Холбоо барих +976 70112078

Бороохойн Батхүү

Хуучин Найз номны тухай

Үлэмж санМЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Бороохойн Батхүү “Хуучин найз”хэмээх тууж, өгүүллэгийн ном гаргажээ. Б.Батхүү ахын гаргасан ном болгон Монголын утга зохиолын ертөнцөд шуугиан тарьдаг билээ.

Бүүр анх 1988 онд “Нүүдлийн түрүүч “ шүлгийн ном нь Монголын утга зохиолын ертөнцөд нэгэн үзэгдэл болж олон судлаач шүүмжлэгч нарын анхаарлыг татсан билээ. Залуу шүлэгчийн анхны ном тухайн үедээ яагаад ингэж их шуугиан тарьсан бэ гэвэл тэр үе бол коммунизмын үе, соцреализмын үе тийм болохоор зохиолч болгоноос, бичсэн зохиол болгоноос зөвхөн нийгмийн тухай түүнийг магтан дуулахыг тулгасан, хувь хүний оршихуйн мөн чанарыг зөвхөн хувьсгалт ангич байр суурьны үүднээс хандахыг хайрцаглан шаардаж чухам энэ үзэлд бүх зохиолын зорилгыг захируулж байх ёстой монолог тулгалтай дарангуйллын нийгмийн үед анхны шүлгийн түүврээ тэрээр огт өөр өнцгөөс бичсэнээр үеийнхэн дотроосоо онцгой ялгагдаж байлаа. Энэ нь Монголын утга зохиолд нэгэн үзэгдэл болж, эрин цагийн их шуурганы өмнөх нэгэн дуудлага болон гарч ирж чадсан аж. Тэрхүү түүвэрт орсон “Тариатын бор толгод” шүлэг л гэхэд ямар ч нийгэмжсэн хандлагагүй хувь хүний дотоод сэтгэлийн мэдрэмж нь унаган нутгийнхаа гоо зүйг бишрэн харахаас эхтэй гэдгийг тунхаглаж, төрсөн нутаг хүн хоёрын амин шүтэлцээг анхлан нээж чадсанаар онцлог байж. Зөвхөн утга санаа нь шинэлэг төдийгүй үгийн хэлхээ нь торго шиг зөөлөн, тансаг агаад шинэ үгийн баялгаар дүүрэн байж, монголын утга зохиолын уламжлалыг баяжуулж Батхүүгийн гэх хэллэгийг тунхаглан зарлаж чадсанаараа ийн их шуугианыг тарьсан аж.

“...Хэрээтэй морьд шиг

Хэдэн бор толгод минь

Тогоруун цувуу нүүдэлтэй

Тормон бор толгод минь!” гэх мөрүүд нь тухайн шүлгийнхээ утга санааг гайхалтай тодорхойлж зангидаж чадсанаас гадна тухайн үедээ хэний ч хэлж чадаагүй шинэ мөрүүд болж Монголын их утга зохиолын нэгэн шинэ үзэгдэл болсон юм.

”Хэрээтэй морьд шиг хэдэн бор толгод минь“ гэх мөрийг Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн нэрт яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн гуай хамгийн түрүүн гайхамшгаар нэрлэн бичиж байсан нь тэр үеийн хэвлэлийн шарласан хуудсанд үлдсэн. Энэ бол түүний шүлгийн онцлог уран бүтээлийн арга барилын мөн чанар нь юм. Түүнийн бичлэгийн өвөрмөц онцлогийг Монголын алдартай утга зохиол шүүмжлэгч, судлаач Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Академич Хорлоогийн Сампилдэндэв гуай ”Цэлмэг хурц үг хэлтэй ч, сэтгэл нь цагаан энэ залуугийн хөдөөний эгэл ахуйн сэтгэлгээ бүхий, ардын гэмээр билиг цэцэн холбоо үгээр найрссан эрмэг түрмэг шүлэг нь бусдаас ялгардаг байв” хэлсэн нь бий. Өөрөөр хэлбэл түүний бичлэгийн нэгэн онцлог бол тэр хэзээ ч үгийн ядууралд орж байгаагүй гэдгийг тодорхойлсон хэрэг. Хөгжмөөр бол яг л симфони найрал хөгжим гэсэн үг.

”1980-1990 –ээд оноос хойших үеийн яруу найрагт мөнхүү уламжлалт хэлбэрийг ягштал баримтлахаас зайлхийсэн ,чөлөөт задгай шүлэглэл олширчээ. Зарим шүлэг нь уламжлалт тогтоц дотор далд задгай хэм үүсгэж, зарим нь задгай шүлэглэл дотор далд битүү хайрцаг агуулж байх“ хэмээн манай алдартай зохиолч Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Аюурзана бичжээ. Г.Аюурзаны тодорхойлсон уламжлалт тогтоц дотор задгай хэм шүлэглэл үүсгэсэн хүн бол Батхүү ах юм.

Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын эмхтгэсэн “Монголын Сонгомол яруу найраг”-ийн түүвэрт түүний шүлэг орсон байдаг. Түүний шүлгүүд бол ямагт хөвөрсөн их хүүрнэл агуулсан байдгаар ихээхэн онцлог гэж би хардаг. Ийм шүлэг бичих маш их хэцүү асар их судалгаа, үгийн байнгын эрэлхийлэл, сэдвээ хэрхэн гүн гүнзгий бясалгаж баяжуулжсанаар бүтдэг аж. Түүний шүлгүүдээс сэтгэл хөдлөл,өөрийгөө илэрхийлэх уран бүтээлч маягийн адгалт,сэдвийг шинэ цэвэр язгуур монгол ахуйн үгээр чөлөөтэй баяжуулсан илэрхийллүүд анзаарагддаг. Чухам л энэ түүнийг бусдаас ялгаруулж буй онцлог нь юм шиг санагддаг. Түүнийг хүчилж биш харин шимтэн унших аваас аливаа юмс үзэгдлийг ямар оновчтой зөв өнцгөөс харж яаж ийм оновчтой тод гүн гүнзгий хэлж чадваа вэ гэмээр байдаг. Орчин үеийн утга зохиолыг шинэчлэгч нар бол тухайн уламжлалт бүтэц тогтоцыг хэрхэн нурааж, дэвслэн, жигшин харах байдлаар илэрхийлэгдэж байгаа бол Б.Батхүү ахын шинэчлэл бол огт өөр юм. Формалист хэлбэрийг тэр аядуугаар шинэ тунгалаг язгуур цэвэр үгийн баялгаар төгөлдөржүүлэн,урлагийн дээд сэтгэлгээнд дүйцүүлэх маягаар шинэчлэх ,эвдэх гэж оролдсон юм. Түүний хэл нь цэвэр дээд зэргийн тунгалаг зөөлөн байдаг. Монгол хүний эрхэмлэх гоо зүй, эх хэлнийхээ яруу тансаг түүгээр дамжуулан монгол хүний ташаал зэргийг гойд эвдэхгүйгээр тэрээр шинэчлэл хийж чаджээ.Ард түмнийхээ ад биш баян нандин язгуур гоо зүйн ташаал сэтгэхүйн онцлогийг гүн гүнзгий хүндэтгэж бас бишрэн дээдлэж ямагт суралцаж байдаг хүн юм.Олон үе дамжин бүтээгдсэн Монгол хүний цөм язгуур сэтгэлгээний нандин онцлогийг тэр гойд мэдэрч чаддаг нь түүний онцгой содон хэв шинж юм. Утга уянга сэрэл мэдрэмж,дотоод сэтгэхүйн тусгал болсон түүний уран бүтээлийн онцлог, хувь хүнийхэн өөрийн ертөнцийг үзэх үзэл бол байгалын уянга юм.Хүнийн дотоод мэдэрхүй, шим байгалын мэдэрхүйн харилцан хамаарал, зохирлын тухай юм.

... Торолзох тэнгэрийн хаяа сөхөн тогорууд ирсэн

Тоостойхон хавраар миний хүү хөлд орсон юм,хэлд ч орсон юм Билэгшээж бодох нь ээ

Айнаагийн чинь хонгор морь эвшээж Биерхүү хадам

Дайдаа минь ээжтэй нийлж чамайг өхөөрдөөд

Олон жилийн тэртээх цэнхэр хавар Одоо ч миний сэтгэлээс ер гардаггүй… /Ээжийн үг/ шүлгээс харж болно.

“Нүүдэлчин малчдын ертөнцийг үзэх үзэл,гоо сайхны үзэл байгалиас эхтэй байдаг. Байгалийн уянга монголын орчин үеийн яруу найрагт ихээхэн байр эзэлдэг. Энэ нь ч зүйн хэрэг. ХХ зууны эхэн хүртэл монголчууд маань нүүдэлчин малчин байсан” хэмээн Ч.Алтантүлхүүрийн “Есүй цагаан сарнаа уулс гэрэлтэнэ“ номонд Утга зохиол судлаач, доктор(Ph.D) яруу найрагч Д.Сумъяа бичсэн нь бий.

