог зураач соёлын гавьяат зүтгэлтэн Галбадрахын Раднаабазар, манай улсын анхны гавьяат холбоочин Содномдаржаагийн Нацаг нар Тариат багийнх юм шүү. Энэ мэтчилэн тоочвол нутгийнхаа алдартнуудийг би бага зайд багтаах аргагүй. Их ойгоороо миний нутгийхан “Бидний Сонгиночууд” хэмээх дорвитой номыг гаргав. Энэ номтой танилцвал уншигч та ихийг мэднэ. Тариат багаас цаашлаад Айраг нуур, Баян айраг, Шарнуруу, Бор өндөр баг гэж буй. Миний мэдэхээр Монголын анхны арван генералын нэг цэргийн домогт жанжин Донровын Дамдинхүү Завхан аймгийн түүхэнд ууган генерал нь юм. Энэ хүн Шарнуруу багийнх билээ. Хөдөлмөрийн баатар хоньчин Мижээхүүгийн Ганболд Хөдөлмөрийн баатар алдарт барилгачин Пэрэнлэйжавын Пашка нар Шарнуруу багийнх юм.

Монгол улсын ардын багш Үнэнбилэгийн Маам, Хөдөө Аж Ахуйн гавьяат зүтгэлтэн Нямаагийн Дансранжав Баян айраг багийнх!. За тэгээд цаашилбал Монголын анхны эстрадын <<Соёл Эрдэнэ>> чуулгын гоцлол дуучин гавьяат жүжигчин Чулуунбаатарын Насантогтох, гавьяат жүжигчин, дуучин Очирбатын Ичинхорлоо, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Базарваанийн Рагчаа нар Айраг нуур багийнх. Энэ мэтчилэн Монгол улсын алдарт цолтон Гангийн Жанчив, Ширхүүгийн Зулхүү, Халтмайн Жамсран, Магванжавын Гончиг, Паньдын Авурзана, Цагааны Хэнмэдэх, Батхутагийн Шагжжав, Барьдын Энхбат нар манай сумынх билээ. Энэ бүхний араас миний нутгийнханы хойч үе өсөн өндийсөөр байна.

Манай сум Сонгино Хайрхан, Шарнуруу, Тал булаг, Айраг нуур, Айргийн овоо, Мангина, Дайд, Тариатын гол, Баян гол, Довон, Хутагтай, Ойдон, Ойн булаг, Хаяа, Хавчиг, Зараа, Сант, Мөсөн, Уртийн гол, Олон булаг, гэхчилэн ой хөвч уул усаараа бахардаг. Аргал, Янгир, Буга, Бор гөрөөс, Гахай, Дорго, Жирх, Чандага, Туулай, Үнэг, Хярс, Мануул, Хэрэм, Тарвага, Зурам, Чоно, Шүлүүс, Шар цагаан үеэн, Солонго, Нохой зээх, Хүдэр, Булга, Суусар, гэхчилэн олон төрлийн ховор ан амьтан, Сойр, Хур, Хэрээ, Бүргэд, Тас, Харцага, Сар, Шар шувуу, Цохируул, Өвөөлж, Ятуу, Хөхөө, Хун, Галуу, Ангир, Нугас, Тогоруу, Тоодог жигүүртэн шувууд элбэг билээ. Ардын уламжилт анагаах ухаанд хэрэглэдэг бараг бүх төрлийн ховор эмийн ургамал ургадагаас гадна Тариат Мөсөн зэрэг рашаан булагтай.

Сонгино сумын аль ч хэсэгт хөшөө дурсгал, хиргисүүр, хүн чулуу, буган чулуу, хадны сүг зураг балар эртний хүмүүсийн тогтвортой сууршин амьдарч ирсэн ул мөр түүх дурсгал үлдсэн байдаг. Үүнээс дурьдвал Сэнжит хад, Бөө чулуу, Сартуул түмний Их овоо, Айргийн буган чулуу, Баруун голын хиргисүүр, Айраг нуурын хадны бичээс, Хар ямааны хадны сүг зураг, Маанийн бичээс, Мөнхийн дөрвөлжин хиргисүүр, Хайрхан уулын хиргисүүр хадны бичиг, Хүйтэн уулын хиргисүүр, сумын зэв гэхчилэн судлаад баршгүй түүхтэй билээ.

Түүхийн сурвалжаас:

Монголд бурханы шашин суурилан идээшиж ахуйд миний дээд удамын нэгэн цорж лам хаа байсан Төвд орны нийслэл Лхас руу бадарчлан очиж Далай ламд бараалхжээ. Гол зорилго нь Сонгино Хайрхан уулын ариун санг номнуулж авах явдал гэнэ. Хэд хонож, хичнээн ч удсан юм бэ, мачийн хүлээсээр их ламд мөргөж хэрэг учраа ярьжээ. Тэгтэл Далай Лам мөрлөж нөмөрсөн хүрэн орхимжоо мултлан өмнөө тавьжээ. Сартуул халхын цорж ламаас ийн асууж!

