Холбоо барих +976 70112078

ИДЭР ГОЛЫН АЯЛГУУНААС ОЛСОН ТЭМДЭГЛЭЛ

Данзангийн НЯМАА

1.

         Идэр гол  зорино гэхээс  хэдэн өдөр сэтгэл дэвэлзэв. Хаврын адаг харагчин луу сарын  хотол чуулган барилдлагатай  улаагчин гахай өдрийн  морин цагт  догдлон сэрчухуй. Идэр гол зорих өдрийн үүр хаяарчээ ...Анх энэ голын нэрийг сонссон минь  эдүгээгээс  40 жилийн өмнө юм. Оюутан насны  анд, дэлхийн анзааны  зохиолч, Идэр голын унаган хүү Пүрэвжавын Баярсайхан  Улсын их сургуулийн дэргэдэх уран зохиолын дугуйлангийн  намрын  анхны  цугларалтан дээр  “Идэр гол” нэртэй  шүлэг уншсансан.Хоёр хоёр  мөрөөр  эгшиг зохицуулан  хэлхсэн тэр шүлэг ихэд уртсан.  Дугуйлангийн  багш Сэндэнжавын  Дулам   өндөр, горзгор  туранхай  хүүг  инээмсэглэн  урамшуулж   өөр шигээ “урт”  шүлэг уншлаа  гэж   өхөөрдөсхийж байсныг сананам.  Харин мөнөөх   хүү хожим нь  монголын уран зохиолын  цутгаланд  “Идэр гол” шигээ мөнх төгөлдөр  урсгал  нэмж, уншигч түмнээ ихэд урамшуулсан  билээ.  “Болор тунгалаг Хөвсгөл бохирдох ёсгүй...” гэсэн  радио нийтлэлээрээ   НҮБ-ын   “Глобаль 500” шагналыг Монголоос  хүртэгсэдийн  ахдагчдын нэг  нь  Пүрэвжавын Баярсайхан байв. “Хөх туурийн тал”, “Гэрэл гэгээ хүснэ” , “Хотын онгон” тэргүүт   өгүүллэг, тууж, романуудаараа тэр монголын үргэлжилсэн үгийн  ай савд  өөрийн байр суурийг баттай дархалсан юм. Аливаа орон нутаг  өөрийг нь алдаршуулагчдын  нэртэй  хүйн холбоотой байдагсанж. “Идэр гол” гэмээ нь  зохиолч  Пүрэвжавын  Баярсайханы дүр төрх  сэтгэлд тодрох ажу.

     ... “Шинэ ази”  группийн  байранд  хамгийн түрүүнд ирчихжээ... Миний дараахан группийн ерөнхий захирал  Лхамсүрэнгийн Төрбаяр , за тэгээд  нэрт орчуулагч Го.Аким, шүүмжлэгч Д.Галбаатар нар удаалав.  Тэр хоёр  мөн л  догдолж хоножээ. Царай төрх нь улаа бутарч, үг ярианаас нь  гэрэл гэгээ  цацарчухуй. Өглөөний тунгалаг агаарт  инээд наргиан дэвэрмой. Энэ үес   “Үлэмж эгшиглэн сан”-гийн   эрхэмсэг зөвлөхүүд зохиолч Б.Золбаяр, Х.Чилаажав нар  морилон, ажил хэрэг ундрав.  Удалгүй хүн бүл гүйцэж , унаа хөсөг жигдрэв.Таван  жип,  бага оврын нэг автобус  цуваа болон хөдлөв. Эль хульхан хотын гудамж гэрэл дохиогоо гялбуулан  үдвэй.  

       Мянганы зам  мөнгөрөн тосно. Ногооны  униар  хөөг татан  цэнхэртэж, адуу мал хөөврөө гээж,  хурга, ишгээ дагуулсан хонь ямаан сүрэг сувдран билчмүй. Зун цагийн урин сэвэлзжээ.  Жалга судаг  ногоорч, уулын арын цас сэмэрчээ.

        Ай, Солонготын даваан дээрээс тэнгэр цэнхэртмүй. Биеийнхээ чилээг гаргасан шигээ   давааны орой дээр зогсох юутай сайхан.  Овоонд нь чулуу нэмж, лус савдагт нь идээ цагаагаа өргөв.  

       Идэрийн голд ирлээ. Үдшийн бүрий дундаас  цагаан гэрүүд бөмбийн тосов. Тооноор нь гэрэл гэгээ гялбах ажу.  Бууцгаалаа.  Го. Аким, До.Цэнджав ,  А. Мягмаржав, Н.  Гантулга бид  нэгэн гэрт  оров. 