Манай зохиолчдын нэгэн том дутагдал бол нэг санаа олоод түүнийгээ баяжуулж чаддаггүй зөвхөн тойруулан мэрдэг явцуу аргатай байх нь түгээмэл аж. Мөн зөвхөн сэдэвд баригдсан уран бүтээлч нар их болжээ.”Сэдэв чухалуу? Ур хийц чухал уу? “ хэмээн утга зохиол судлаач нар гайхшаа баран Ш.Гүрбазар мэтийн тайзны яруу найрагч нарт хандан бичиж байна. Гэтэл Б.Батхүү хэзээ ч тийм зовлонд унаж байгаагүй бөгөөд “Билиг цэцэн холбоо үгээр найрссан “ сэдэв болон утга санааг дэлгэрүүлж чаддаг нь түүний шүлэг, зохиолоос өнөөдөр олон олон яруу найрагч, зохиолч нар үгийн мөлжүүр хийж амьдарч байгаагаас харагдана. Зарим нь бүүр цагаандаа гарч би Б.Батхүүгийн ”Нүүдлийн түрүүч”, ”Холын хол”, ”Ноён шүлэг” номыг л уншдаг яагаад гэвэл өөрийн бичих шүлгэндээ шинэ үг олох гэж, Монгол ахуйн хэллэг сурах гэж түүний зохиолыг үргэлж харж байдаг юм гэх нь бий. Магадгүй ийм учраас түүнийг утга зохиолын хорсол, атаа жөтөө байнга дагалдаж байдаг байх. Б.Батхүүгийн шүлгийг хүн бүр мэдээд эхлэх аваас өөрсдийн хулгайлсан мөр баригдаж ил гаргах учир шараа болохгүйн тулд түүнийг эсрэг бүхэл бүтэн баг ажиллаж байдаг юм.

Адууны дэргэд хүү төрж

Аргамжааны үзүүрд хүлэг үүрсэн Дарьганга минь .. хэмээн дуучин С.Жавхлан өөрийн нэгэн дууны шүлгэндээ Батхүү ахын “Торой бандийн уул” шүлгийн мөрийг нь улаан цайм хулгайлан дуулж яваад баригдаж байсан гээд л тоочих аваас дуусна гэж үгүй. Ганц ч ийм шалтгаанаар тэрээр дарагдаж байдаг юм биш ээ. Түүний хувийн хурц зан характер ч бас чамгүй олон дайсанг буй болдог аж. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуай

“Тэрээр эхнээсээс ер бусын омголон уянгын шүлгээр үе тэнгийнхэн дундаасаа агсарч цойлсон билээ” хэмээн түүний ааш авьяасыг тодорхойлон хэлсэн нь бий.

Батхүү бол нутаг амьтай найрагч.

“Адууны мөр шиг цувраа буурьтай

Аргалын галтай монгол гэр минь...” мөрүүд түүнийг ямархүү найрагч гэдгийг тод хэлж чадна хэмээн Д.Пүрэвдорж гуай сайшаан хэлсэн байдаг.

“Хөдөөгийн хөхөмдөг их уулс, намхан бор толгод, холын айл, цавцалсан цагаан өвөл, шивнэсэн намираа бороо, нутгийн бүсгүйд алдуурсан хайр, мэргэн буурлуудын дүр зэргээс буйлуулан эх орноо цараалан багтаасан өвөрмөц шүлгүүд... Батхүүгийн шүлэг иргэнлиг болон уянгалаг, хосмол аястай агаад ойрын буудлаас гараалсан холын гүйцэлтэй ажаам. Орчлонгийн явдал, хүний хувь тавилан уйлах, дуулахаас, уурсан хилэгнэхээс олон өнгөнд эргэцүүлсэн ухаарлын шүлгүүд уншигч таны сэтгэлт уусах болно. Батхүү найрагч олон жилийн эрлээс өөрийгөө олж нээж, яруу найрагчийн хувьд төлөвшсөнд олзуурхснаа энэ ялдамд өчсү” хэмээн Монголын уран зохиолын ноён оргил өөрийн сэтгэлийн үгээ харамгүй түүнд зориулж байлаа.

 "Түүний шүлгэнд мөн “Эх орны бор толгод”, ”Тариатын бор толгод”, ”Миний бор гэр”, ”Цорхируул бор салхин” гэсэн бас “бор” гэсэн тодотголтой шүлгүүд түлхүү харагдаж байна. Тэгвэл тэдний нэгэн үеийн шүлэгч Ч.Мягмарсүрэн шүлгэндээ ”цэнхэр”, Д.Нямсүрэн шүлгэндээ “гэгээн”, ”мөнгөн” гэсэн өнгөний тодотгол хийж яруу уянгын тунгалаг бүхий дүр дүрслэлээ голлон илэрхийлсэн байдаг. Тэгвэл Батхүүгийн шүлэгт харагдах энэхүү “бор” гэсэн өнгө нь голох чамлахын утга бус харин “миний бор охин” гэдэг шиг минийчлэн, монгол хүний их өхөөрдөн өөриймчилсөн сэтгэлийн утга билээ. Ингэж бусдыгаа давтахгүй өнгө аяс, дүр дүрслэлээр ялгарахыг эрмэлзэх нь яруу найрагчдын бусдыгаа үл дуурайх өөртөө тавьдаг шаардлага байдаг гэдгийг далимд дурдъя. “Эх орны бор толгод” шүлэгтээ:

Аргамжаа алдуулсан аянч хөх зэрэглээнд

Араас төрөх үрсийн үнэн оршоод

Тором ингэн тэмээд шиг цувсан

Тоогүй мянган толгодын зоонд

Ариун үнэн,яруу тунгалаг бүхнээ

Ачаалсан бид алсыг зорьсоор…

Ай,Миний эх орны даруухан бор толгод оо!

