Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

ШҮЛЭГ УНШИЦГААЯ, ШҮЛЭГ УНШИЖ СЭТГЭЛЭЭ АРИУСГАЦГААЯ!

 

 Яруу найргийг үгийн урлаг гэж мэргэд айлддаг. Тийм бөлгөө. Шүлэг найраг гэгч үгээс бүтдэг. Бүр тодруулвал шүлэг нь шидэт үгсийн чуулбар мөн. Чингэхдээ тухайн хэлний хамгийн сайн, сайхан үгс, уран яруу, утга төгөлдөр эгшиглэнт сонсголонт үг хэллэгээс бүтдэг. Тиймээс шүлэг найраг хэмээх нь яруу үгсийн чуулган, сайн үгсийн сан юм.    

 Үг бүхэн өөрийн гэсэн амин сүнс, эрчимт хүчийг агуулж байдаг. “Үг шидтэй” гэж ард түмэн хэлцдэг. “Үгээр хүнийг үхүүлж ч болно, үгээр хүнийг аварч ч болно” гэдэг. Тэгэхлээр үг өөрөө хүчтэй, ид шидтэй, эрчимт хүчтэй юм. Үгийг хэлээгүй үед тэр эрчимт хүч нь зогсонги буюу тиг хувилбарт оршино. Үгийг хэлэх үед эрчим нь амилж үйлчлэлд орно. Хэн нэгний хэлсэн үг нөгөө хүнд эрчлэн хүрч үйлчилдэг учраас тухайн хүн түүнийг нь хүлээн авч эерэг, эсвэл сөргөөр хариу үйлдэл үзүүлдэг. Шүлэг бол ямагт яруу сонсголонтой, эерэг утгатай,  сайн сайхан үгсээс бүтдэг учраас түүнийг эерэг эрч хүч, энерги дагалдаж, хуримтлагдаж байдаг. 

Үг бол хүний оюун ухааны үр шим, сэтгэлгээ сэтгэхүйн илрэл, илэрхийлэл юм. Хүнд хатуу үг хэлэхэд, харааж загнахад тэр хүн яадаг билээ? Сайн, муу үгийг хүнд хэлэхэд тэр үг үйлчилж, өөрөөр хэлвэл амилж, тэр амилсан үгийн хүч чадал хүнд хүрч тусч эхэлнэ. Сайн үг хүнд сайн сайхнаар нөлөөлж, сэтгэл санааг нь тайтгаруулан тайвшруулж, өөдрөг сайхан болгодог бол муу үг хүнийг сэтгэл санаагаар унаган, гуньж гутруулж, улмаар эмгэг өвчинд ч хүргэдэг, муу бодол санаа төрүүлэн муу үйл хийхэд ч хүргэдэг.    

Бөөгийн дуудлага, Бөхийн цол гуншин, ерөөл магтаал, ямар үгээр бүтсэн байдгийг санацгаая. Бидний хамгийн сайн мэдэх жишээ гэхэд бөхийн цол гуншинг дуудахад тэр бөхийн бие болоод сэтгэл сэргэн дэвжиж бяр тэнхээ  амтагдан “уулыг нурааж, усыг эргүүлэх” хүч чадал, сэтгэлийн их тэнхээ бялхан ирдэг гэдэг. Урьд цагт өвлийн шөнийн уртад, зуны шөнийн богинод гэр дүүрэн суусан хүүхэд үүхэд, туульч хуурьчийн аялгуулан хэлсэн баатарлагийн үлгэр, туульсыг сонсоод сэтгэл санаа нь ихэд ариусан цэлмэж, үлгэрийн ертөнцөд жуулчилсаар шүлэг нойронд умбадаг асан буй заа. Үгийн шид гэгч энэ буюу.

Шашны ном судар, бурхны номлол сургаал, тарни уншлага, шившлэг ширгэлэг уншихад ч үгийн ид шид, эрч хүч үйлчлэн нөлөөлдөг. Тэр бүхэн үгээс бүтсэн байдаг, тэгэхдээ шүлэг найргийн хэлбэртэй болсон байдаг. Их говийн ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-ыг дуулахад бурхны сургаалийг мянгантаа уншсантай дүйнэ гэж ярих нь бий. Тэгвэл “Үлэмжийн чанар” хэмээх энэхүү гайхамшигт дууны үндэс нь шүлэг шүү дээ. Тэнгэр хурмастыг аргадаж, тэнгэрээс хур бороо хүсч гуйн ерөөл хайлахад чухам юу үйлчилж, ямархан далдын ид шид болж, яагаад бороо ордог юм бол? Ерөөлч хүн зөвхөн хур бороо хүссэн ерөөл магтаал хэлж байгаа шүү дээ. Тэгэхлээр үг үйлчилж, үгийн ид шид, шүлэг найргийн эрч хүч байгаль дэлхийд хүртэл нөлөөлж байгаа хэрэг бус уу.