        Дэрэн доогуур  Идэр гол шуугин урсана.

 

       Дэндүү үзэсгэлэтэй ажу. Савжидбалбар хайрханы  тэргүүн зулай  өглөөн нарын туяанд  хөөрүүлсэн  сүү мэт дөвийн дэврэвэй. Энэ сацуу Идэр сумын дунд сургуулийн өмнөх талбай  хүүхэд багачуудаар  дүүрэв. Хэд хэдэн шугаман  жагсаалаар  жагссан   тэдний  тоо баттайяа  1000 орчим  бөгөөд  жагсаал бүрийн өмнөх хүүхэд хаяг тодотгол барьжээ. Тэдгээр  хаягнаас  энэ жилийн  Идэрийн эх хэлний их сорилгод Завхан аймгаас 19, Хөвсгөл аймгаас 5, Говь-Алтай аймгаас 5, Увс аймгаас 5, Дундговь аймгаас 3, Ховд аймгаас 1, Улаанбаатар хотоос 1 баг тус тус оролцож байгааг мэдэж болох  буюу. Олимпиад эхэлснийг зарлаж ахмад багш, боловсролын  тэргүүний ажилтан  Лутын Лхагважав  хонх  цохив. Олимпиадад оролцогч  сурагчид танхимдаа орж жигдэрхэд  шалгалт авагсад, хянагсад, шүүгчидээс  бусад нь  сургуулийн гортигоос  бүгд гарав.  Арван гурван жилийн турш  ийм л байсан  болой.  Энэ жил  40 гаруй сургуулиас  150 орчим багш бас эрдэм мэдлэгээ сорихоор иржээ...

         “Багш дор мөргөмү...”  Энэ эгэл жир,энгүүн дотно үг бол “Идэрийн эх хэлний их сорилго-2016”  олимпиадад тэргүүн байр эзэлсэн багшийн энгэр дээр  гялалздаг  энгэрийн  тэмдэгийн нэр юм. Мөн тэр тэмдгэн дээр сонгодог монгол бичигээр эцэг тэнгэрээс буулгасан үг юм. Энэ энгэрийн тэмдэг   20 цэнгийн мөнгө, нэг цэнгийн алтаар хослуулж  монгол дархан урласан,   нэг сая төгрөгийн өртөг бүхий тэмдэг бүлгээ. Энэ жилийн тухайд энэ тэмдэгийн эзэнээр Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Даваанямын Ариунаа тодорч, гурван  сая төгрөгийн бай шагнал  гардав.

       Эх хэл, бичиг соёлын  олимпиад  хүүхэд багачуудад хүсэл мөрөөдлийн жигүүр ургуулдаг байна. Тийм ч учраас энэ олимпиадад  оролцогч хүүхэд багачуудаас  ирээдүйд  хэл шинжлэлийн эрдэмтэд,  алдартай зохиолч, сэтгэгчид, багш, мэргэд  төрөн гарах  нь гарцаагүй  билээ л... Энэ жилийн  тухайтад,   МУСГЗ, эрдэмтэн гүүш Акимын нэрэмжит “Эсээ” бичих уралдаанд нийт 228 сурагч өрсөлдсөнөөс Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 11-р ангийн сурагч Нямдоржийн Эрдэнэсүрэн, Дэлхийн яруу найргийн академийн жинхэнэ гишүүн, утга зохиолын доктор, зохиолч, яруу найрагч.Урианхайн нэрэмжит “Гүн сэтгэе” шүлгийн уралдаанд 186 сурагч оролцсноос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн сурагч Тогтохбатын Мөнхбат нар тэргүүлж энэ хоёр бичгийн хүмүүнээс шагналаа гардаж авав.

  3

        Ээ, Богд Очирваань минь...Харав уу... Отгонтэнгэр хайрханы минь мөнгөн зүмбэр оргил... Би ийнхүү  догдлон хашгирчээ.  Үүлэн зайцаар гурвалжин хос суварга  цайвалзан үзэгдмүй. Миний хашгирахыг хэн ч үл сонсчээ. Бүгд л  хайрханы зүг хараа талбицгаажээ... Дотроон дуун алдсан буюу, би.  