Аяа,Миний эцэг,эхийн дээдэлсэн бор бурхад аа ! гэжээ. Батхүү нь “ бор” толгод салхи, гэр гэж хорвоогийн эгэл боргилыг зөөллөн өөриймссөн нь харагдана” хэмээн алдартай судлаач Х.Сампилдэндэв гуай бичсэн нь бий. Энэ санааг бас судлаач яруу найрагч Д.Сумъяа тодотгон хэлсэн нь бий. Түүний саяхан гаргасан тууж,өгүүллэгийн ном ч гэсэн анхнаас утга зохиолын шинэчлэгч шинжээ алдаагүй символист, футурист чиглэлийн, сартуул нутгийн аман ярианы үг хэллэгийг өргөн дэлгэр ашигласан, яруу найргийн цэвэршсэн, тунгалагшсан хэллэгтэй аж. Энэчлэн олон зүйл бичиж болно. Ямар ч гэсэн Сонгино нутгийн унаган хүү Бороохой Дуваагийн том хүү Батхүү нь Монголын их утга зохиолд өөрийн давтагдашгүй жим мөрийг нэгэнт гаргаж чаджээ. Тийм болохоор түүнийг Монголын уран зохиолын ертөнц хүндэтгэн өөрийн эвлэлийн шагналаа гардуулсан билээ. Дөнгөж хэвлэлээс гараад байгаа түүнийг тууж өгүүллэгийн “Хуучин найз” номонд Монголын алдартай судлаач, уран зохиолын онолч Доктор Д.Галбаатарын бичсэн өмнөтгөл үгийн оруулж байна. Таалан уншина уу!

Төмөрийн Батбаатар 2010.6.6 нд Улаанбаатар

Бороохойн Батхүү найрагч төдийгүй богино туульсын сайн зохиолч

Бидний үеийнхэн Батхүү найрагчийг Бороохойн хүү хэмээсээр иржихүй. Бороохой гэхээр нэг л лут хүчирхэг юм бодогдоод байдаг юм. Батхүүтэй тааралдах бүрд түүний ачлалт аав, энэ эрхэм хүндтэй буурлын нэрийн сүр хүч мань эрийг ч бас мундаг бодогдуулах. Бид утга зохиолд яах аргагүй нэг цаг үеийг эзэлж төрсөн,нэг зэлний унаганууд юм аа. 1980-аад оныхон гээд өөрсдийгөө нэрлэчихсэн. Энэ жагсалт уртаа урт. Алдар цуутан ч олон бий, зохиол бүтээлээ туурвиад мөрөөрөө зүтгэдэг нь бүр ч олон байх, харин уран бүтээлийн бартаат замаас халирч буцсан бөөдий нэгэн өнөө хүртэл гараагүй юмдаг.

Б.Батхүү 1980-аад онд уншигчдыг шуугиулж, тэр цагийн томчуулаас магтаал мялаалага хангалттай хүртсэн, ирээдүйтэй тооцогчдын тэргүүн эгнээнд явагсдын нэг яалтгүй мөн. Арван дөрөвтэй үзэг цаас нийлэн, арваад боть ном бүтээсэн эл найрагч цэрэг эх орны сэдэвтэй томоохон найраглал нь улсын аралдаанд аман хүзүүдэж үеийхнийхээ хүндлэлийг хүлээж байсан, шүлэг зохиол нь Орос, Япон, БНХАУ-д хэвлэгдсэн гээд бичвэл олон зүйл бий. Богино шүлэг сайхан бичнэ. Голдуу иргэний аястай утга уянгын шүлэг байх. Тэдгээр нь бараглан уншигдчдад хүрсэн байх. Миний мэдэхээр анхны нь шүлгийн түүвэр “Нүүдлийн Түрүүч”/1988/ нэртэй хэвлэгдэж байсан. Түүний араас “Холын хол” /1990/, ”Шувууд ганганах намар” /1994/, “Хул хонгор дуун” түүврүүд шил даран цуварч, сүүлд нь л гэхэд “Ноён шүлэг” нэрт шилмэл шүлгийн нь түүвэр хэвлэгдсэн бол өнөөдөр таны гар дээр тууж, өгүүллэгийн шинэ түүвэр нь очиж байна. Шинэ ч гэж зохиолчийн 1980-аад онд ид залуудаа бичсэн бичил өгүүллэг, туужуудаас энэ ном бүтжээ.

Ер нь яруу найргаас туульс зохиол руу шилжих үзэгдэл олонх уран бүтээлчид тохиолдог. Энэ нь нас, амьдралын туршлага, хүмүүст хэлэх үг захиас их болдог зэрэг олон хүчин зүйлүүдтэй холбоотой байх. Амьдралын үнэнийг дүрсэлж, түүний гүн ертөнц дэх сайн хийгээд муу, сайхан хийгээд муухайн учир ёсыг ялгаж салгах, үлгэр дуурайл болгоход туульсчилан өгүүлэх арга, үргэлжилсэн үгийн зохиолын чөлөөт өгүүлэмж, дүрийн систем, тодорхой үйл явдал нь уран бүтээлчийг ийм алхам хийхэд түлхдэг гэж би хувьдаа боддог. Чухам тавь шүргэж яваа эл найрагч туульс зохиолын салбард ч авьяаст нэгэн болохыг эл түүврээс харна гэдэгт найдаж байна.

Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай ”...Тэрээр эхнээсээ ер бусын омголон уянгын шүлгээрээ үе тэнгийнхэн дундаасаа агсарч цойлсон билээ. Батхүү бол нутаг амьтай найрагч...” /” Ноён шүлэг”.2007” ном мялаах үг”/ гэж тодорхойлсон нь бий. Аашийг нь хэлсэн үү, авъяасыг нь хэлсэн юм уу би хувьдаа мэдэхгүй. Миний мэддэг Б.Батхүү бол хэлье гэснээ хэлчихдэг хэрэлдэе гэсэнтэйгээ хэрэлдчихдэг, бичих юмаа биччихдэг, бичихгүй юмаа хаячихдаг зан авиртай л нэгэн. Тэр зохиолч, бас сэтгүүлч хүн. Түүнд амьдралыг үзэх өөрийн гэх үзэл, сайхныг мэдрэх чадвар, амьдралаас өөртөө цуглуулсан итгэл үнэмшил, гэрэл гэгээ, өнгө, араншин шүлэг зохиолд нь нэгэн өвөрмөц хөг хэм үүсгэн шингэсэн байдаг. Тэр нь хөдөөгийн тэнүүн, эрх чөлөөт амьдрал, байгаль хийгээд хүмүүний шүтэлцээ, уламжлалт аж ахуй хийгээд амьдралын төгс төгөлдөр зохицолд байгааг хөдөөгийн эгэл ахуйн хөрснөөс эрж хайх эрлээр нь илэрдэг билээ. Тэрээр саяхан “Ноён шүлэг” /2007/ хэмээх шилмэл шүлгийн түүврээ хэвлүүлснийг уншсан. Утга зохиолд гучин жил алба хашсан эл туршлагатай найрагчаас ийм хэрийн ном гаралгүй дээ хэмээн бахархах сэтгэл төрснөө ч нуух юун байхав.

…Адууны мөр шиг цувраа буурьтай

Аргалын галтай монгол гэр минь…

зэрэг мөрийг яруу үгийн их мастерууд / Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж/сайшааж,судлаачид / Академчид Х.Сампиддэндэв/:

Аргамжаа алдуулсан аянч хөх зэрэглээнд

Араас төрөх үрсийн үнэн оршоод

Тором, ингэн тэмээд шиг цувсан

Тоогүй мянган толгодын тоонд

Ариун үнэн, яруу тунгалаг бүхнээ

Ачаалсан бид алсыг зорьсоор…

Ай, миний эх орны даруухан бор толгодоо!

Аяа, миний эцэг эхийн дээдэлсэн бор бурхадаа!

хэмээх мөрүүдийг онцлон ишилж, харин үеийнхэн нь:

...Хүлгийн дэлэнд ханьсах дөрөө харшуулах тавилан

Хөдөө, хөдөө, хөдөө хөгшин аавын минь голомт

Хүйтэн сарыг дуулуулж үерхэж, хайрлахын хав

Хөдөө, хөдөө, хөдөө хөгшин ээжийн минь гал....

/МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Содномпил/ “…цаг хугацаа дэндүү түргэн өнгөрөх юм…” гэсэн өгүүлбэрүүд нэгийг санагдуулах биз ээ.

Миний хувьд найрагчийн:

Үүл үүлийнхээ сүүлийг дарж

Үймсэн салхитай намар шуураад

Сүүдэр сүүдрийнхээ хормойг гишгэж

Сэвсэн шуургатай намар салхилаад....

...Шивээ шивээндээ уусан найгаж

Шивнэсэн салхитай хөндий үймээд

Цэцэг цэцгийнхээ үрийг хөөж

Цэнхэр уйтгарт зүрхэн автаад.... гэсэн шиг гайхамшигтай нарийн мэдрэхүйг илтгэсэн уянгын шүлгийн мөрүүд нь давтагдашгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Бороохойн Батхүүгийн шүлгийн ийм л торгон мэдрэмж, сул цэцлэл, учирлалт шивнээ, омог бардамнал, ухаарал, гэгээрлийн аяс хандлагыг би их тоодог. Бас түүний омголон зан,үнэн үг, нийгмийн залхаг орчин хүрээнд баригдсан сэтгэлийн бачимдал нь ч сонирхолтой байдаг юм.

