Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Багш дор мөргөмү

/Тэмдэглэл/

Энэ бол Завхан аймгийн Идэр суманд жил бүр уламжлал болон зохиогддог Ардын Гэгээрлийн Тэргүүний Ажилтан Лутын Лхагважав багшийн нэрэмжит эх хэлний олимпиадын нэр бүлгээ. Тус олимпиад нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх хэлний мэдлэг, чадварыг гүнзгийрүүлж, цэвэр сайхан бичиж, ярих, монгол хэл уран зохиолын анхан шатны болон мэргэжлийн багш нарын ур чадварыг дээшлүүлэн, сургууль багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлж харилцан суралцах нөхцөлийг бүрдүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Наймдахь удаагийн эх хэлний олимпиад арван долдугаар жарны төмөр туулай жилийн зуны тэргүүн, харагчин могой сарын шинийн нэгнээс гурванд (2011 оны 05 сарын 4-6) тохиож, Идэр голын хөвөөнөө Завхан аймгийн бүх сум, Хөвсгөл аймгийн Жаргалан сумаас ирсэн сурагч багш нарын оюуны баяр, эрдмийн наадам боллоо.

Тус олимпиадыг Идэр сумын ахмад багш Лу.Лхагважав санаачлан зохион байгуулж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Лу.Лхагважав багшийн шавь “Шинэ Азиа” группын ерөнхий захирал, “Лхагважав сан”-гийн тэргүүн Л.Төрбаяр эх хэлний олимпиадын үйл ажиллагаа, зохион байгуулалт, шүүгч оролцогчдын бүрэлдэхүүн, шагналын сан зэргийн санхүүг бүрэн хариуцан Завхан аймгийн багш сурагчдын оюуныг үнэлэн, урмыг хөгжөөх ариун үйлсэд хамт олноороо оролцдог болжээ.

“Багш дор мөргөмү” эх хэлний олимпиадын үйл ажиллагаанд оролцохоор таван сарын 02- ны өглөө “Шинэ Ази” группийн ерөнхий захирал Л.Төрбаяр, мөн группийн хэвлэл мэдээллийн албаны дарга, яруу найрагч Б.Батхүү, эрдэмтэн зохиолч Д.Урианхай, Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат Багш Д.Галбаатар, яруу найрагч А.Мягмаржав, Н.Гантулга, доктор, профессор Д.Баттогтох, Монгол Улсын Гавьяат Багш Ё.Эрдэнэцэцэг, “Хүмүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа, “Шинэ Ази” группийн улс аймгийн цолтой бөхчүүд, чадварлаг залуусын хамт мөхөс бие бээр Улаанбаатар хотоос Завхан нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

Идэр сумын нутагт 03-ны өдөр аяны дөрөө мулталж, хэсэг амраад олимпиадын бэлтгэл ажилдаа орлоо. Бид хотоос явахдаа шалгалтын материал, тестээ бэлдэж, хувилж бэлдсэн хэдий ч олимпиадад оролцогчдын тоо өмнөх жилээс даруй 3 дахин нэмэгдсэн байв. Нийт 2200 орчим сурагч, 70 гаруй багш оролцож, мэдлэг чадвараараа уралдсан юм.

Олимпиадын шагналын сан одоогийн байдлаар Монгол улсад зохиогдож байгаа ижил төрлийн уралдаантай харьцууламгүй өндөр тул багш сурагчдын идэвх их байгаа нь тодорхой юм. Тухайлбал:

I-IV анги:

I Байр - алтан медаль, 40 000,

II байр - мөнгөн медаль, 30 000,

III байр - хүрэл медаль, 20 000 төгрөг

Тусгай байр 2 тус бүр – 10 000 төгрөг

VII-IX анги:

I байр - алтан медаль, 50 000,

II байр - мөнгөн медаль, 40 000,

III байр - хүрэл медаль, 30 000,

Тусгай байр 2 - тус бүр 15 000 төгрөг

Х-Х1 анги:

I байр - алтан медаль, 60 000,

II байр - мөнгөн медаль - 50 000,

III байр - хүрэл медаль - 40 000 төгрөг тус бүр.