—Танай нутгийн тэр уул яг ийм үү? гэж хэлээд өмнөө буй хунирсан орхимж руугаа мутараараа дохижээ. Цорж лам орхимж руу хартал Сонгино хайрхан уул нүдэнд нь буужээ. Дөрвөлжилж, овоолоод тавьсан Далай ламын орхимж нутгийн минь сүрлэг Хайрхан уулыг баримлаар уралсан мэт яг адилхан байсан гэдэг. Тэр цагаас хойш Засагт хан аймгийн Цэцэн сартуулын хошууныхан Сонгино Хайрхан уулаа тайж тахин сүлд овоогоо өвөрт босгож, сан тахилгаа тавьж, цэнгэл наадмаа өдөөж хийморио сэргээж ирсэн гэдэг. Богд Сонгино Хайрханы өвөрт их, бага хоёр овоо байдаг юм. Нэг нь Сартуул халх түмний сүлд овоо! Энэ нь айдас, яргалал нүүрлэсэн 1930-аад оны түйвээнт үеэр ч До-яамны ногоон малгайтнууд зүрхэлж буулгаагүй зуун зуун дамжиж өнөөдрийг хүрсэн их овоо юм. Нөгөө нь Хайрхан уулын Үхрийн мөртийн өвөлжөөний хөл рүү байх жижиг толгой! Дээхнэ нэг хэсэгтээ Тариатын голд амьдарч асан алаг адуун овгийнхон овоо босгож хэдүүлэхнээ тахидаг Алаг адууны овоо! гэж байжээ. Миний өвөг эцэг Чойрогийн Юмжав агсан нэгэнтээ:

—Уг нь удам түүхээ сайн мэддэг бол энэ ерөнхийлэгч П. Очирбат л сэргээх учиртай юмсан. . гэж ярьж билээ. Өвөө минь ерэн нас хүрэхдээ үхэхээс бусдыг үзэж баригдаж байцаагдаж явсан, хувраг лам байж цагийн аясаар хар болж гэрлэсэн Чойбалсан, Цэдэнбал даргын үед жирийн малчин явж, амнаасаа ламын уншлагаа салгаагүй ард халх байлаа. П. Очирбат гуайгаас би нэг удаа эл овооны талаар асуусан чинь

— Би багадаа нутгаасаа гарсан болохоор сайн мэдэхгүй юм:гэвээ!

Уянгын эрхи:

Аяа эх дэлхий, эх орон, ээж аавын минь өргөсөн унаган нутаг! Ухаан өдлөж, хараа тэлсэн гол ус минь Сонгино Тариатын гол, Бунт, Бүст, Эхний Улаан, Их булагийн уулсын өмнүүр алсрах Сонгино Хайрхан уулын араар дэвсэглэн цэлийх Тариатын хөндий, агуу уужим нутаг билээ. Би нутгаа Сартуулын туульс оршсон нутаг гэж санадаг. Тиймээс ч өөрийхөө олон шүлэг, тууж, өгүүлэгтээ нутгийнхаа хүн зон газар усыг чадах чинээгээрээ л бичиж зурсан даа! Нутгийнхаа сэлгэж ээлжлэх дөрвөн улиралд би дуртай!.

Хорьдугаар зуун дуусаж шинэ зуун эхлэхэд тавхан жил дутуу байлаа. Энэ бол аргын 1995 оны намар цаг. . Тэр намар би олон шүлэг бичжээ. Мөчлөг шүлгийн нэгийг уншаад үзье:

—Үүлэн намрын сүүмэн гуниг сэтгэл дундаа цэнхэртээд
Үзэж өнгөрөөсөн амьдралын хөргүүд сэмхэн тэндээ ихэрлээд
Шивээн толгод шивширч уйсах Тариатын шарга уйтгараа
Шингэн лимбийн эгшиг уусах талын зээрэн намар аа
Насны сөлтэйд наадаж явсан найргийн алтан үдшүүд
Нарны цогтойд мандаж боссон шүлгийн гэрэлт шөнүүд
Алаглан харагдах ертөнцийн будраа залуу нас минь
Амраглан хайрлах ерөөлийн учраа залуу нас минь
Уйсах намрын сүүмэн өдрөөр урдуур минь хэрж
Уйдах цагийн зүүдэн нарнаар өмнүүр минь хөвж
Өрхөн хошуу дэвэлзүүлэн өндийж ирнээ
Өдөржингөө сэвэлзүүлэн ганганан нисэнээ
Өчигдөр үдэш өөдөө нисэхдээ дээгүүр өнгөрсөн
Өнчин хунг өрөвдсөн би өнөөдөр бодлогоширч
Дэндүү дэндүү гэхэд дэндүүл дэгдүүлсэн уулин салхинаар
Дэлхий талын өнгө үнэгэн сорлоход уусаад
Хорьж болдоггүй харж болдог шүлгээн бичээд
Хорвоогийн намраар уужим нэгэн амьсгаа авнаа


Сонгино Тариат 1995 оны 10 –р сар


…Тиймээ уужим нэгэн амьсгааг Тариатын хөндий, Айргийн хөндий, Сонгино Хайрханы ноён оргил Дарцагтын хярд л би авдаг даа. .

