Холбоо барих +976 70112078

Бороохойн Батхүү

Цэцэн сартуулын туульс - Сонгино нутаг мину 2

(Уянгын тэмдэглэлийн хоёр дахь хэсэг)

Тураг бор ухаан нь хөрсжин зузаарч халх монголын түүхнээ Засагтхан аймгийн Цэцэн Сартуул хошуу хэмээх их айлын гал голомт Богд Сонгино хайрхан уулыг дөрвөн цагийн эргэлтэд тойрон амьдарсан бүлэг иргэдийг Завхан аймгийн Сонгино сумынхан хэмээмүй! Их Монгол улсын газрын зурагт Хангай, Булнай нурууны шувтарга, Хан Хөхийн нурууны тархин дээр тэмдэглэгдсэн Сонгино Хайрхан уул минь өвөр холын хормойгоороо Галуутай, Хүнгүйн голыг мяралзуулж ар талдаа Сонгино Тариатын хөндийн хаяаг тэлж мөнхийн харз рашаан булагтай Тариатын голыг урсган байдаг энхжин оршсон мөнхийн нутаг билээ. Миний уугуул нутаг угтаа Завхан аймгийн Сонгино Хайрхан сум нэртэй байх учиртай юм гэнэлээ.. Хайрхан, Богд, Бурхан.. гэхчилэн хүндлэн дээдэлдэг нэрнээс жийрхдэг болсон улаан хувьсгалт цаг үеийнхэн Сартуул түмний сүлд овоог өвөртөө хэдэн зуунаар хадгалсан Сонгино Хайрхан уулын минь алдрыг хагаслан миний нутаг өнгөрсөн зууны 1924 оноос Сонгино сум хэмээн Хайрхан байх эрхээ хасуулан нэрийдэх болжээ. Монгол бөхийн түүхнээ Сартуулын Бунь арслан хэмээх их хүчтэн тэртээ нэгэн цагт энэ уулыг түшиж төрсөн гэдэг. Завхан нутгаас хувьсгалын жилүүдэд төрсөн алдарт арслангуудын нэг “нахиу” хэмээх Шагдарын Санжсүрэн арслан Сонгино сумынх хэмээн түүхнээ бичээтэй байдаг. Сонгино Хайрхан уулыг дээдлэн шүтдэг түүний харьяаны ч гэж болох Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино сумынхан өдгөө ч хайрхан уулынхаа оройд морь харахгүй хэмээн эрчүүд нь бэлд нь биеэ хөнгөлөн орой хярд нь гардаг гэнэлээ.

Засагт Хан аймгийн Цэцэн Сартуул Хошууны од хийморийг оршоосон сүлд овоог айдас, яргалал чихэлдсэн 1930-аад оны түйвээнт үеэр ч До-яамны ногоон малгайтнууд халдаж нурааж чадаагүй гэдэг. Богд Хаант Монгол улсынхаа сүр хүчийг өргөж Ховд хотоос манж амбаныг хөөн гаргах 1911 оны дайнд өдгөөгийн Сонгино сумын Тариат багийн уугуул Магван туслагч хэмээх язгууртан цэрэг захиран оролцож Хатанбаатар Магсаржавын гараас гүн зэрэг шагнуулаад ирж байсан нь түүхнээ дурайн үлджээ. Ер нь Сонгино сумын нутаг Айрагийн хөндий, Цахирын сайр, Хөгшиний хөндий, Тариатын хөндий хэмээх их замын алтан тоос хадсан гурван их цэлгэр тал, Шар нуруу, Авдрант, Түлээт хэмээх мод ус нь жигдэрсэн хангай, Айраг, Цавдан хэмээх хоёр нуур.. за тэгээд Тариат, Зараа, Урт гэхчилэн том жижиг гол горхиос бүтсэн уран тансаг энхжингийн орон бөлгөө. Сум маань Тариат, Баян-Айраг, Шар нуруу, Айраг, Бор-Өндөр гэх таван багаас бүрдэх бөгөөд миний л мэдэхийн өнгөрсөн зууны далаад он, өнөө зууны ерээд оны хоёр их нүүдлийн үерт дайруулж хүн ам нь хотруу цуваж нутгаа орхисон нутгаа орхигчид нь бид явлаа нутаг минь яана даа гэх нь холгүй асан боловч хүн өсөхийн өндийхийн заяатай Сонгино нутаг минь биднээр дутсангүй хойч үе нь галаа бадрааж, малаа өсгөсөөр харин нутгаасаа нүүгчид нь буцаж нутаг руугаа гүйсээр Айраг, Тариатын хөндий цэлийдгээрээ цэлийж, тунгалаг ус булагт Тариатын минь гол мяралздагаараа мяралзан өнөөдрийг хүрчээ.. Заримдаа би нутгаа галзууртлаа санадаг. Хотын шуугиан утааны угаарт хордохдоо мянга гаруй бээрийн цаана намайг даллах ээж нутаг хоёрлуугаа гүймээр бодогддог.