             Бөхөн шарын нуруун дээр гарч ирээд  байгаа нь энэ юм. Эндээс лавтайяа, дөрвөн сумын нутаг дүүрэн тод харагдах ажу. Бөхөн шарын нурууны их  овоонд залбирав.  Энэ зуур Лутын  Лхагважав багш  ном уншлага үйлдэж, арц хүж уугиулаа.  Бөхөн шарын нуруу энэ хэсэгтээ  уужим  дэлгэр, тэгш тавиун аж. Эрт цагт хоёр хутагтын нутгийнхан  энд хангай дэлхийгээ  тахиж, ерөөл хүслээ  айлтгаж, лус савдагтаа залбирч, морио уралдуулж,  бөхөө барилдуулдаг байчухуй. 

           Модоор урцлан  нөмөрлөсөн том, жижиг хоёр овоо ташлуулан  баруун талд нь маш том  хавтгай чулуунаа  “ Бөхөн шарын нуруу” дууг үг, ноттой нь  бичиж байрлуулжээ.  Уран бүтээл мөнхрөхийн шид хутаг энэ ажу.Үүнийг хэрхэн яаж Бөхөн шарын нурууны  оргил тэргүүн дээр  авчирсан байнам гэсэн гайшрал хамгийн түрүүнд  төрнө. За яахав ээ, элдэв машин  тэрэг, техник хэрэгслэл  ашиглан авчирсан байж таарна.  Хамгийн гол нь   хааш хаашаа   хоёр метр орчим, жин нь лавтайяа  тонн  гаран   чулуун хөшөөг  энд  авчирч байрлуулна гэж  зорьсон   сэтгэл гэдэг агуужим аа. Л.Төрбаяр захиралд талархан мэхиймуй. Түүний дайчин шамдангуй, мөрөөдөн тэмүүлэгч, зорьсондоо заавал хүрдэг  зан чанарыг  бахадму.  Эх хэл,  бичиг соёлын төлөө хийж байгаа зөв үйлийнх нь  мөнгөн зөрөгт сүү өргөмү.    Идэрийн эх хэлний сорилго хэмээх улсын чанартай  монгол хэл, уран зохиолын  олимпиадыг тэрбээр санаачлан, санхүүжүүлж  эдүгээ  13 дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.  Энэ жилийн олимпиадад гэхэд л  80 гаруй  сая төгрөг зарцуулав. Олимпиадад оролцогчдын   ирэх очих унааны  болон  орон байр, хоол ундны    зардлыг “Үлэмж эгшиглэн сан”  даадаг байна.  Хотоос уригсад  бид мэтийн  зардлыг ч  бүрнээ даачухуй.

      Хүмүүс  уул шиг эр хүн гэж ярилцах нь бий, харин  Л.Төрбаяр бол  “Бөхөн шарын нуруу” шигээ   эр хүн аж. Түүнд энэ нурууны  бодь  бат шинж,  өгөөмөр төгс   үзэсгэлэн,  чанд  уужим суурь  бүрэлджээ. Тийнхүү, Бөхөн шарын нуруунаас  ч бас  түүний гуйвшгүй  мөн чанар, мөрөөдөмтгий гүн итгэл, алс чанадын зорилгыг  олж харму би. 

       Тэнд гэрэл зурагчин Сүхбат эгшин бүрийг буулгахаар   агшин бүртэй уралдан гүйж, энд  яруу найрагч А.Мягмаржав шүлгээ уншиж ,   хөгжмийн зохиолч Т.Сэр-Од ихэд бишрэнгүйгээр овоог тойрч явнам. Үсийг нь  Бөхөн шарын  нурууны эзэн  савдаг энхрийлэн үлээж, хацрыг нь  сэвшээ салхиараа үнсээд авав. Лус савдаг баясчээ.  Тэнгэрийн  хөх дэвсгэр  дээр  Урианхай найрагч буурал үсээ хийсгэнхэн алхмой. Найрагч мөн баясчээ.

           4.

        Рашаан тунгалаг  Идэр гол  гэгээ татан урсана .Үд дундын  үеэс  энэ голын хөвөөнд  хүндэтгэлийн хүлээн авалт  болж ,  дуу хуур, дурсамж дурдатгал, шагнал  урамшил үргэлжлэв.

      “ Үлэмж эгшиглэн сан” -гийн тэргүүн Л.Төрбаяр  цугларагч олноо үргэлжид ерөөл хишигтэй  үг хэлж байв л.  Түүний ярианаас дандаа  гэрэл гэгээ цацарч , ирээдүйд итгэх итгэлийг асаана. 

    -Удахгүй олимпиадад түрүүлэгч багш  унаа, машин унаад   буцах болно. Багш нар нижигнэтэл алга ташчухуй.