Түүхийн сурвалжаас:

Баян Жааваа хэмээх түүхэнд үлдсэн Лхаваанжав гэж хүн байж! Ардын нэгдэл гээч үүсэж амины малыг хомроглон нийгэмчлэх үеэр эрхтэн, дархтанууд малыг нь тоолж данслаад тэднийд цай уухаар оржээ. Тос хольж, мах чанасан байж! Жааваа хэлэв гэнэ:—За, тостой нүжигтэй явсаны сүүлчийн дайллага. Маргаашнаас мал манайх биш танай нэгдлийх болсон! Сайн идэж ууцгаа! хэмээжээ. Энэ сацуу тэр үеийн сумын намын дарга асан нөхрийн царай хувьсхийж—Энэ нөхрийг одоохон нэгдлээс хас! Хэлсэн үгэнд нь хариуцлага тооцно. . . гэж цамнажээ. Баян Гаадангийн өргөмөл хүү Рэнцэндорж, түүний ээж Аюушжав Ааяа гэж байж! Засгийн дарамтад шахуулж албан журамын ногдол биелүүлсэнгүй гэж хүү Рэнцэндоржийг(тэр үед баян Гаадан бүрлээч болсон байж) аймгийн шоронд хүртэл хорьжээ. Аргаа барсан ээж, хүү хоёр өөрийн хүргэн ах Юмжав, Санжжав нарын хамтаар нэгдлийн гишүүнд элсэж нударган баячуул нэрнээсээ салж байжээ. Энэ тухай өдгөө хүртэл яригдсаар … жишвэл энэ мэт баримт олон! Хүнийхээ, хүүгийнхээ түүхийг хадгалсан уугуул нутаг минь эрин галавыг туулж бидэндээ ирсэн юм. Биднээс хойш үр ачид минь өвлөгдөн үлдэх алтан сортой нутаг минь!

Уянгын эрхи:

Нутаг нугынхаа тухай бичнэ гэхээр сэтгэлд үй түмэн бодол бужигнана. Энэ үймсэн бодлын альхан үзүүрээс барьж авбал зөв рүү эргэх бол оо!? Он цагийн уртад буурал суусан хөх бууц, энхжин оршсон гэрийн буурь Сонгино Хайрхан уулыг нар зөв тойрсон өвөлжөөнүүдэд олон бий. Миний олон үеийн өвөг дээдэс энэ буурь , бууц болгонд хана шийрлээгүй ч олонхид нь бууж гал тулгандаа аргал хөрзөнгийн галаа бадрааж явсан байх аа! Уг нь Сонгино сум ардын хувьсгалтай бараг чацуу аргын 1924 онд байгуулдсан юм билээ. Ойгоо хоёр жилээр хойшлуулсан нь алдаа байж гэж өнөөдөр ард түмэн нь болон эрхтэн дархтан, нутгийн зөвлөл хүлээн зөвшөөрч байгаа юм. Миний уугуул нутаг бол бурхан бумбын орон билээ. Түүхч Л. Жамганы <<Завхан аймгийн Сонгино сумын түүхэн замнал>> номонд:” Сонгиночуудын угсаа гарал, удам судрын талаас үзвэл халх бүрэн халхжсан сартуулаас бүрэлдэнэ”гэжээ. Гэтэл нэрт эрдэмтэн угсаатны зүйч С. Бадамхатан болон Сонгино сумын уугуул эрдэмтэн Х. Содномцэрэн (профессор, зураач) нар бичихдээ:—Сартуулууд Хүннү гүрний үед Монголын гал голомтыг сахиж асан ард түмэн болохыг батлаад үүнийг олон жишээн дээр тайлбарласан байна. Энэчилэн Сонгино сум, түүний эзэн ард түмний тухай өчнөөн өгүүлж болно. Би нутаг усныхаа тухай зөндөө бичсэн. . Цаашдаа ч бичнэ. Эх орон сумаас эхэлдэг. Сум эзнээсээ эхэлдэг. Эл бичлэгээ”Ноён шүлэг”номонд орсон”Эрэл” шүлгээрээ өндөрлөсү!

