Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Д.Нямсүрэн: Дөрвөн цаг

 

                                    1.

Бороо ганц нэг дусах нь сайхан

Борог өвс норсон байх нь сайхан

Хаврын цас гэр лүү урсах нь сайхан

Хаа нэгтээ шувууд ганганах сайхан

    

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан

Аяны хүн манай уяанд буух сайхан

Айлын маань айлд бүсгүй байх сайхан

Айл нүүж ирэх сайхан.

 

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан

Харанхуй дунд цахилгаан гялбах нь сайхан

Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан

Холоос гийчин ирэх нь сайхан.

 

Шаргал талын өвс халиурах нь сайхан

Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан

Сартай шөнө бухал дээр унтах сайхан

Чамайг зүүдлээд газарт ойчих сайхан.

 

Шөнө дөл хүлэг морь янцгаах сайхан

Шүлэг нойроос сэрж орчлон бодох сайхан

Өрхний завсраар гэгээ орох сайхан

Өглөө болох сайхан.

 

Цайран цайран бороо орох сайхан

Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан

Борооноос өмнө ирлээ гэж ярих сайхан

Боржигон эмээлээ аваад орж ирэх сайхан.

 

Сартай толгодод ингэ гунганах сайхан

Шанзны үзүүрт Ай Нан-Аа суух сайхан

Шаргал дөл угалзлан гал ноцох нь сайхан

Царай зүс бүдэг бадаг гэрэлтэх нь сайхан.

 

Хөх лонхон тогорууу дугарах сайхан

Хөдөө цайдам борооших сайхан

Анирхан ахуйд цэцэг дохих сайхан

Аадрын өмнөх байдал сайхан.

 

Тооноор сар гэрэлтэх сайхан

Тогоотой сүүнд тусах сайхан

Шөнө орой сар гарах сайхан

Чөдөртэй морьд тургилах сайхан.

 

Шиврэн шиврэн бороо орох нь сайхан

Ширэг зүлэг ногоорох нь сайхан

Зүүн өмнө солонго татах сайхан

Зүс бороо гэрэлтэх сайхан.

 

Гэгээн борооны усыг тосох сайхан

Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан

Агь хүмлийн үнэр сэнгэнэх нь сайхан

Аясхан бодол хол ойрыг санах сайхан.

 

Үдшийн бүрийгээр ирэх сайхан

Үүрийн гэгээгээр явах сайхан

Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан

Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан.

 

Эх нутаг минь шүлэг шиг сайхан

Эх орон минь дуу шиг сайхан

Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан

Эрээн цавд бороо орох нь сайхан!

 

Өглөө босоход цас орсон байх нь сайхан

Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан

Гадаа уул толгод гялбалзах нь сайхан

Ганц нэг өвс салхинд сэвэгнэх сайхан.

 

Үдэш орой айлын гэрэл харагдах сайхан

Үрээ морины хөл хөнгөрөх сайхан

Хонох айлд үеийн бүсгүй байх сайхан

Хоточ нохой сарны гэрэлд хуцах сайхан.

 

Тооноор цас будран орох сайхан

Тогооны таган дээр унаад хайлан нь сайхан

Гэрийн хийморт аав суух сайхан

Гэрэлтэй үүдээр ээж орж ирэх сайхан.

 

Хөтлийн оройд нар тусах сайхан

Хөсөг тэрэг гарч ирэх сайхан

Тэрэгний дугуй чахран чухран эргэх сайхан

Тэргэн дороос шувуу нисэх сайхан.

 

Тэнгэр будангуйрч судайх нь сайхан

Тэртээ холын юм үзэгдэхтэй үгүйтэй нь сайхан

Салхи эргэж утаа хуйрагнах сайхан

Цас эргэлдэн эргэлдэн малгайлах нь сайхан.

 

Зуухны галд нозоорон нойр хүрэх нь сайхан

Зуны орой согтов гэж тэрхэн зуур зүйрмэглэх сайхан

-        Хээ-н... Цай уу! гэх бүдэг бадаг үг дуулдах нь сайхан

Хэн гуайн эгч гараас зөөлөн татах нь сайхан.