Шүлэг бичих нь хүнийг маш их бодол бясалгалд хүргэдэг. Бясалгах тусам хүн ариусдаг. Гүн бодол бясалгалд байнга байсаар ертөнцийн жам ёс, хүмүний амьдрал, мөр чанарыг таньж мэддэг. Улмаар сэтгэл оюунаар ариусч оюуны гэгээрэлд хүрдэг. Тийм сэтгэлээс гарсан шүлгийн үг бүхэнд хүч чадал, шидэт чанар, эрчимт хүч шингэсэн байдаг. Тийм шүлэг найргийг хүн уншихад эерэг энерги ялгарч, үйлчлэх увьдастай. Шүлэг найраг гэгч ямагт сайн сайхан үгс, хүнд сайн сайхныг  ерөөж хүссэн, хүний сайн үйл, сайн талыг хөхиүлэн магтсан үгсийн чуулбар байх тул тэр хэрээр эерэг сайн эрч хүч, энергийн хуримтлал оршсон байдаг. Тиймээс шүлэг уншихад сэтгэл санаа сэргэж, тайвшрал тайтгаралд хүрч, уур бухимдал, уйтгар гуниг, ааш уцаар арилж тайлагдана. Гоо сайхны ертөнцөөр аялж, ухамсар хүртэхүйн дээд туйлд хүрч, оюун ухаан туйлаас ариусан цэлмээд, хамгийн сайн сайхан мэдрэмжид хүрдэг.

Соёлт хүн төрөлхтөн бий болсон цагаас хойш үе үеийн бичгийн мэргэд шүлэг, найргийг онцгойлон үзэж, эрхэмлэн дээдэлж, хүмүүсийг ямагт шүлэг найргаар соён гэгээрүүлж иржээ. 2500 жилийн өмнө аж төрж асан нангиадын их сэтгэгч Күнз мэргэн ард түмэндээ хандаж: “Шүлэг уншигтун! Та нар яагаад шүлэг уншихгүй байна?” хэмээн асууж, “Шүлэг найраг бол хүний сэтгэлийг сэргээн хөглөж, сайныг сайшаан хөхиүлж, саарыг ялган шүүдэг бөлгөө” гэж сургаж байжээ. Ийм жишээ олныг дурдаж болно.

Нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун хэрмийг ч нураана,                       

Нэгэнт өнгөрсөн андаан санахад хүрэл зүрх ч хайлна

хэмээн уншихад Таны сэтгэл хэрхэн хөвсөлзөн хөдөлж, сэтгэлийн утас хэрхэн хөндөгднөм бэ? Тийм ээ, чулуун хэрмийг нураах хүчтэй сэтгэлийн үзүүрт үг буй, чин үнэнч нөхөрлөлийг мэдрүүлэх чадалтай санааны угт аанай л үг буй.

Оросын нэрт яруу найрагч Константин Симоновын “Хүлээ” гэдэг алдарт шүлэг бий. Эх орны их дайн ид дундаа дүрэлзэж, сая сая эрчүүл фронтод явж, амь биеэ үл хайрлан тулалдсаар сар жилүүд өнгөрч байхад зарим нэг эмэгтэй эр нөхрөө хүлээж чадалгүй гэр бүлийн ариун журмыг зөрчсөн хэрэг явдал гарчээ. Энэ тухай сонссон яруу найрагч дээрх шүлгээ бичиж, фронтын сонинд хэвлүүлсэн нь тэр дороо л Орос орон даяар түгэн тарж, сая сая дайчин эрс, бас сая сая эмэгтэйчүүдийг ёстой л байлдан дагуулсан гэдэг:

Хүлээ, намайг хүлээ!                                       

Хүрээд л ирнэ.                                            

Хүлээхийн дээдээр хүлээ!..

хэмээн үргэлжилдэг энэ шүлэг асар их эрч хүч, асар их ид шид агуулсан байжээ. Түүнийг уншсан хүнд үг бүхэн нь далдын их хүч увьдастай мэт соронздон хүрч, ухаан санаа, бодол оюуныг нь ховсдон эзэмддэг байжээ. Ийм шүлэг олон бий. Д.Нямсүрэнгийн “Амитаба” гэдэг гайхамшигт шүлгээс иш татья:

Яаж би Амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?

Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?

Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ?

Яаж би Амитаба шиг, дэргэдээ ээжгүй болоход уйлахгүй байх вэ?...

Эдгээр мөр шадуудаас Буддын шашны гүн ухааны илэрхийллүүд, түүний үндсэн үзэл онол болсон хоосон чанар, ертөнцийн буй бүх юмс, үзэгдлийн мөн чанар, утга учир бүхнийг та олж уншин, ойлгож сэтгэж болно. Хүний бясалган сэтгэх чадвар хэчнээн хязгааргүй шиг, бас түүнийг илэрхийлэх үгийн хүч чадал цаглашгүй ажээ. “Эрээнцавын эвдрээгүй найрагч” хэмээн мөнхөрсөн дорнын их шүлэгч Д.Нямсүрэн нас ахих тусмаа өөрийгөө, өөрийнхөө уран бүтээлийг “хувилгаан чанарт улам бүр шилжиж буй” тухай найрагч анд Г.Мэнд-Ооёодоо дурссан байдаг. Яруу найрагчийн хувилгаан чанарт хүрсэн тэр л бясалгалын үр шимийг эгэл бидэнд чухамхүү үг л хүргэдэг бус уу.   

Энд би хоёр санаа хэлмээр байна. Нэгдүгээрт, шүлэг уншихдаа сайныг нь шилж сонгож уншицгаая. Энэ номд хүн төрөлхтний шилдэг сонгодог болсон үе үеийн суут найрагчдын оюун ухааны охь шим болсон тийм л шүлэг найраг орсон байгаа. Тиймээс энэ номыг уншихад Та сэтгэл оюунаараа ариусан цэлмэж, мэргэдийн эрч хүч шингэсэн шидэт үгсээр амьсгалах болно оо. Үүнтэй холбогдуулан хэлэхэд бүх шатны сургуулийн багш, сурагч, оюутнуудад хандаж: “Шүлэг уншицгаа!” гэж уриалмаар байна. Биднийг бага байхад багш нар шүлэг их уншуулж, цээжлүүлдэг байсан нь маш зөв, маш чухал сургалт байжээ. Хоёрдугаарт, шүлэг уншихдаа нүдээр гүйлгэж бус, чанга дуугаар аялгуулан уншицгаа. Чингэж гэмээнэ, үг амилж, үгийн эрчимт хүч үйлчилж, тэр хэрээр бурхан багшийн сургаал номлол, судар тарнийн уншлага мэт шүлэг найргийн гүн утга бүхий бясалгалын ид шид, эрчимт хүч танд үйлчлэн хүрэх болно. Урьд сургуульд их түгээмэл байсан уран уншлагын хичээл, уран уншлагын уралдаан тэмцээн ямар их ач холбогдолтой байсан нь Та бүхэнд нэхэн санагдаж байгаа буй заа.  Үгийнхээ төгсгөлд би энэ уриагаа дахин хэлмээр байна:

ШҮЛЭГ УНШИЦГААЯ, ШҮЛЭГ УНШИЖ СЭТГЭЛЭЭН АРИУСГАЦГААЯ!

Инжиннашийг, Их Нацагдоржийг, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Явууг уншицгаа. “Миний нутаг”, “Монгол хэл”, “Би хаана төрөө вэ?”-г уншицгаа. Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол”, Б.Лхагвасүрэнгийн “Боржигины бор тал”, Д.Нямсүрэнгийн “Амитаба”-г, О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ!”-г уншицгаа. Би зөвхөн Монголынхоо хэдэн найрагчдыг, тэдний хэдэн шүлгийг нэрлэлээ. Цаана нь өчнөөн гайхамшигт шүлэг найраг байгааг нэрлэж барахын эцэсгүй ээ. Цаашлаад дэлхий дахины, хүн төрөлхтний сор болсон сонгодог, шилдэг шүлэг найргийг бүр тоочихын аргагүй ээ. Харин энэ номоос Та тэдгээрийн заримыг нь олж унших болно оо. Яг үнэнийг хэлэхэд одоо цагт та бид шүлэг бичихээс илүү, шүлэг уншдаг байх нь чухал байна шүү!  

 

                        

   Хэлбичгийн ухааны доктор Я.ГАНБААТАР

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 122.201.18.7 / -
Goyo
Зочин / 203.91.112.198 / -
Shuleg unshitsgaayaaa
Зочин / 203.91.112.198 / - Зочин
Сайхан юмаа та бүхэнд амжилт хүсье
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 5.188.211.22 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.149 / -