Монголын утга зохиолын нэрт шинжээч академич Х.Сампилдэндэв, яруу найрагч Б.Батхүүгийн “Ноён шүлэг” шинэ түүвэрт бичсэн өмнөтгөлтөө түүний яруу найргийн сэдэв, ур чадвар, урлал зүйн онцлог, уран сайхны шинэ нээлтүүдийг нарийн гярхай ажиглаж өндөр үнэлсэн төдийгүй үндэс угсаа, монгол зан үйл, ёс заншил, тэнүүн дэлгэр хөдөө нутгийн сайхан, залуусын хайр, эцэг эхийн элбэрэл журам, эх оронч үзэл, Монголын их амар амгалан, ариун дагшин байгаль, хүн зоны зохицмол амьдралын тухай өгүүлсэн шүлгүүдэд дэлгэрэнгүй задлан шинжилгээ хийж, яруу найрагчийн уран мөртөө бодь, үнэн мөртөө төгөлдөр бүтээлүүдийн үнэ цэнг тодорхой үнэлсэн тул энд давтаж нуршилгүй харин шинээр уншигч та бүхний мэлмийг баясгах “Хуучин найз “өгүүллэг, туужийн шинэ түүврийн талаар эхлэн уншигчийн хувьд хэдэн үг хэлсү.

Б.Батхүү шүлэгч төдийгүй томоохон зохиолч болжээ. Түүний зохиолын өгүүлэмжийн гол онцлог нь өмнө өгүүлсэн хөдөө, монгол иргэншил, түүнд шингэсэн уламжлалт амьдрал түүндээ зохицмол зөрчил, түүнээс үүсгэлтэй хүн-нийгэм ахуйн эмзэг асуудлууд хөндөгдсөн аж. Нэг үгээр хэлбэл хөдөөгийн малчдын амьдрал, түүний язгуур монгол хэв шинж, түүнд шингэсэн өвөрмөц аж ахуйн, сэтгэлгээ, зан суртахууны цогц илэрхийлэл юм. Ер нь олонх зохиолч хөдөөгийн амьдралын давтагдашгүй уламжлалт ёс заншил, хэв маягийн тухай бичдэг ч тэрхүү амьдралд эрхшээгдсэн үзэгдэл, үйл явцын дотоод зөрчил, мөн чанарыг тэрхүү ахуйн хүрээнд оновчтой сайхан илэрхийлж, нарийн нандин талыг нээсэн ховор үзэгдэл гэж хэлж болно. Б.Батхүү эвдрээгүй, хэт хотжоогүй, элдэв нөлөөнд автаагүй тийм цөөн монгол зохиолчийн нэг гэдгийг түүний өгүүллэг туужууд бэлээхэн гэрчлэх билээ. Тэр угаасаа орчин тойрондоо анзаарагагүй юм шиг хэнэггүй ханддаг бодь хүн мэт боловч хөдөөг сайн мэддэг, хөдөөгийн амьдралд төрж өссөн хүн учраас түүний зохиолын баатрууд ямагт үнэмшилтэй, амьд, төгс төгөлдөр хүмүүс болж амилдаг бололтой. ”Хөдөөгийн байдал шалдир булдар” ч түүний тавьж байгаа асуудал монгол үндэстний аж төрөхүйн ёсон, зан үйл аж төрөлтэй амин холбоотой, түүнд шингэсэн үнэ цэнт зүйлсийн өв уламжлал руу ардынхаа эх хэлний баялаг сайхныг ашиглан гүнзгий нэвтэрдэг нь уншигчдын анхаарлыг татдаг үндэс нь болдог юм шиг санагдаж байна.