Эрэл

Тулгар түмэн тугаа өргөж
Туурга босоо улсаа асааж
Эзэн Монголын суу залинд
Энэ дэлхий дайваж байхад
Эцэг Чингис минь орь ганцаараа
Эрлүүд орчлонд цор ганцаараа
Элин сүлдтэй түмнээ аврах
Эцсийн бодолд шаглуулж суужээ.
-“Надаас хойш нартын доор
Найгал зайгал сарны доор
Монгол алдраар үлдэх түмэнд
Морьтон сүрээр нэрлэх олонд
Муу цаг нь эрээн нүүрлэхэд
Мунхагаас аврах ухаан хэрэгтэй!
Сайн ухаанаар удамаа сэлбэсэн
Сарны түмэнд минь зүс хэрэгтэй!
Тэнэг эзэнтэй тив явсанаас
Тэвний сүвэгчээр ч шургаж чадах
Олбогний төдий эх оронтой
Олон түмэн л хүчтэй! “ гэж
Эцэг Чингис минь орь ганцаараа
Эрлүүд орчлонд цор ганцаараа
Монгол түмнийхээ сүлдийг бадраах
Мохож буураагүй харийн олныг
Гэгээн ухаандаа болгоож байжээ
Гэрийнхээ хойморт бодож суужээ
Чилсэн түүхийн зудтай хуудсанд
Чингис болбоос тивийг дамжиж
Эх газрын шуналаар гаарсан
Эзэн хаан ч гэж бичсэн л байдаг юм
Үгүй ээ үүлэн дээдэх тивээс буусан
Үүрдийн Чингис зуурдыг бодоогүй!
Мандаж гардаг цагийн сүүлд
Буурч ирдэг тавиланг тооцоод
“-Болохоо болиход миний Монголд
Болд зоригтны цус хэрэгтэй!
Бор зүрхний ухаан хэрэгтэй!
Чингис миний санаа хэрэгтэй!
Чинхүү шударга хүмүүн хэрэгтэй! ”
Ингэж л баталсан эзэн хаан минь
Эх газрын төлөө дайтаагүй ээ!
Эрүүл цусыг түмэндээ авчирахаар
Энэ дэлхийг нэгжиж гүйцээсэн,
Сав, шимийг сандаалгүй явж
Сартай, нартай орчлонг туулсан,
Эвий, тэгэхэд Сартуул түмэн л
Эзэн Богдын таалалд тэнцсэн
Хатуу, зөөлөн хоёрын ирэн дээр
Халх Сартуул сорилтыг нь даасан,
Тэр л цагаас өнөө хүрэхэд
Тэнгэрийн Сартуул түүх ачаалж
Эзэн Чингисийнхээ эцсийн нууцыг
Энэ үед ч задлаагүй ирсээн!
Ард нь хоцорсон Чингисийн Монголд
Авралын од хэрэгтэй болоход
Эргэх цагийн хэцүү бүхний
Эхний хуудсыг Сартуул бичсээн!
Ариун үнэний галыг эрж
Авъяас билгийн охийг нээж
Аатай дэлхийн нумыг татсан
Аагтай түмний сорыг олсон
Эцэг Чингис мохоо санаалж
Эх газрын дайн хийгээгүй ээ!
Эцсийн нүүдэл шалаанд суухад
Элгэн бүлгэн түмнээ халхалж
Эх орон галаа манаж,
Эвгүй санаалсан харьтны өөдөөс
Элгэндээ хуяггүй тулаанд ордог,
Зүйргүй мяраасан дайсны өмнөөс
Зүрхэн амиараа дэнчин тавьдаг
Эрдүү түмэн Сартуулыг нээж
Эрүүл ухааны эрэл хийсэн юм аа,
Чингисийн удам дээр Сартуулыг нэмээд
Чи бидэн Монгол гүрэн болсон юм аа,
Түүхийн одыг хазгай хараагүй
Түрлэг Чингис эзэн минь ч энээ!
Түрлэг Чингис эцэг минь ч энээ!
Дэлхийн Хайрхан Сонгино уул ч энээ!
Дээрээ нартай тэнгэр түшиг ээ!

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Бороохойн Батхүү

ЦЭЦЭН САРТУУЛЫН ТУУЛЬС – СОНГИНО НУТАГ МИНУ

Эх сурвалж: Өдрийн сонин 2012-4-2-ны өдрийн. . . дугаар

         

     ЦЭЦЭН САРТУУЛЫН ТУУЛЬС – СОНГИНО НУТАГ МИНУ


                                  (Уянгын тэмдэглэлийн хоёр дахь хэсэг)


 Тураг бор ухаан нь хөрсжин зузаарч халх монголын түүхнээ Засагтхан аймгийн Цэцэн Сартуул хошуу хэмээх их айлын гал голомт Богд Сонгино хайрхан уулыг дөрвөн цагийн эргэлтэд тойрон амьдарсан бүлэг иргэдийг Завхан аймгийн Сонгино сумынхан хэмээмүй! Их Монгол улсын газрын зурагт Хангай, Булнай нурууны шувтарга, Хан Хөхийн нурууны тархин дээр тэмдэглэгдсэн Сонгино Хайрхан уул минь өвөр холын хормойгоороо Галуутай, Хүнгүйн голыг мяралзуулж ар талдаа Сонгино Тариатын хөндийн хаяаг тэлж мөнхийн харз рашаан булагтай Тариатын голыг урсган байдаг энхжин оршсон мөнхийн нутаг билээ. Миний уугуул нутаг угтаа Завхан аймгийн Сонгино Хайрхан сум нэртэй байх учиртай юм гэнэлээ. .