Монгол оронд социалист бүтээн байгуулалт ид эхэлсэн 1960-аад оны эхээр аавынх маань төрийн тушаалаар нутгаа орхин аймаг руу нүүв ээ! Цэргээс халагдсан аав маань аймгийн барилгад ажиллах тушаал авчээ.. Тийн нэг намар аймгаас ирсэн машинд аавынх ачаалж манай хоточ Банхар нохой манайхны авга болох өндөр Ганжуур өвөөгийн гадаа уягдан ачаагаа дагаж гангинан цовхорч уяандаа татагдан саваж унасаар хоцорч билээ. Ухаан мэдээ орсон цагаасаа би бээр Тариатын голын усаа туучиж хурга ишиг үргээж, номхон даага унан өвөөгөө даган мөрөө тэрлэж өвөлдөө Завхан мандалын говь руу нүүж өссөн бөгөөд дөрвөн нүдтэй хоточ Банхар маань тийн өнчрөн хоцорсон цагийг одоо ч мартдаггүй. Хожим сонсохнээ Банхар маань эзнээ санаж гэрээ эрж бидрэн явсаар сураггүй болсон гэнэлээ. Өвөө маань Юмжав айнаа хэмээн нэрлэгддэг бахим зузаан биетэй, хошин ёгт үгээрээ хүн инээлгэдэг заримдаа мадалж орхидог дээр цагтаа хүрээ Гандангийн гэвш асан социализмийн үеийн нэгдлийн эгэл малчин ээж талаа хөөвөл Илжигэн халх, аав талаа мөшгөвөл Сартуул халх хүн байлаа. Чойр Цанидын номыг багаасаа уншиж, үзэж буддын гүн ухаанд шаггүй боловсорсон, монгол түвд хэлтэй, амны уншлага маани мэгзэмээ таслаагүй хүн байлаа. Энэ хүний ууган ач хүү болж орчлонтой золгосон миний бие яруу найрагч зохиолч хэмээн хэлэгдэх болсон нь гарцаагүй өвөөгийн минь цаглашгүй ухааны гэгээ бага ч атугай надад нөлөөлсний баталгаа юмаа. Манай Сонгино нутагт ижил нэртэнгүүд олон байдаг түүнээ ялгахын тулд нэрний нь өмнө хоч зүүнэ. Жишээ нь миний багад нэг их олон Даржаа байдаг байлаа. Тэднийг ялгахын тулд гулд Даржаа, саржиг Даржаа, яайжиг Даржаа гэх жишээтэй. Сонгино сумын цадиг намтарт сайн муу аль алин нь буй! Хошуу дамжуулж сур гүйлгэдэг, адуу хөөж сайн эр болдог эрчүүд бишгүй л байж! Басхүү хэрцгий хатуугаараа нэрд гарч албат харцаа дарладаг тайж ноёд ч байсан гэдэг. Сум нэгдлийн сүүдрээсээ үргэдэг хатуу араншинтай дарга даамлууд ч байсан юмаа.. энэ бол яахав ээ! Цагийн цагт л байдаг амьдралын ёс ёмбогор төр төмбөгөр үзэгдэл! Би түрүүчийн тэмдэглэлдээ ус нутгийнхаа тухай, мандаж цуурхсан алдартнуудын тухай бичсэн болохоор энэ удаа азнаж сэтгэлийн мухарт асаж явдаг өөрийнхөө бодлоос түүж нутаг усандаа өргөл барьж цаас тэрлэж сууна. Хүн эхээс төрөөд мэдээ ормогц анхлан харсан уул ус, өвс ногоо, хүн зон, амьд амьтан сэтгэлд хоногшдог. Хүний амьдрах нас хэмжээтэй бүх юм эрэмбэтэй болохоор эрэмбийн эхэнд унасан газар угаасан ус магнайлна. Тиймээс Завхан аймгийн Сонгино сум Тариатын хөндий, Тариатын гол, Богд Сонгино Хайрхан уул бол миний төрсөн нутаг насаараа дуулах, насаараа бичих, насаараа зурах миний өр-миний нэр-миний сүр билээ.