 

Цайдам хоолой цайвалзаж цанхиртах сайхан

Цаад уулс гялс гялсхийн харагдах нь сайхан

Цас шуурч тогтоод гялбас гялбасхийх сайхан

Цагаан өдөр мэлтэс мэлтэсхийх сайхан.

 

Одод тодрох нь сарны ойролцоо илүү сайхан

Онгон талд адуу минь байх шиг сайхан

Он цагийн гурван марал бодол зөгнөх сайхан

Ондоон гарагийн хөлөг ирж явах шиг сайхан.

 

Цас орон орон лавсах нь сайхан

Цаг эргэж ирэх сайхан

Царайлагхан чамайгаа, намайг тоохгүйг тоосон гэж бодох сайхан

Цаг гэрт цохисоор байх нь сайхан.

 

Тэргэл сартай шөнө гадаа зогсох сайхан

Тэргэн дээр хураасан бараа сүглийх сайхан

Тэртээх хөндий цайвартаж сүүдэртэх нь сайхан

Тийшээ очмооргүй аймар санагдах нь сайхан

 

Явган шуурга гадаа эсгэрэх сайхан

Яндан юм уу нэг юм хаа нэгтээ дар дархийх сайхан

Гэнэт гэнэтхэн нүдгүйлэн харанхуйлах нь сайхан

Гэрийн хаягаар цас хунгарлах сайхан.

 

Айлын гэрээс хүмүүс гарцгаах сайхан

Арилсан тэнгэрт шувуу нисэх сайхан

Уул тал уруу гүйх сайхан

Улаан хацартай хүүхдүүд тоглох сайхан.

 

Үдшийн бүрийгээр ирэх сайхан

Үүрийн гэгээгээр явах сайхан

Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан

Өргөн хорвоо дуулан жаргамаар сайхан.

 

Эх нутаг минь шүлэг шиг сайхан

Эх орон минь дуу шиг сайхан

Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан

Эрээн цавд цас орох нь сайхан!

 

Цас хайлж ханзрах нь сайхан

Цаг ирэх сайхан

Чамайг хүлээх сайхан

Цаг харах сайхан.

 

Шувуу ирээд буух сайхан

Чулуун дээр суугаад нисэх сайхан

Харгуй замаар хүн явах сайхан

Хадан дээр би суух сайхан.

 

Айлын бүсгүй усанд явах сайхан

Арын булагруу дурандах сайхан

Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан

Цэнхэр дээл чамд зохих нь сайхан.

 

Толгодын орой зэрэглээтэх сайхан

Торгон салхи сэвэлзэх сайхан

Хөх ногооны униар татах сайхан

Хөх мананд нь ороолгон суух сайхан.

 

Амгалан шөнө нойр хулжих сайхан

Алсын чимээ анирлах сайхан

Бүүр түүр холд нэг юм жингэнэх сайхан

Бүүвэй бүүвэй хорвоо сайхан.

 

Хэн нэгэн ирээд явах сайхан

Хэрэг болгож надаас, -Гал байна уу? гэх сайхан

Ертөнцийг аргадах хийгээд бусдыг бодох сайхан

Юм бүхнийг хайрлах сайхан.

 

Цөн түрж, гол мөрөн урсах нь сайхан

Цөмөрвөл би ч бас урсанадаа гэж бодох сайхан

Өглөө голын эрэгт ганцаархнаа сайхан

Орой голын хөвөөнд чамтайгаа сайхан.

 

Хашаа тэргэн дээр шаазгай үглэх сайхан

Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан

Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан

Дөтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан.

 

Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан

Цэлэлзэж нүдний нулимс гарах нь сайхан

Дөрөөн дээр өнгийгөөд энгэрэн давхих сайхан

Дөрвөн туурайн хооронд шувуу нисэх сайхан.

 

Хаврын өглөө эрт босох сайхан

Хазаар аваад моринд явах сайхан

Сэрүүн цас үнэртэх нь сайхан

Сэмжин мөснөөс нь хүлхэх сайхан.

 

Он он жил хөдөө суух нь сайхан

Од мэт хөх дан ганц сууцанд амьдрах сайхан

Дээр яваа сансрын хөлөг эргэж ирэх сайхан

Дээврийн цас хайлж янжуурын цог дээр дусах сайхан.