Хайрхан, Богд, Бурхан. . гэхчилэн хүндлэн дээдэлдэг нэрнээс жийрхдэг болсон улаан хувьсгалт цаг үеийнхэн Сартуул түмний сүлд овоог өвөртөө хэдэн зуунаар хадгалсан Сонгино Хайрхан уулын минь алдрыг хагаслан миний нутаг өнгөрсөн зууны 1924 оноос Сонгино сум хэмээн Хайрхан байх эрхээ хасуулан нэрийдэх болжээ. Монгол бөхийн түүхнээ Сартуулын Бунь арслан хэмээх их хүчтэн тэртээ нэгэн цагт энэ уулыг түшиж төрсөн гэдэг. Завхан нутгаас хувьсгалын жилүүдэд төрсөн алдарт арслангуудын нэг “нахиу” хэмээх Шагдарын Санжсүрэн арслан Сонгино сумынх хэмээн түүхнээ бичээтэй байдаг. Сонгино Хайрхан уулыг дээдлэн шүтдэг түүний харьяаны ч гэж болох Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино сумынхан өдгөө ч хайрхан уулынхаа оройд морь харахгүй хэмээн эрчүүд нь бэлд нь биеэ хөнгөлөн орой хярд нь гардаг гэнэлээ.
Засагт Хан аймгийн Цэцэн Сартуул Хошууны од хийморийг оршоосон сүлд овоог айдас, яргалал чихэлдсэн 1930-аад оны түйвээнт үеэр ч До-яамны ногоон малгайтнууд халдаж нурааж чадаагүй гэдэг. Богд Хаант Монгол улсынхаа сүр хүчийг өргөж Ховд хотоос манж амбаныг хөөн гаргах 1911 оны дайнд өдгөөгийн Сонгино сумын Тариат багийн уугуул Магван туслагч хэмээх язгууртан цэрэг захиран оролцож Хатанбаатар Магсаржавын гараас гүн зэрэг шагнуулаад ирж байсан нь түүхнээ дурайн үлджээ. Ер нь Сонгино сумын нутаг Айрагийн хөндий, Цахирын сайр, Хөгшиний хөндий, Тариатын хөндий хэмээх их замын алтан тоос хадсан гурван их цэлгэр тал, Шар нуруу, Авдрант, Түлээт хэмээх мод ус нь жигдэрсэн хангай, Айраг, Цавдан хэмээх хоёр нуур. . за тэгээд Тариат, Зараа, Урт гэхчилэн том жижиг гол горхиос бүтсэн уран тансаг энхжингийн орон бөлгөө. Сум маань Тариат, Баян-Айраг, Шар нуруу, Айраг, Бор-Өндөр гэх таван багаас бүрдэх бөгөөд миний л мэдэхийн өнгөрсөн зууны далаад он, өнөө зууны ерээд оны хоёр их нүүдлийн үерт дайруулж хүн ам нь хотруу цуваж нутгаа орхисон нутгаа орхигчид нь бид явлаа нутаг минь яана даа гэх нь холгүй асан боловч хүн өсөхийн өндийхийн заяатай Сонгино нутаг минь биднээр дутсангүй хойч үе нь галаа бадрааж, малаа өсгөсөөр харин нутгаасаа нүүгчид нь буцаж нутаг руугаа гүйсээр Айраг, Тариатын хөндий цэлийдгээрээ цэлийж, тунгалаг ус булагт Тариатын минь гол мяралздагаараа мяралзан өнөөдрийг хүрчээ. . Заримдаа би нутгаа галзууртлаа санадаг. Хотын шуугиан утааны угаарт хордохдоо мянга гаруй бээрийн цаана намайг даллах ээж нутаг хоёрлуугаа гүймээр бодогддог.
Монгол оронд социалист бүтээн байгуулалт ид эхэлсэн 1960-аад оны эхээр аавынх маань төрийн тушаалаар нутгаа орхин аймаг руу нүүв ээ! Цэргээс халагдсан аав маань аймгийн барилгад ажиллах тушаал авчээ. . Тийн нэг намар аймгаас ирсэн машинд аавынх ачаалж манай хоточ Банхар нохой манайхны авга болох өндөр Ганжуур өвөөгийн гадаа уягдан ачаагаа дагаж гангинан цовхорч уяандаа татагдан саваж унасаар хоцорч билээ. Ухаан мэдээ орсон цагаасаа би бээр Тариатын голын усаа туучиж хурга ишиг үргээж, номхон даага унан өвөөгөө даган мөрөө тэрлэж өвөлдөө Завхан мандалын говь руу нүүж өссөн бөгөөд дөрвөн нүдтэй хоточ Банхар маань тийн өнчрөн хоцорсон цагийг одоо ч мартдаггүй. Хожим сонсохнээ Банхар маань эзнээ санаж гэрээ эрж бидрэн явсаар сураггүй болсон гэнэлээ. Өвөө маань Юмжав айнаа хэмээн нэрлэгддэг бахим зузаан биетэй, хошин ёгт үгээрээ хүн инээлгэдэг заримдаа мадалж орхидог дээр цагтаа хүрээ Гандангийн гэвш асан социализмийн үеийн нэгдлийн эгэл малчин ээж талаа хөөвөл Илжигэн халх, аав талаа мөшгөвөл Сартуул халх хүн байлаа. Чойр Цанидын номыг багаасаа уншиж, үзэж буддын гүн ухаанд шаггүй боловсорсон, монгол түвд хэлтэй, амны уншлага маани мэгзэмээ таслаагүй хүн байлаа. Энэ хүний ууган ач хүү болж орчлонтой золгосон миний бие яруу найрагч зохиолч хэмээн хэлэгдэх болсон нь гарцаагүй өвөөгийн минь цаглашгүй ухааны гэгээ бага ч атугай надад нөлөөлсний баталгаа юмаа. Манай Сонгино нутагт ижил нэртэнгүүд олон байдаг түүнээ ялгахын тулд нэрний нь өмнө хоч зүүнэ. Жишээ нь миний багад нэг их олон Даржаа байдаг байлаа. Тэднийг ялгахын тулд гулд Даржаа, саржиг Даржаа, яайжиг Даржаа гэх жишээтэй. Сонгино сумын цадиг намтарт сайн муу аль алин нь буй! Хошуу дамжуулж сур гүйлгэдэг, адуу хөөж сайн эр болдог эрчүүд бишгүй л байж! Басхүү хэрцгий хатуугаараа нэрд гарч албат харцаа дарладаг тайж ноёд ч байсан гэдэг. Сум нэгдлийн сүүдрээсээ үргэдэг хатуу араншинтай дарга даамлууд ч байсан юмаа. . энэ бол яахав ээ! Цагийн цагт л байдаг амьдралын ёс ёмбогор төр төмбөгөр үзэгдэл! Би түрүүчийн тэмдэглэлдээ ус нутгийнхаа тухай, мандаж цуурхсан алдартнуудын тухай бичсэн болохоор энэ удаа азнаж сэтгэлийн мухарт асаж явдаг өөрийнхөө бодлоос түүж нутаг усандаа өргөл барьж цаас тэрлэж сууна. Хүн эхээс төрөөд мэдээ ормогц анхлан харсан уул ус, өвс ногоо, хүн зон, амьд амьтан сэтгэлд хоногшдог. Хүний амьдрах нас хэмжээтэй бүх юм эрэмбэтэй болохоор эрэмбийн эхэнд унасан газар угаасан ус магнайлна. Тиймээс Завхан аймгийн Сонгино сум Тариатын хөндий, Тариатын гол, Богд Сонгино Хайрхан уул бол миний төрсөн нутаг насаараа дуулах, насаараа бичих, насаараа зурах миний өр-миний нэр-миний сүр билээ.