    -Бидний  байрлан байгаа энэ орчим , Идэрийн голын хөвөөнөө  “оюун ухааны цэцэрлэгт хүрээлэн бий болно,  хэлний нэрт эрдэмтэн мэргэд, их зохиолчдын нэрэмжит  уран бүтээлийн ордууд сүндэрлэнэ.  Го.Аким тэргүүтнүүд ихэд баясан өндөлзчүхүй.

   -Уран зохиолын шилдэг цоморлиг- “Улирал ба Зохиолч” сэтгүүлийг  энэ жилийн  “Идэрийн эх хэлний сорилго”-д хүрэлцэн ирсэн 40 багт  бүтэн жилийн турш захиалан хүргэнэ. Үүнийг бичигч вээр  хөөрөн догдолчухуй.

     - Тэлмэн суманд аж үйлдвэрийн  цогцолбор  парк  босно.  Уулсаар цуурайлан  уухай хадчухуй.

        Гэрэлт мөрөөдөл, сайхан үгсийн гэгээнд одод эрмэлцэн түгэв.  “Идэрийн голын эрэгт  энгэрийн товч мултархуй...”  нэрт үдэшлэг эхлэв.  Зохиолч найрагчид шүлгээ уншиж, олимпиадад ирсэн багш , зочид  бүжгийн аянд  эргэмүй.Эргэн тойрны уулсаар дамжин хөгжмийн аялгуу цуурайтнам. Сүүлчийн бүжгийг хэдэн ч удаа хойшуулав... Одод тэртээ дээр гялбалзалзмуй... Идэрийн голын үдэш эгшиглэнтэй  еэ... Сэтгэл доторх  “Идэр гол”  сонгодог монгол бичиг мэтү  долгилон урсах нь ийм буюу...

       Идэрийн голын хөвөөндөө таван сард ирнэ дээ

       Эгшиг урсгалыг нь чагнанхан, чамтайгаа  хамт сууна даа

       Голоон санасан ангир усан дунд нь дэвнэ дээ

       Долоон бурхан одод мандал дээр нь хөвнө дөө

 

      Салхин бидэрлэх зүгээс шүлгийн үгс  ниснэ дээ

      Сац бас тэндээс хөгжмийн  аялгуу  хэснэ дээ

      “Чиний нэр гарлаа...” сандраад чи минь босно доо

      “Минийх уг нь хойгуурдаа...”  хорогдоод би дагана даа

 

       Чамдаа бичсэн шүлгээ өөртөө уяраад уншина даа

       Чанга дуун цацруулагчаар зүрхний минь бөднө ниснэ дээ

       Чагнан суугч үзэгчдийн  сэтгэлийн шувуутай  нийлнэ дээ

       Цагаахан далвис гялалзуулсаар шөнийн тэнгэрт одно доо

 

       Сэвжид балбарын оройд  цасны будраатай бударчихаад

       Сэнжит цохионы зайцаар салхины сэвшээтэй шургачихаад

       Бөхөн шарын овооны  аялгуун цадигт залбирчихаад

       “Эх”- эн болсон наддаа  азын тарнитай ирнэ дээ

 

       Идэрийн голын хөвөөндөө таван сард ирнэ дээ

       Эгшигт урсгалыг нь чагнанхан, чамтайгаа  хамт сууна даа

       Голоон санасан ангир усан дунд нь дэвнэ дээ

       Долоон бурхан одод мандал дээр нь хөвнө дөө

 Идэр голын аялгуу   цээжин гүнийг жимбүүрдэнэ.  Энэ голын  ус  Байгаль далайг тунгагшуулан  сэлбэдэг аж. Жилд сэлбэдэг усны нь бүрнээ тэн хагасыг  эзэлдэг хэмээн эрдэмтэд  тооцоолжээ. Тийнхүү бас энэ мөрний хөвөөн дээр жил бүр  болдог  “Идэрийн эх хэлний их сорилго” монгол хэл-уран зохиолын   олимпиад монгол хэлээ төгс төгөлдөр, аялгуу  сайхан хэвээр нь хадгалах ариун үйлсийн цутгаланг  түүчээлжээ. Юутай бахдам үйлс вэ? Төрөлх монгол  хэл, өв соёл, бичиг эрдэм үеийн үед  соёмборон гэрэлтэхийн үүдэнд сүлдэнд залбирья. Билэг ерөөл орштугай...  

                                               Улаанбаатар -Завхан- Идэр.

                                                                          2015. 05. 09

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.131.230.94 / - Zochin
Gaihaltai helsen bnshuu
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 202.21.106.122 / - test
test
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.146 / -