 

Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан

Утасны мод хөхөрч гандах нь сайхан

Он жилүүд ирэх сайхан

Он жилүүд одох сайхан.

 

Үдшийн бүрийгээр ирэх сайхан

Үүрийн гэгээгээр явах сайхан

Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан

Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан.

 

Эх нутаг минь шүлэг шиг сайхан

Эх орон минь дуу шиг сайхан

Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан

Эрээн цавд гол урсах сайхан!

 

Навч ганц нэг унах нь сайхан

Нар толгодын цаанаас гарах нь сайхан

Сэв сэв салхи үүсэх сайхан

Сэм сэмхэн хуй босох сайхан.

 

Гол мяралзан урсах нь сайхан

Ганц нэг долгионд нь суух сайхан

Морины шар хомоол тэрүүхэнд хөвөх сайхан

Модон тэрэгний ганц ялуу урсаж өнгөрөх сайхан.

 

Хол ойрыг санагалзаж уярах сайхан

Хот айлаас хэн нэг нь явахад үг захимаар сайхан

Торолзох барааг харж зогсох сайхан

Торгон алчуур дэрвэх сайхан.

 

Сэмжин цагаан үүл нүүх сайхан

Сэтгэл зүрхэн дундуур хөвөх сайхан

Шивэр авир бороо салхилах сайхан

Шивээн толгой ганхах сайхан.

 

Морьтой хүн давхин одох сайхан

Морин төвөргөөн дуулдах сайхан

Тэнгэрийн хаяаг харах сайхан

Тэрэг хөсөгний зам зурайх сайхан.

 

Өмнө зүгт шувуу нисэх сайхан

Үүлсийн дунд ганганах сайхан

Наран шаргалтаж тоорогтох сайхан

Навчсын шар шуурга хаялах сайхан.

 

Шаргал бороо нартай орох сайхан

Шанз ятгын утас буйлах нь сайхан

Шаавай төрсөн Хонгорзул эгчирхэх нь сайхан

Шалдар бульдар дүү минь түүнийг санах нь сайхан.

 

Ган жийжүү дөрөө гадаа дуугарах сайхан

Ганган морьтой хүн буух сайхан

Намрын сарын шинийн гурван ирэх сайхан

Намуун үдэш аргын тооны сар гарах сайхан.

 

Хууч яриа нойрон дунд сонсдох сайхан

Хуучин сүмийн тууринд... хэмээн ярилцах нь сайхан

Цонхоор сар тусах шөнө үлгэр ярих сайхан

Цоороо аваад дуултал чөтгөр уярчээ... гэх сайхан.

 

Сар орой болж хүйтрэх нь сайхан

Салхинд одод зүлгэгдэх нь сайхан

Өдөр шөнө тэнцэх хорин хоёрон болох сайхан

Хүлэг хүн хоёр адилхан цаг унтах сайхан.

 

Дэлхийн чулуунд хяруу цавцайх сайхан

Дэрсээр дээр нь шүлэг бичих сайхан

Дээвэр дэвэх салхинд сэтгэл гэгэлзэх нь сайхан

Дэндүү ойрын хайраас холд байх нь сайхан.

 

Модны мөчирт шувуу навчны оронд суух сайхан

Монгол аялгуугаар жиргэх сайхан

Дээр төрийн сүлдний нар мандах сайхан

Дэргэд алтан соёмбоны гал ноцох нь сайхан

 

Хэн нэгэн ирээд дуулах сайхан

Хэн нэгэн одоод гуних сайхан

Эргэх нэгэн хайр зүрхэнд хөгжимдөх сайхан

Ээлжлэн ирэх цаг хонхноо цохих сайхан.

 

Үдшийн бүрийгээр ирэх сайхан

Үүрийн гэгээнээр явах сайхан

Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан

Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан.

 

Алаг нүдний нулимсан дусалд багтсан

Ай миний эх орны дөрвөн цаг

Амгаруулан мэлтэлзүүлэн байна уу даа

Аяа, хөөрхий гэж...

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.146 / -