Нутгаа бичих энэ зуур миний эмээ нар хэмээх гэгээн бурхадын талаар дурсахгүй бол алдас болно. Аавын минь ээж өндөр Юудан, ээжийн минь ээж дууч Бадгаа гэхээр өдгөө ч ус нутгийнхан минь санах буйзаа! Ягаан толгойт хочтой баян Гаадангийн гурав дахь охин миний амин хайртай эмэг эх Юудан хэмээх ачтан болбоос ёстой үйлэнд уран, ухаан цэцэн, өрх гэрээ тойглон авч явсан содон хүн байв. Нүүдэл суудал эхлээд тэмээн хөсөг хөдөлгөх болохоор өвөө маань адуу малаа гээд мордоод явчихдаг харин миний эмээ гэрээ ачаалж, тэн тэнжээгээ чангалж татаад хөдөлдөг тийм их эр бяртай жинхэнэ монгол ээж ховор хүн байлаа.
Өдгөөгийн Монгол улсын хүний гавьяат эмч Б. Үйлстийн аав Бүрэнтөгс заан гэж иртэй, бяртай бөх хүн байжээ. Манай өвөг эцэг Юмжав, Бүрэнтөгс заан хоёр зүү орох зайгүй нөхөд панз наймааны андууд байж. Нэг удаа Бүрэнтөгс заан өвөөгийнд ирээд гадна нь байсан гэрийн шинэ ханануудыг тэмээнд ачаалаад явжээ. Тэгэхээр нь миний эмээ:
- Эзний нь эзгүйд хүний юмыг дур мэдэн аваад, та яаж байгаа юм гэжээ.
- Эрчүүдийн явдал чамд падгүй! гэж заан өмнөөс нь мөчөөрхжээ. Улмаар маргаан дэгдэж ачаатай тэмээгээ хөтлөөд данайж явсан нутгийн зааныг эмээ маань ганцхан ухасхийгээд далан дээрээс нь шүүрч аваад мориноос нь ховх татаад шидчихсэн гэдэг. Газарт тоостой хутгалдаж унасан Бүрэнтөгс заан нэрэлхэхдээ;


