Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

“Өнгөгүй өнгө”

“Өнгөгүй өнгө”

Монголын Урчуудын Эвлэлийн шагналт уран барималч А.Очирболд уран бүтээлийн бие даасан “Өнгөгүй өнгө” хэмээх үзэсгэлэн гаргажээ.

Уг үзэсгэлэнгийн бусдаас ялгарах гол онцлог нь бүх баримал гангаар хийгдсэн бөгөөд бүтээл тус бүрдээ монгол хэв шинж, ахуй амьдрал уламжлалыг бүрэн шингээсэн дахин давтагдашгүй бүтээл болсонд оршино.

Орчин үеийн чиглэлээр туурвидаг тэрбээр гангаар хийсэн бүтээлээрээ Монголд анх удаа бие даасан үзэсгэлэн гаргасан нэгэн. Уран баримлын олон материал дундаас ган төмрийг сонгосон нь түүний бүтээлийн сэдэв, хэлбэр хийцэд нь илүү тохирдогоос гадна гангийн гялалзсан өнгөнд өөрийн санааг шингээж, үзэгчдэд хүргэхийг хүссэн аж.

А.Очирболдын урлан дахь баримлуудын ихэнх нь мориных.Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа “Морь хийморлиг амьтан болохоор тэгдэг ч юм уу. Эсвэл монгол хүн болохоороо моринд хайртай байдаг юм уу. Нэг л мэдэхэд өөрийнхөө санааг мориор дамжуулан илэрхийлж, морины баримал хийчихдэг” хэмээж билээ.

 

 

А.Очирболдын “Монгол” хэмээх бүтээлийн тухай :

СГЗ Г.Мэнд-Ооёо

Тэнгэр язгуурт МОНГОЛ

Монголчууд өөрсдийгөө тэнгэр язгууртай гэх бахархлыг зүгээр нэг илтгэл айлтгалын чимэг үг төдий хэрэглэсээр байгаад түүний хүчирхэг агуулгыг бүдгэрүүлэн бүрхэгдүүлчихжээ. Улс үндэстнүүдийн хүчирхэгжин мандахын нэгэн их нууц нь тэдний омог бахархлаар өдөөгдөх эх түүх соёлынх нь үнэт зүйл юм. Өвгө дээдсээсээ өвлөсөн тэрхүү сэтгэлгээгээ уламжлан хадгалж, улам баяжуулан хөгжлийн хурдасгуур болгодог ажээ. Хүн төрөлхтний соёл иргэншлийн голомт гэгдэх Монгол нутаг эртний хүмүүсийн туурвисан мянга мянган дурсгалуудыг өргөн уудам нутгийнхаа хэвлий хийгээд хөрсөн дээр өнө мөнхөд хадгалжээ. Өнө эртний тэрхүү оюун санааны тэнгэрлэг ертөнцийг өөрсдөө тээж явах, ирээдүй үеийнхэндээ өртөөлөн хүргэх нь жам боловч, өөрсдөө тэр энтэй сэтгэж, тэнгэрлигийг угшуулан бүтээж ертөнцийн нүд чихнээ тод томруунаар илэрхийлэн үзүүлэх “Монгол” хэмээх шинэ бүтээл төржээ.  Урлагийн сэтгэлгээ үүссэн палеолитийн үеэс, Төв Азийн ард түмнүүдийн дунд төрт улс байгуулагдсан МЭӨ II зууныг хүртэлх монголын эртний урлагийн дурсгалуудаас туурвилынхаа уг язгуурыг гарган ирж Хүннүгийн үеэс хүчирхэгжсэн ааг омог, “Монголын нууц товчоо”-ны эхлэл болох “Чингис хааны уг язгуур нь дээд тэнгэрээс заяат төрсөн...” хэмээх тэнгэрлэг сэтгэлгээг илэрхийлж XXI зууны Монгол газар шороон дээр дээд тэнгэрээс түрүүчийн хөсөг буун айсаж буй уран барималын дүрслэл нь өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийг үгүүлнэ. Өвөрхангай аймгийн Богд сум, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Цагаан гол зэрэг олон газрын хаднаа сийлсэн дөрвөлсөн морин тэрэгний дүрслэлийг гол үгүүлэмж болгон авахдаа, монголчуудын “тэнгэризм” үзэл санааг уран сэтгэлгээний баяжуулалтаар гүнзгийрүүлэн дээд тэнгэрээс айсуй харагдах хурд, эрч хүчийг илэрхийлжээ. Морьдын урд туурайнууд эх газарт бат гишгэн буух бөгөөд хойд хөл нь тэнгэрээс арайхан бууж амжаагүй, хүрдэн дугуйт тэрэг ба эзэн “жолоодогч” нь тэнгэрийн мандалд харагдана. Доороос дээш өгсүүлэн харваас хүн төрөлхтний эртний гүн сэтгэлгээний гайхамшиг болох “пирамид” хэлбэр дүрсэлгээ үзэгдэнэ. Гэхдээ “пирамид” нь тэнгэр язгуурт өвгөдийн босгосон “овоо”-ноос  эхтэй. Уран барималын тэхий дунд харагдах толиноо үүл нүүсэн одтой хөх тэнгэр дүүрэн тусч үзэгдэхээр шийдсэн нь тэнгэр язгуураас угшилтай, монгол хүмүүний оюуны ертөнцийг нь тольдох тэнгэр мэт. Тэнгэрээс тэтгэж, газарт буулгаж утга агуулгаа илэрхийлэх – уугуул монгол бичгийн тигээр уншихуйяа улам цааш задран дэлгэрэх чинадын агуулга уг бүтээлд тэгш найрсажээ. Барималыг зэвэрдэггүй гангаар урласан нь он цагийн шалгуурыг даван туулах бат бөх чанарыг агуулахаас гадна, тунгалаг өнгөнд нь тэнгэр газар дөрвөн зүгээс бүрэн тольдон тусах аж. Тэнгэрээс бууж буй бидний дээд өвгийн хөлөглөсөн дөрвөн морь бол – монголын эргэх дөрвөн цаг, морь буух дөрвөн шагай, ертөнцийн тэгш хэмт тогтолцоо буй заа. Морин тэрэгний хүрдэн хос дугуй, дээрх эзэн нийлээд өвгө дээдсийн язгуур шүтээн - долоон бурхан айсуй мэт санагдана. Асар эрчтэйгээр дээд тэнгэр буюу уг язгуураас дүүлэн бууж ирсээр буй энэхүү хөдөлгөөн нь монголын түүхийн бүхий л цаг үеийн сэтгэлгээний эрч хүчийг илтгэнэ. Түрүүчийн хүлгийн газар тамгалан бууж буй туурайн тусгалын зургаан бат суурь нь “Монгол” хэмээх язгуур зургаан үсгийг буулган бичиглэсэн гэлтэй. Уран барималч А.Очирболдын “Өнгөгүй өнгө” шинэ үзэсгэлэнд дэлгэсэн “Монгол” хэмээх ган барималын үгүүлэмж ийм ажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 122.201.18.51 / -
Uytai saihan be
Зочин / 122.201.18.32 / -
Uytai saihan be
Зочин / 203.91.112.198 / -
Bi uzsen mash shan buteel bolson bnle
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.139 / -