Аж амьдралын аахар шаахар жижиг үзэгдэл, үйл явдлаар нийгэм, хүн, ёс суртахууны чанартай томоохон санааг хураан илэрхийлэх эрэл, дүрийн сэтгэл зүйн орчинг сайн бүрдүүлж, баатруудын бодол санааг нарийн мэдэрч хэл яриагаар нь товойлгон нээдэг, улмаар шаардлагатай газарт зөн зовин, зүүд, ёр билэг, бодрол, домог сэлтийг хослуулсан зохиолынх нь бүтцийн өвөрмөц талууд зохиолчийн ур зүйн онцлогийг илтгэж, зохиолыг сонирхолтой, амттай болгодог гэж болно. Тухайлбал гэр бүлийн дотор ажил төрөл эрхлэлтийн байдлаас үүсдэг хайр сэтгэл, бэлгийн харьцааны эмзэг асуудлыг хөндсөн “Том онгоц” /Ганбат нисгэгч, эхнэр Болормаа, түүний нууц амраг Зундуй, хамт ажилладаг хүүхнүүдийн гэр бүлийн ёс суртахууны харилцааг Ганбатын албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн явдлаар/ мөн иймэрхүү өгүүлэмжтэй “Хонгор Унага” /хорь гарсан ч хоёулаа хүүхдийн онгон биеэрээ нийлсэн адуучин Дашцэдэн, Оюунмаа хоёрт үрийн зүлай үнэрлэх хувь тохиогоогүй хийгээд орчлонгийн таашгүй ороо бусгаа дунд өөр нэгэн эр заан Сүхдоржид өөрийн мэдэлгүй өврөө нээсэн, Оюунмаа болон Дашцэдэн нарын цаашдын хувь тавилан, заяа төөргийн ёр совин мэт хүсэн хүлээж байгаа хүүхэддээ зүслэх гэж байсан эр хонгор унагыг нь хүрэн гүү өшиглөн алсан явдлаар дам дашрамдуулан дүрсэлж /“Урсгал” тууж”/, Цаг наргүй тээвэрт явдаг жолооч эцэг, хотод том даргын үүдэнд суудаг эхийн өнчин мэт хүү Мөнхзул болон эмэг эх хоёрын жаргалтай ч юм шиг гунигтай ч юм шиг өгүүлэмж / үр хүүхдүүдийнхээ төлөө амьдралын хатуу бүхнийг сөрж тэмцсэн, ядарсан бүсгүй Цэвэгийн эмгэнэлт амьдрал, зөвхөн эх хүнээс л гарч болох эрс хатуу зориг хүчийг гайхалтай өгүүлсэн “Хөгнө”, хүүхэд хөгшдийн өрөвч зөөлөн сэтгэл хийгээд цагаа болохоор амьдрал ямархан хатуу жам хуультай болохыг сөргүүлэн харуулсан “Ишиг”, сайхан үерхэл нөхөрлөлийн тухай “Хуучин найз”, “Ташуур” , эр хүний бодол алсын харааг өгүүлсэн “Бэртэй болох цаг” зэрэг богино өгүүллэгүүд уншигчийг баясгах төдийгүй, амьдралын эрэн бараан олон эмзэг асуудлыг уншигчдад нухацтай нягтлан бодох, эргүүцүүлэн ухаарах бодол руу хөтлөнө гэдэгт би итгэж байна.

Ийнхүү зохиолчийн амьдралын талаарх өргөн дэлгэр мэдлэг, түүнээс өөрт хэрэгтэй асуудал, сэдэв санааг зөв сонгон олж, ур чадварын дээд түвшинд дүрсэлж чаддаг барил нь Б.Батхүүг яруу найрагч төдийгүй хүүрнэл зохиолын томоохон чадвартан гэж хэлэх үндэс болж байна. Ялангуяа шүлэг шиг сайхан хэм хөгтэй, эмзэг мэдрэхүйд үндэслэсэн уран гоё дүрслэл, товч энгийн дүрслэл, дүр ба баатруудын үйлдэл, хэл ярианы уран найруу чанарыг хангаж, дүрийн сэтгэл зүйг нягт нямбай задлан шинжлэх эрдэм чадвар түүнд байгааг шинэ ном бэлээхэн харуулах бизээ. Зохиолч орчин үеийн хөдөөгийн амьдрал залуусын амьдрал, хувь заяаны тухай голлон бичдэг ч тэдний дунд эзлэх бага насны хүүхдийн хэл яриа, хувь заяа, хөгшдийн цайлган цагаан сэтгэл, ухаалаг гүндүүгүй зан төрхтэй нягт сүлжин үзүүлдэг нь түүний зохиолын агуулгыг өргөтгөн, яруу сайхан болгодог нэгэн өвөрмөц арга барил содон харагддаг билээ.