- Өгөрийн авгай чинь алах нь! гэчихээд бушуухан мордоод ачаатай тэмээгээ орхиод явсан гэдэг. Хожим өвөө эмээ тэд хэд маань хөгөө ярьж инээлддэг байжээ.
Энэчилэн бичвэл ус нутаг, өвөг дээдэс, ээж аав, төрөл төрөгсдийн тухай зөндөөнийг хүүрнэж болох! Түр азнан унаган нутаг усандаа өргөл болгон бичсэн:

 

 “Цэцэн сартуулын шүтээн уул-сонгино хайрханы өргөл дуулал” шүлгээр энэ удаагийн тэмдэглэлээ өндөрлөсү!

ЦЭЦЭН САРТУУЛЫН ШҮТЭЭН УУЛ- СОНГИНО ХАЙРХАНЫ ӨРГӨЛ ДУУЛАЛ


I
Насан хутаг өлзийлж ариун суварга залсан
Найман зовхис тэнцүүлж зоо дөрвөлжин боссон
Наян живаа мянганы сүлдэн оддоос буусан
Наран сансарын зарлигтай бурхан бор уул минь!
II
Тэлмэн их эзэн Азийн усанд тольдсон
Тэнгис мөнхдалай дөрвөн болорт оршсон
Тэнүүн цэнхэр мэлмий-дэлхийн зулайд заларсан
Тэнгэр тивийн зарлигтай дээрхийн наран уул минь!
III
Чихэнд яруу дууны шуранхай өргөж боссон
Чимэг хазаарын шигшэг жингэнэх бүрийд баяссан
Чилгэр зоотой хүлгийн гантай дөрөөнд ассан
Чингис эзний зарлигтай төрийн ноён уул минь!
IV
Морин зэрэглээ гүйх халхын талдаа заяасан
Молор цайлан бараандаа буурал түүхийг хадгалсан
Мөнхийн энхжин орших буман цагаан лустай
Монгол төрийн зарлигтай эрийн хийморь уул минь!
V
Таван тивтэй хорвоогийн тахил аршаалж морилсон
Дөрвөн далайтай ертөмцийн дөрөө түшиж налайсан
Цанид чойрын мэргэдийг үе үедээ төрүүлэн
Цацлын дээж өргөсөн замилангийн хоймор уул минь!
VI
Галав шанхын домогт цэцэн хатад дүрээрээ
Ганзага мялааж жаргаасан ээжий, ээжий хэвээрээ
Гарын өлзий өөдөө Дарь-Эх бүхнийг ивээж
Галын дөл өргөсөн монголжин сахил уул минь!
VII
Газар, газрын шувууд уриныг залан ганганаад
Гадлайн залааг шүргэн умар далайг зорихуй
Гаригийн цөвүүн арилган номын буянаа өргөж
Гарьдын дүрээр тэлсэн энхжин тахил уул минь!
VIII
Уйлах, дуулах хорвоогийн учиг утсыг тааруулж
Уруудах, өгсөх хоёрын учир утгыг тэнцүүлж
Аврал хүссэн олны арга, билгийг таацуулж
Ачийн ачийн ачааг үүрч боссон Хайрхан минь!
IX
Өвгөд буурлын тоолсон дүнчүүр маанитай эрхиний
Зуун найман бөөрөн дээр зураг нь зураастай уул минь
Өдөр, шөнөтэй хорвоогийн өгөө, аваа хоёрт
Зулай бэлээ элдүүлсэн ч өөрийгөө хайрлаагүй уул минь!
X
Монгол морьдын туураар ертөнцийн түүхэнд хүрсэн
Морьтой түмний суугаар хорвоогийн түмэнд дуулдсан
Нарлаг Азийн зүрхэнд амь нь болж бадарсан
Нарны гэгээн Осоржам номтой, сантай хайрхан минь!
XI
Ай хайлан дүүрэн наран бурхадын орчилд
Аймаг садан олон эрхис дээдийн оршилд
Авралын долоон одтой наймын ерөөл холбож
Асар газрын манлай ууланд хувилсан Хайрхан минь!
XII
Сүмбэр Гималайн цасанд сүлд дүр нь тодхон
Сүмтэй Бодалын оронд судар нэр нь шуудхан
Хаан эрдмийн мэргэд дүр дүрдээ тахидаг
Халхын босоо уул-Сонгино хайрхан минь!
XIII
Үүл нь үгүй тунгалаг мөнх тэнгэрийн оронд
Үзүүр үгүй уужим энх газрын нэгэн
Элбэрэл түвшин ардын аршаан усны эхэн
Эзэн богд хайрхан-Сартуул халхын сүлд ээ!
XIV
Есөн гарагт наран-Осоржамын өвөр дээр
Ерөөл мөнхөлж төрсөн зүрхний үр нь гэмээнэ
Ер бусын хорвоо та минь билээ гэхэд
Ерхөгт талынхаа цэцгэн дунд налайсаи Хайрхан уул минь!
XV
Дөрвөн цагийн орчлонг дөрвөн талдаа тойруулсан
Дөрөө чангатай түмний дөрвөлжин бор уул-
Эрдэнийн ээл шингээсэн хормой бэлээ уужлаж
Энгэр элэг түшээндээ хорвоог багтаасан Сонгино минь!