Нутгаа бичих энэ зуур миний эмээ нар хэмээх гэгээн бурхадын талаар дурсахгүй бол алдас болно. Аавын минь ээж өндөр Юудан, ээжийн минь ээж дууч Бадгаа гэхээр өдгөө ч ус нутгийнхан минь санах буйзаа! Ягаан толгойт хочтой баян Гаадангийн гурав дахь охин миний амин хайртай эмэг эх Юудан хэмээх ачтан болбоос ёстой үйлэнд уран, ухаан цэцэн, өрх гэрээ тойглон авч явсан содон хүн байв. Нүүдэл суудал эхлээд тэмээн хөсөг хөдөлгөх болохоор өвөө маань адуу малаа гээд мордоод явчихдаг харин миний эмээ гэрээ ачаалж, тэн тэнжээгээ чангалж татаад хөдөлдөг тийм их эр бяртай жинхэнэ монгол ээж ховор хүн байлаа.

Өдгөөгийн Монгол улсын хүний гавьяат эмч Б.Үйлстийн аав Бүрэнтөгс заан гэж иртэй, бяртай бөх хүн байжээ. Манай өвөг эцэг Юмжав, Бүрэнтөгс заан хоёр зүү орох зайгүй нөхөд панз наймааны андууд байж. Нэг удаа Бүрэнтөгс заан өвөөгийнд ирээд гадна нь байсан гэрийн шинэ ханануудыг тэмээнд ачаалаад явжээ. Тэгэхээр нь миний эмээ:

- Эзний нь эзгүйд хүний юмыг дур мэдэн аваад, та яаж байгаа юм гэжээ.

- Эрчүүдийн явдал чамд падгүй! гэж заан өмнөөс нь мөчөөрхжээ. Улмаар маргаан дэгдэж ачаатай тэмээгээ хөтлөөд данайж явсан нутгийн зааныг эмээ маань ганцхан ухасхийгээд далан дээрээс нь шүүрч аваад мориноос нь ховх татаад шидчихсэн гэдэг. Газарт тоостой хутгалдаж унасан Бүрэнтөгс заан нэрэлхэхдээ;

- Өгөрийн авгай чинь алах нь! гэчихээд бушуухан мордоод ачаатай тэмээгээ орхиод явсан гэдэг. Хожим өвөө эмээ тэд хэд маань хөгөө ярьж инээлддэг байжээ.

Энэчилэн бичвэл ус нутаг, өвөг дээдэс, ээж аав, төрөл төрөгсдийн тухай зөндөөнийг хүүрнэж болох! Түр азнан унаган нутаг усандаа өргөл болгон бичсэн: “Цэцэн сартуулын шүтээн уул-сонгино хайрханы өргөл дуулал” шүлгээр энэ удаагийн тэмдэглэлээ өндөрлөсү!

ЦЭЦЭН САРТУУЛЫН ШҮТЭЭН УУЛ

СОНГИНО ХАЙРХАНЫ ӨРГӨЛ ДУУЛАЛ

I

Насан хутаг өлзийлж ариун суварга залсан

Найман зовхис тэнцүүлж зоо дөрвөлжин боссон

Наян живаа мянганы сүлдэн оддоос буусан

Наран сансарын зарлигтай бурхан бор уул минь!

II

Тэлмэн их эзэн Азийн усанд тольдсон

Тэнгис мөнхдалай дөрвөн болорт оршсон

Тэнүүн цэнхэр мэлмий-дэлхийн зулайд заларсан

Тэнгэр тивийн зарлигтай дээрхийн наран уул минь!

III

Чихэнд яруу дууны шуранхай өргөж боссон

Чимэг хазаарын шигшэг жингэнэх бүрийд баяссан

Чилгэр зоотой хүлгийн гантай дөрөөнд ассан

Чингис эзний зарлигтай төрийн ноён уул минь!

IV

Морин зэрэглээ гүйх халхын талдаа заяасан

Молор цайлан бараандаа буурал түүхийгхадгалсан

Мөнхийн энхжин орших буман цагаан лустай

Монгол төрийн зарлигтай эрийн хийморь уул минь!

V

Таван тивтэй хорвоогийн тахил аршаалж морилсон

Дөрвөн далайтай ертөмцийн дөрөө түшиж налайсан

Цанид чойрын мэргэдийг үе үедээ төрүүлэн

Цацлын дээж өргөсөн замилангийн хоймор уул минь!

VI

Галав шанхын домогт цэцэн хатаддүрээрээ

Ганзага мялааж жаргаасан ээжий, ээжий хэвээрээ

Гарын өлзий өөдөө Дарь-Эх бүхнийгивээж

Галын дөл өргөсөн монголжин сахил уул минь!

VII

Газар, газрын шувууд уриныг залан ганганаад

Гадлайн залааг шүргэн умар далайг зорихуй

Гаригийн цөвүүн арилган номын буянаа өргөж

Гарьдын дүрээр тэлсэн энхжин тахил уул минь!