Үүнийг зохиолч Б.Батхүүгийн зохиолын хэл, дүрслэлийн онцлогийг тодотгох зорилгоор дараах хэдэн жишээг таны анхааралд талбия. Ардын хэл ярианы баялаг сан, нутгийн аман аялгууны суурь, баатруудын нас биеийн онцлогт сайхан зохицсон ярианы бүрдэл хэсгүүд түүний өгүүллэг туужийн амт шимтийг шиншиглэж, уншууртай болгожээ. “Охиноо аавындаа хүргэж өгөхөд Болормаагийн ээж болох жар хол гарсан ч ануухнааараа хөгшин: -Зайлуул! Муу хүү минь бас л яваад өгөө юу? Зав зайгүй хэцүү ч юм аа даа! гэж үглэн: -Одоо тэгээд бид хоёр хэд хоног ноцолдож дээ! гэснээ охиноо өхөөрдөн: -Эвий дээ,эвий! Алий эмээдээ! гэж гар сунгажээ. Болормаа өнөө шөнө ажилтай болохоо эхдээ мэдэгдээд, хөл хөнгөрөн гэрээс гарахдаа: “Зундуй байгаа болов уу? Чамтай...” гэж инээд нь тэсэлгүй хүрч билээ. Эхний үед Зундуйтай учрахад айдас төрөх шиг болдогсон. Одоо бол нэгэнт дасч...Гэтэл тэр зүүд...тэр зүүд! Зүүдлэхийн урд шөнө ямархүү өнгөрөв. Хэлэлтгүй ээ! Зундуйтай уулзалгүй удсаныг хэлэх үү! Эхээс заяасан биеийн хүч барагдах шахаж л.. Нэг мэдэхүйе гүн нойронд нам цохиулжээ. Гагцхүү сэрдэг тулдаа л үхлээс ялгагдах битүү нойрны ертөнц Болормаа, Зундуй хоёрыг эзэлж нам унтжээ. Тэгээд л Болормаа зүүдэлсэн хэрэг. Юу зүүдэлсэн гээч! Ээ дээ...Асар том онгоцонд.../”Энэ бол “Том онгоц”өгүүллэгийн баатар нисгэгч Ганбатын үхлийн тухай эзгүйчилсэн эхнэрт ирсэн зүйд совингийн хэсэг юм./ гэх зэрэг баатрын зан төрх,сэтгэл зүйн өөрчлөлтийг мэдрэмжтэй гүн холбож дүрсэлсэн бол ”Царцааны исгэчин шуугидаг ид намрын сар шувтарч, сэрүүн хяруу салхиар улбаалан, зунжингаа дэгэлзэн дэвхрэг түүн тонголзсон хөндийн хөх тогоруу буцах нь ойртож байлаа. Хэдий тийм ч Тариатын хөндийгөөс нарны сөл хамгийн сүүлд буцдаг болохоор сул цагаан тоос нь хараахан татраагүй,хойхнотой суварга мэт залаатай Бүстийн шүрэн улаан уулыг өвөрлөн сунах их аяны замаар өөдөө сөргөө хөлхөх тэрэгний цуваа үл тасрах цаг билээ...”/”Урсгал тууж”/ зэрэг амьд байгалийн тансаг гоё зураглал дээр зохиолын баатрууд нь аж төрж,”…Айсан морин харцага шиг амьтан,хорхогны дэргэд халууран жаргах эрх мэдэлт хоёрын тэндээс агчин гүйсээр эмээдээ иржээ…-Эмээ...эмээ... саяны манайхаас сав аваад явсан хоёр ах миний... Үүлэн Цэнхэрийг хол аваачиж хаях гэнэ...Үүлэн Цэнхэрийг... гэж үглэв ээ. Ач хүүгийн юу гээд үглээд байгааг... сайн ойлгоогүй эмгэн түүн руу толгойгоо гилжийлгэн: -Юун гээдхэвээ чи! Эмээдээ жаахан тод шиг хэлээч! гэж гуйлаа.

-Тээр голын тэндэх жалганд байгаа...миний...Үүлэн Цэнхэрийг...саяын хоёр ах хол аваачиж хаях гэнэ..хаях гэнэ...гэж үгээ давхцуулав: -Юун яасан Үүлэн Цэнхэр вэ...? Морь юм уу тэгээд...? -Яагаав эмээ! Миний хуучин тоглоом...тэрэгний бүхээг...Үүлэн цэнхэр...гэхэд сая л учрыг ойлгосон эмгэн: -Ая тосоор гоожмор! Элэнцэгний Үүлэн Цэнхэр байхав...Тэр хөсрий төмрөнд тийм нэр өгчихсөн юм уу? гээд инээмээр яадсанаа: -За тэр муухай зэвийг хол аваачаад хаявал хаяж л байг! Аль цагийн ус гол буртаглаад, хамаг амьтны морь мал үргээгээд гай болоод байгаа юм. Ашгүй, ашгүй, надад ч гэсэн амар. Чи тэр хээр хол хаямаар төмөр лүү гүйгээд хүн харын унаа үргээж гай тариад байх юм. Овоо л доо. Ашгүй гэж! хэмээн хүүгийн бодсоныг тэс зөрж хэлээд галдаа аргал нэмж ажиггүй суулаа...”/мөн тэнд/ зэрэг хэдэн өгүүлбэрээр түүний зохиолын хэлний онцлог, тод уран дүрслэл, үнэмшилтэй амьд ярианы сэлгээ, холбоо баатруудынх нь өвөрмөц бие даасан зан төрхийг хурц ялгаруулж, нөхцөл байдлын тохиргоо, сэтгэл зүйн илэрхийлэлд нь сэрэл, мэдрэхүйн өвөрмөц элементүүд хуран цогцлосон нь зохиолчийн ур чадварын өндөр түвшинг харуулна. Энэчлэн зохиолчийн ур зүйтэй холбогдолтой олон зүйлийн талаар өгүүлж болох хэдий ч номын өмнөтгөл үг бичиж суугаагаа гэнэтэд ухамсарлан үүгээр нуршуу үгээ төгсөхөөр шийдэв. Ямар ч гэсэн уншигч авгай тантай нүүр тулан уулзаж байгаа энэхүү шинэ номын гайхалтай үнэн, амьд ертөнцөөр та эхлээд аялагтун. Дараа цугаар санал бодлоо солилцоё. Зохист аялгуутныг тэтгэгч бурхан Янжинлхам Манзушир нар таалах болтугай!

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор,профессор Дашлхүмийн Галбаатар

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 146.185.223.200 / -
Зочин / 146.185.223.200 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.145 / -
Зочин / 46.229.168.133 / -