Тусгай байр 2 - тус бүр 20000төгрөг

Мэргэжлийн багш нар:

I байр - алтан медаль, 1 000 000 төгрөг

(20 цэн мөнгө, 1 цэн алтаар монгол дархны урласан нэг сая төгрөгийн өртөгтэй эрдэнийн тэмдэг)

II байр - мөнгөн медаль, 500 000 төгрөг

III байр - хүрэл медаль, 300 000 төгрөг

Анхан шатны багш:

I байр - алтан медаль, 400 000 төгрөг

II байр - мөнгөн медаль, 300 000 төгрөг

III байр хүрэл медаль, 200 000 төгрөг

Баг (I-X ангийн сурагчид, анхан шатны болон мэргэжлийн багш оролцсон 13 хүний бүрэлдэхүүнтэй) Тэргүүн байр - цом, 1 000 000 төгрөг /Нэг сая төгрөг/

Эссэ бичлэг:

I байр - алтан медаль, 200 000 төгрөг

II байр - мөнгөн медаль, 100 000 төгрөг

III байр - хүрэл медаль, 60 000 төгрөг

Зөв сайхан бичигтэн:

I байр - алтан медаль, 300 000 төгрөг

II байр - мөнгөн медаль, 200 000 төгрөг

III байр - хүрэл медаль, 100 000 төгрөг

Нийт шагналт болон тусгай байрт шалгарсан оролцогчдыг “Хүмүн бичиг” сонины бүтэн жилийн захиалгын эрх, “Хүмүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяагийн “Өвс мэхийх дорно” ном, Монголын радиогийн редактор Г.Болормаагийн өгүүллэгийн түүвэр CD- гээр хөхүүлэн шагнасан билээ.

Олимпиадын 1-V ангийн шалгалтын тестийн материалыг Монгол Улсын Гавьяат Багш Д.Дашдолгор, дунд ахлах анги, багш нарын шалгалтын материалыг сурганы ухааны доктор, профессор Д.Баттогтох, Гавьяат Багш Ё.Эрдэнэцэцэг, “Хүмүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа мөн би бээр оролцон боловсруулсан юм.

Энэхүү олимпиадыг санаачлагч Лу.Лхагважав багшийн хүсэлтээр монгол бичгийн асуултыг нийт сорилын 50 орчим хувьд багтаан оруулсан нь эх хэл, бичиг соёлоо дэлгэрүүлэх гол зорилгодоо таацуулсан хэрэг болой. Ялангуяа мэргэжлийн болон анхан шатны багш нарын материалын монгол бичгийн хэсэгт таталган, барын бичвэр унших даалгавар бий. (Ерөнхий боловсролын сургуулийн бага ангид монгол бичгийн хичээл заахгүй байгаагаас улбаалан анхан шатны багш нарын монгол бичгийн чадвар саарсан мэт сэтгэгдэл төрж байсныг нуух юун.). Мунхаг би бээр энэхүү олимпиадын талаар онцлон дурдаж уншигч таны цагийг үрж байгаа нь:

нэгдүгээрт, уншигч олонд хөдөө орон нутагт эх хэл бичгийн чансаатай уралдаан тэмцээн зохиогддог талаар мэдээлэх,

хоёрдугаарт, олимпиадад оролцсон багш нартай уулзан, санал солилцон, цаашид анхаарах зүйлийн талаар ярилцах цаг хугацаа шүүгчдийн бүрэлдэхүүнд гараагүй тул “Багш” сониноор уламжлан өөрийн саналаа зүрхлэн сонордуулах зорилготой билээ.

* Уран зохиол, утга зүйн нэр томъёог андуурч тодорхойлох тохиолдол их гарч байна.

