Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав

Жил бүрийн хавар эх хэлнийхээ мэдлэг, чадварыг сорихоор эх орны зүг бүрээс сурагч, багш нар Завхан аймгийн Идэр сум, Идэрийн голын хөвөөнөө хуран чуулдаг. 2018 оны тавдугаар сарын 11-13-ны хооронд болж өнгөрсөн энэ жилийн Эх хэлний их сорилгод Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Налайх дүүрэг, Завхан, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Дундговь, Сүхбаатар, Дорнод аймгийн 50 гаруй сургуулиас 150 орчим багш, 1200 гаруй сурагч эрдэм мэдлэгээ сорин өрсөлдөхийн зэрэгцээ эх хэл, бичиг соёлын эрдэмтэн мэргэд, алдарт зохиолч, яруу найрагчидтай уулзан сэтгэлдээ хүсэл мөрөөдлийн жигүүр өвөрлөн буцлаа.
Уламжлалт 13 төрлөөр өрсөлдсөн энэ жилийн эх хэлний сорилгыг багийн дүнгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль тэргүүлж, мөн аймгийн Титэм ерөнхий боловсролын сургууль удаалж, Галт сумын ерөнхий боловсролын сургууль гуравдугаар байрт шалгарсан бол Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай сургууль дөрөвдүгээр байрыг эзэллээ. Ийнхүү өнгөрсөн жилийн 2, 3, 4-р байрыг эзэлж байсан Хөвсгөл аймгийн 3 сургууль эхний гурван байрт жагсжээ.
2017 оны дэд байрын шагналт Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хамт олон энэ жил даагаа нэхэж сорилгын дүн гарахыг хүлээн өдөр, шөнөгүй манаж суусаар "Үлэмж эгшиглэн" сангийн хүндэт цомыг мөнгөн шагнал 2 сая төгрөгийн хамт гардан авлаа. Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургууль уг олимпиадад өмнө хоёр ч удаа түрүүлж байсан бол сүүлийн хоёр жил дараалан гуравдугаар байрыг эзлэн чанар чансаагаа дахин харуулав.
Идэрийн эх хэлний сорилгын дээд шагнал “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдэгийн эзнээр Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Минсэгийн Мягмаржав тодорч, таван сая төгрөгийн бай шагнал гардав. Удаах байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн багш Д.Отгонсүрэн, гуравдугаар байрт Говь-Алтай аймгийн Цээл сумын багш М.Сугармаа, дөрөв, тавдугаар байрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р сургуулийн багш Б.Нямсүрэн, Завхан аймгийн Улиастай сумын Дэвшил сургуулийн багш Ч.Уранчимэг нар тус тус шалгарчээ.
Бага ангийн багш нарын уралдаанд Улаанбаатар хотын Олонлог сургуулийн багш М.Баасанжав тэргүүн байрт шалгарч, Увс аймгийн Улаангом сумын цогцолбор 1-р сургуулийн багш Ц.Цэвэлмаа, Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн багш Н.Ариунтунгалаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р сургуулийн багш М.Сувданцэцэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р сургуулийн багш Б.Энх-Октябрь нар удаалж 500,000-2,500,000 төгрөгийн бай шагналын эзэд боллоо.
Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичгийн ангилалд 146 багш оролцсоноос тэргүүн байрыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн багш О.Оюунтунгалаг, удаах байруудыг Говь-Алтай аймгийн Алтай сумын сургуулийн багш П.Сарантуяа, Увс аймгийн Зүүнхангай сумын сургуулийн багш Ц.Баасандорж, Завхан аймгийн Улиастай сумын 4-р сургуулийн багш Д.Юнрэндорж, Улаанбаатар хотын Налайх дүүргийн 119-р сургуулийн багш Д.Батнасан нар шалгарлаа.
Чингис хааны одонт, МУСГЗ яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит “Эсээ” бичих уралдаанд нийт 308 сурагч өрсөлдсөнөөс Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Н.Отгонцэцэг, Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ичинхорлоогийн нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдаанд 258 сурагч оролцсноос Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн сурагч Б.Балжинням нар тэргүүлж дээрх эрхмүүдээс шагналаа гардаж авав. Мөн дээрх 2 төрлийн хоёрдугаар байранд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р сургуулийн сурагч Э.Ууганзаяа шалгарч хос мөнгөн медаль хүртлээ. Шагналт байранд шалгарсан нийт сурагчид энэ хоёр бичгийн хүмүүнээс урмын үг сонсоцгоон уран бүтээлийн дээжийг гардан авч үе тэнгийн нөхдийнхээ сэтгэлд итгэлийн гал бадраан хөгжөөв.
5-12-р дугаар ангийн ангилалд өмнөх жилийн их сорилгоос удаа дараа медальт байрт шалгарч байсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн сурагч Б.Чимэдцэрэн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сурагч Б.Энхжин, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн сурагч Ч.Уртнасан, Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч П.Балжинням, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Ж.Буньяа, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн сурагч П.Сумьяасүрэн нарын 700 гаруй шилдэг сурагчид мэдлэг чадвар, ур ухаанаа сорьж өрсөлдснөөс эхний таван байрт шалгарсан сурагчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж 150,000-250,000 төгрөгөөр мялаалгав.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.5.198.21 / -
Зочин / 54.173.35.129 / -
Зочин / 54.173.35.129 / -
Зочин / 54.173.35.129 / -
Зочин / 54.173.35.129 / -