VIII

Уйлах, дуулах хорвоогийн учиг утсыг тааруулж

Уруудах, өгсөх хоёрын учир утгыг тэнцүүлж

Аврал хүссэн олны арга, билгийг таацуулж

Ачийн ачийн ачааг үүрч боссон Хайрхан минь!

IX

Өвгөд буурлын тоолсон дүнчүүр маанитай эрхиний

Зуун найман бөөрөн дээр зураг нь зураастай уул минь

Өдөр, шөнөтэй хорвоогийн өгөө, аваахоёрт

Зулай бэлээ элдүүлсэн ч өөрийгөө хайрлаагүй уул минь!

X

Монгол морьдын туураар ертөнцийн түүхэнд хүрсэн

Морьтой түмний суугаар хорвоогийн түмэнд дуулдсан

Нарлаг Азийн зүрхэнд амь нь болж бадарсан

Нарны гэгээн Осоржам номтой, сантай хайрхан минь!

XI

Ай хайлан дүүрэн наран бурхадын орчилд

Аймаг садан олон эрхис дээдийн оршилд

Авралын долоон одтой наймын ерөөл холбож

Асар газрын манлай ууланд хувилсан Хайрхан минь!

XII

Сүмбэр Гималайн цасанд сүлд дүр нь тодхон

Сүмтэй Бодалын оронд судар нэр нь шуудхан

Хаан эрдмийн мэргэд дүр дүрдээ тахидаг

Халхын босоо уул-Сонгино хайрхан минь!

XIII

Үүл нь үгүй тунгалаг мөнх тэнгэрийн оронд

Үзүүр үгүй уужим энх газрын нэгэн

Элбэрэл түвшин ардын аршаан усны эхэн

Эзэн богд хайрхан-Сартуул халхын сүлд ээ!

XIV

Есөн гарагт наран-Осоржамын өвөр дээр

Ерөөл мөнхөлж төрсөн зүрхний үр нь гэмээнэ

Ер бусын хорвоо та минь билээ гэхэд

Ерхөгт талынхаа цэцгэн дунд налайсаи Хайрхан уул минь!

XV

Дөрвөн цагийн орчлонг дөрвөн талдаа тойруулсан

Дөрөө чангатай түмний дөрвөлжин бор уул-

Эрдэнийн ээл шингээсэн хормой бэлээ уужлаж

Энгэр элэгтүшээндээ хорвоог багтаасан Сонгино минь!

XVI

Сэргэлэн сэвшээ улбаалж орой тэргүүнд очвоос

Сэнгэнэх товшоо чимээлж мандаа ДАРЦАГТ босохуй

Халиун бугын зүүдэнд Халхын уулс сэрвэлзэн

Хадан цохио холбон янгир дүүлэх Хайрхан минь!

XVII

 

Зун, зуны дэлгэрт наадмын гийнгоо хурайлан

Зуун, зууны дэвжээнд нарны хурай хөгжөөж

Гурван мянган ертөнцийг Лхамын хурдаар гүйцэж

Гучин галавын гялбаанд мөнхөрч үлдсэн уул минь!

XVIII

Хөлгөн их Монголын гурван асарт орой

Хангай, Хэнтий, Алтайн галбир бүхнийг шингээж

Халх Сартуул нутгийн зандан хойморт ургасан

Хаан эзний суудалт-Богд Сонгино Хайрхан минь!

XIX

Мөнхийн харз мэлмэлзсэн тогоруутТариатын хөндийд

Мөхдөл үгүй мандах тоонот гэрүүдийн шашдирт

Сонгино Хайрхан хэмээх уулын овогтны түүх

Солонго эрдэнийн бийр, бэхсээр бичигдсэн байнам!

XX

Наран хааны зарлигтай бурхан бор уул минь

Тэнгэр тивийн зарлигтай дээрхийн наран уул минь

Чингис эзний зарлигтай төрийн ноён уул минь

Монгол төрийн зарлигтай түмний эзэн уул минь

XXI

Угтан учрах зуунуудын дөрөөг мялааж ерөөлөө.

Угсааудамт Монголоо мөнхжин батжиг гэж ерөөлөө.

Уулын дээдуул Сонгино Хайрханаа ерөөлөө.

Ураг алтан элгэндээ шүлгийн дээжээ өргөлөө!

 

Сонгино Хайрхап-Нурамтын өвөлжөө-

1994 оны 1 сар-1995 оны 2 сар

 

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт

Яруу найрагч Бороохойн БАТХҮҮ

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.9.41.225 / - ohin
aaviigaa sananaa. Taniihaa nutag usand ochij murgunuu
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 5.188.211.26 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 5.188.211.24 / -
Зочин / 46.229.168.135 / -