* Уламжлалт болон өвөрмөц бичлэгтэй үг, гадаад нэр томъёо, оноосон нэрийг зөв бичих чадварыг дээшлүүлэх зорилгоор хөрвүүлэгтэй адил оноотой даалгавар оруулсан боловч харамсалтай нь бүгдийг зөв бичиж оноогоо бүтнээр нь авах хүн ховор байсныг нуух юун. Тухайлбал “буй за, үрэл, оюу, гэнэт, махбод, энэрэл, Еншөөбүү, европ, профессор, бакалавр” зэрэг үгс орсон болно.

*Шалгалтын даалгаврыг анхааралтай уншаагүйгээс даалгавраа буруу гүйцэтгэн оноо хасагдах тохиолдол олон байлаа. Тухайлбал “Татлан бичгийг уншаад монгол бичигт хөрвүүл” гэсэн хэсгийг криллээр бичсэн байв.

* Сонгодог бичгийн өмнөх үеийн барын бичвэрийг уншихдаа сонгодог бичгийн үсгийн дүрмийг баримтлан уншиж алдаа гаргах нь их байлаа. Тухайлбал “гавал мэт” гэсэн үгийг “хэвэл мэт”, “түүн бээр” гэснийг “дүүгээр”, “үзэгтүн” гэснийг “үзэгдэн” гэж унших зэрэг нийтлэг алдаа байсныг дурдах хэрэгтэй юм.

* Жил жилийн монгол бичгийн нэг даалгавар бол “Ертөнцийн гурав”-ийн үгийг нөхөж бичих байдаг. Олимпиадад оролцогчдын цөөнгүй хэсэг нь үүнийг бичилгүй 1.5-2 оноо алдах нь бий.

Олимпиадад оролцогчдын гаргасан дээрх нийтлэг алдааг эс тооцвол Завхан нутгийн багш, сурагчдын

* Зохион бичлэг, эсээ бичихдээ монгол хэлний зөв бичгийн дүрмийн алдаагүй, цэвэр сайхан бичдэг,

Монгол бичгийн зөв бичгийн дүрмийн алдаа олох дасгалыг бараг бүх оролцогч зөв хариулсан,

* Хэлц үгийн утга тайлбарлах болон эхийн санааг илэрхийлсэн хэлц үг олох зэрэг даалгавраа сайн гүйцэтгэж байсан,

* Эхийн задлал сайн хийдэг зэрэг чадварыг магтах нь зүйтэй юм.

Энэ жилийн эх хэлний олимдиад ХААН банкны Дэд захирал Д.Батсайханы нэрэмжит Математик, “Этүгэн” дээд сургуулийн нэрэмжит Химийн олимпиадтай таширласан хөл ихтэй, шагналын хуртай байснаас гадна тухайн олимпиадад амжилт гарган байр эзэлсэн багш нарыг Завхан аймгийн Боловсрол Соёлын Газрын Дарга хатагтай М.Алтанцэцэг нэг сарын цалингаар шагнахаа амласан нь багш нарын оролцоог дэмжих хөшүүрэг болж чадсанд эргэлзэхгүй байна.

Дараа жилийн наадмаар даагаа нэхэх оролцогчдын мэлмий оюуныг мялааж, ухаант сурагчдаа урмаар тэтгэдэг багш нартаа амжилт хүсье!

“Ноёд хэмээнэ нутаг зуурхандаа хүндтэй Номтой багшийн шавь нар нутаг бүхэнд хүндтэй”

Ө.Оюунхүү

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.179.11.70 / -
энэ олимпиад маш өргөн хүрээтэй болдог юм билээ. Бас олон талын мэдлэг шалгаж байгаа нь чансааг илтгэж байгааг хэлмээр ...ялангуяа монгол бичгийн асуулт 50 хувь орсон нь үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэхэд их хөшүүрэг болох юм шүү.Мэдлэг чадвар шалг
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 5.188.211.22 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.134 / -