XVI

Сэргэлэн сэвшээ улбаалж орой тэргүүнд очвоос
Сэнгэнэх товшоо чимээлж мандаа ДАРЦАГТ босохуй
Халиун бугын зүүдэнд Халхын уулс сэрвэлзэн
Хадан цохио холбон янгир дүүлэх Хайрхан минь!
XVII
Зун, зуны дэлгэрт наадмын гийнгоо хурайлан
Зуун, зууны дэвжээнд нарны хурай хөгжөөж
Гурван мянган ертөнцийг Лхамын хурдаар гүйцэж
Гучин галавын гялбаанд мөнхөрч үлдсэн уул минь!
XVIII
Хөлгөн их Монголын гурван асарт орой
Хангай, Хэнтий, Алтайн галбир бүхнийг шингээж
Халх Сартуул нутгийн зандан хойморт ургасан
Хаан эзний суудалт-Богд Сонгино Хайрхан минь!
XIX
Мөнхийн харз мэлмэлзсэн тогоруут Тариатын хөндийд
Мөхдөл үгүй мандах тоонот гэрүүдийн шашдирт
Сонгино Хайрхан хэмээх уулын овогтны түүх
Солонго эрдэнийн бийр, бэхсээр бичигдсэн байнам!
XX
Наран хааны зарлигтай бурхан бор уул минь
Тэнгэр тивийн зарлигтай дээрхийн наран уул минь
Чингис эзний зарлигтай төрийн ноён уул минь
Монгол төрийн зарлигтай түмний эзэн уул минь
XXI
Угтан учрах зуунуудын дөрөөг мялааж ерөөлөө.
Угсаа удамт Монголоо мөнхжин батжиг гэж ерөөлөө.
Уулын дээд уул Сонгино Хайрханаа ерөөлөө.
Ураг алтан элгэндээ шүлгийн дээжээ өргөлөө!

                                                  Сонгино Хайрхап-Нурамтын өвөлжөө-
                                                   1994 оны 1 сар-
                                                   1995 оны 2 сар

                                                   Монголын зохиолчдын эвлэлийн шагналт
                                                   Яруу найрагч Бороохойн БАТХҮҮ

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 203.91.112.198 / -
ямар сайхан залуу вэ танилцах юмсан
Зочин / 103.10.21.60 / - Ж.Лхагва
та уужим сэтгэж унасан газар угаасан усаа чин зүрнийхээ угаасаа хайралсанд баярлалаа.....
Зочин / 203.194.113.226 / -
миний найз сайхан юм бичжээ чамд болон үе тэнгийн найз нартай шинэ оны мэнд хүргэе
Зочин / 203.194.113.226 / -
нутгийн банди чи минь үнэн цоглог шүү. чамаараа бахархаж явдаг шүү тариатын голын охин
Зочин / 202.70.40.98 / - Танил
Одоо л жинхэнэ яруу найрагч болж байна. Шингэн лимбийн эгшиг уусах талын зээрэн намар аа. зээрэн намарч гэх шиг. Зээр намар юу билээ. Адилхан билүү бодмоор л юм байна. Өнгө нь үү. Салхи нь уу. Эмнэг дагшин уу.
Зочин / 202.179.11.134 / - Шатар Өдгөө овогт Гарамдагвын Ганбат
Эцэг өвгөдийн оршсон нутаг усныхаа тухай дуулж яваа нь сайхан байна . Таны нийтлэлд нэг зүйл буруу байна . Сэцэн-Сартуул уулын хошууны туслагч М.Магван тайж бол миний элэнц өвөг юм .Ээжийн минь эмээ болох Магваны Хумбаа гэх хөгшин саяхан 60-д он хүрт
Зочин / 202.9.42.1 / - Бороохойн хүүд
За дүү хүү сайн байна .Нутаг усаа магтан дуулжээ. Нутгаа мартаагүй их эр юм даа чи. Энэ цаг үед идэхийн шуналд дөнгөлүүлээд юун нутаг бодох мантай болсон цаг. Тэхдээ зохиолчид арай ч тэгэхгүй байх. Бороохойдоод бай. Давсаг мавсаг чинь зүгээр үү . Арх
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.146 / -
Зочин / 46.229.168.143 / -
Зочин / 46.229.168.147 / -
Зочин / 46.229.168.134 / -