Холбоо барих +976 70112078

Бороохойн Батхүү

Зээ Луиза хө...

Тэрбээр хүнийг голж шилж алагчилдаггүй, хэнтэй бол хэнтэй нөхөрлөөд явдаг аргагүй л эрдэмт хүн даруу гэдгийн амьд үлгэр байлаа. Зохиолч, уран бүтээлч нөхдийнхөө дунд “улаан хүзүүт” Алтанхуяг нэрээрээ алдаршсан манай Монголын нэрт дуун хөрвүүлэгчдийн нэг, авьяаслаг яруу найрагч, соён гэгээрүүлэгч энэ эрхэм эх хэлээрээ шүлэг зохиол туурвихын сацуу орос, англи, герман хэлнээс дэлхийн сонгодог олон бүтээлийг орчуулан бидний болоод хойч үедээ өртөөлөн хүргэж өөрийнхөө номон хөшөөг босгосон юм.

Би түүнийг 1980-аад оны эхнээс мэдэх юм. Миний алба залгуулдаг “Эх орны манаа” сонины редакци өдгөөгийн Цагдаагийн ерөнхий газрын байр буюу тэр үеийн Хилийн цэргийг удирдах Ерөнхий газартай цуг байдаг байлаа. Алтанхуяг найрагчийг танилцсан цагаасаа эхлэж би ахаа л гэж дууддаг мань хүн ч түүнд минь таалалтай. Улсын хэвлэлийн газар Амар, Ц.Шүгэр, Пүрэвбаатар гээд ланжгар орчуулагчид байх! Тэдний нэг нь өдгөө миний дурсаж суугаа Идэр их мөрний унаган хүү Дамдинсүрэнгийн Алтанхуяг гүүш бөлгөө! Ажлын байр нь одоогийн Цагдаагийн ерөнхий газрын Баруунтай орших тэр цагтаа л нийслэлдээ сүндэрт орох 12 давхар шилэн байшинд тухлах бөгөөд би үе үехэн тийшээ гүйж орно. Албаны ачаалал ихтэй завгүй цаас нухаж орчуулга хийнэ. Завсраар нь шүлгээ туурвина. Манай хүн тамхи татна. Тэгэхдээ их чамин! Гадаадад урласан модон гаанс ч барьчихсан суух шиг, эсхүл чад пад хийсэн ганган асаагуураараа гайхуулна. Их цайлган цагаан, хөгжүүн задгай яриатай. Найз нөхдөө онигоонд оруулахаа ч тоохгүй, өөрөө ч даапаалуулж шоолуулахаас буцахгүй. Эрдэмтэн, зохиолч Сэндэнжавын Дулам түүний тухай аман шог мөрүүд үлдсэнээс хуучилсан ину: - Манайхан янз бүрийн л юм ярина шүү дээ! Нэг хэсэг бид Алтанхуяг маань туранхай гозгор, Сампилдэндэв маань бүдүүн махлаг болохоор нь

Шулсан хаа шиг Алтанхуяг

Шуудайтай гурил шиг Сампилдэндэв

гэж шоолдогсон… Төдөлгүй бид Алтанхуягийг гангарч зүүдэг нүдний улаан хүрээтэй шилээр нь зүйрлэж, бас хүзүүнийх нь улаан том мэнгээр нь онцгойлон,

Хүрээ нь улаан шилтэй

Гүрээ нь улаан Алтанхуяг

гэж өхөөрдөж дооглож ярилцдагсан. Харин чи энэ мөрүүдийг бичихдээ намайг орчин үеийн аман зохиолыг өвлөн тээгч С.Дулам гэж бичнэ шүү! хэмээж байна. Одоо эргэж санахад нээрээ тийм мөрүүд зохиолч уран бүтээлч бидний дунд хэсэж явсаныг саналаа. Миний хувьд Алтанхуяг ахын тухайд дурсах юм олон ч түүний өөрийнх нь хэлэх дуртай нэг мөр үг их тод үлджээ. Тэрбээр хэдэн хундага татаж нилээн халсаныхаа дараа; - Зээ, Луиза Хө! хэмээн уянгалуулан хэлэх дуртай тэгсэнийхээ сүүлд; - Одоо яавал дээр вэ? гээд инээнэ. Тамхиа сорно. Энэ чинь одоо юу гэсэн утгатай тарни вэ хэмээн шалгаахаар өөрөө бодоод олохгүй юу чи! гээд урьдаас хошигноно. Луиза… гэдэг нь үзэсгэлэнт англи юмуу франц хүүхний нэр бололтой! Өөрөө олон хэл мэддэг эрдэмтэй хүн болохоороо Луиза гэдэг хонгорхон бүсгүйн нэрийг охин тэнгэр, Янжинлхам гэдэг утгаар хэрэглэн тийн хэлдэг байсан аж. Бүр ойртуулж хэлбэл: - Зэ, Охин тэнгэр ээ хө! гэсэн утгатай юмсанжээ. Эсхүл: - Зээ Дарь эх минь хө! гэсэн утгаар ч ойлгож болох ажээ. Энэчилэн эрхэм хүмүүн, эрхэм анд номын барилдлагат ахынхаа тухай олныг дурсаж болох боловч түр азнан яруу тунгалаг шүлгийн дээжээс нь та бүхэндээ толилуулав аа!

.. Зэ, Луиза хө… Мөнхөд дурсагдах их анд минь дээ хө!

 

Б.Батхүү

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.131.252.209 / -
Идэр их мөрний унаган хүү Ялгуулсан гэгээний шавь Дамдинсүрэнгийн Алтанхуяг гүүш гэж
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.130 / -